Эвхдэг хэлбэрт шилжсэн монгол гэр

9-р сарын 28, 2018 10:30 am Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 34
9-28-5й7

Ц.МЯГМАРБАЯР

“Гэр барих хуучны уламжлалаа Халимагт сэргээж байна” нэртэй нийтлэлийг уншаад өөрийн эрхгүй харамын сэтгэл төрсөн юм. Хэдийгээр Буриад, Халимаг зон олон монголчууд бидний ах дүүс ч гэлээ бид л монгол гэрээ эртнээс нааш  уламжилж ирсэн ур, хийцийг нь алдагдуулахгүйгээр үр хойч үедээ үлдээх ёстой. Тиймээс манай дархчууд, мужаан нар монгол гэрээ хэрхэн хийж, зах зээлд нийлүүлж буй  талаар сурвалжилсан юм.

ГААЛИЙН ТАТВАР ӨНДӨР УЧРААС БУРИЯД, ӨВӨРМОНГОЛД ГЭРЭЭ ГАРГАЖ ЧАДДАГГҮЙ

 9-28-5й1

Монголын архитектурын хөгжилд Монголчуудын үндэсний гэр асар их үүрэг гүйцэтгэжээ. Улсын хэмжээнд 20 орчим иргэн, аж ахуйн нэгж гэр болон үндсэний хэв маяг шингээсэн төрөл бүрийн асар, майхан үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буйг ХХААХҮЯ-наас мэдээлжээ. Нарантуулын гэр зардаг чингэлгүүдээр очиход 2-12 хүртэл ханатай их, бага төрөл бүрийн гэрийг зэрэгцүүлэн тавьсан байв. Сийлбэртэй, сийлбэргүй, будагтай, будаггүй, хананы тооноос  шалтгаалаад 650 мянгаас 25 сая хүртэл төгрөгийн үнэтэй байв. Хурим найрын цаг болсон болохоор гэрийн борлуулалт сайн байна. Гэхдээ бага ханатай хямд гэр илүү борлогдож байгаа тухай мужаан Д.Батдорж хуучилсан. Зөвхөн хурим найрын, цаг мөн төсөл хөтөлбөрийн хүрээнд болон уул уурхайн компани, цэцэрлэг, жуул­чины бааз, хувь хүмүүс захиалгаар нийлүүлж илүү гарснаа ийнхүү зах дээр борлуулдаг юм байна. Нарантуул захад 40 орчим чингэлэгт гэр худалдаалж байна. Худалдагч нар “ Манайхан гэр авдаггүй. Харин Бурияд, Өвөрмонгол иргэд авах сонирхол их байдагч гаалийн татвар өндөр учраас сүүлийн үед бараг аваагүй. Хил гаалиар гаргахад дор хаяж нэг гэрээс  600 орчим  мянган төгрөгийн татвар авдаг. Өөрийн өртөгөө нэмэхэд бага ханатай  энгийн гэр хоёр сая төгрөг болно. Хийц, сийлбэр, чанар гээд яривал 5-6 сая төгрөг.Тиймээс сүүлийн үед буриядууд өөрсдөө гэр хийдэг болсон гэж байв. Түүнчлэн зах зээлд модны үнэ нэмэгд­сэнтэй холбоотой бүтээг­дэхүүний үнэ нэмэгджээ.

ТЭМЭЭНИЙ ХЭРИЙН УРТТАЙ ХАНАН ГЭРИЙГ ПРУСС МАШИНЫ ТЭВШИНД ТААРУУЛЖ ЭВХДЭГ БОЛГОЖЭЭ

 9-28-5й2 9-28-5й3

 “Аянчин” эвхдэг гэр хийх санаагаа нэлээд олон жилийн өмнө “Хөглөг Алтайн жавхаа” нэртэй баримтат киноноос олсон юм. Энэ кинонд аавын минь бүтээсэн отрын зуухыг малчид хэрэглэж байгаа тухай гардаг. Оторт авч явах зориулалттай, эвхчихээр гар цүнх шиг хэмжээтэй болчихдог зуух байсан л даа. Аавынхаа хийсэн зуухыг зурагтаар хараад, түүнтэй адил эвхдэг сандал, тавиур, эвхдэг гэр бүтээж болох юм байна гэсэн бодол төрсөн. Түүнээс хойш хэрхэн, яаж хийх төлөвлөгөөгөө гаргаж, хэрэгжүүлэх гэж явсаар өнөөдрийг хүрсэн.

Монгол гэр бүтээх уламжлалт технологи гэж бий. Энэ технологи нь өөрчлөгдөхгүй их удсан. Морь, тэмээнд ачаад нүүчихдэг болохоор технологийг нь өөрчлөх ч хэрэггүй байсан. Гэтэл өнөөдөр цаг үе, нийгмийн байдал өөрчлөгдөж, тэр хэрээр хүмүүсийн амьдрал ахуйд өөрчлөлт орж байна. Тиймээс суудлын тэрэгний тээшинд багтахуйц хэмжээтэй хэрнээ уламжлалт бүтэц, хэлбэрээ хадгалсан гэр хийхээр зориг шулуудсан” хэмээн ярих энэ хүнийг “Аянчин” эвхдэг гэрийн зохион бүтээгч Дархандаваагийн Батсуурь гэдэг. Тэрээр ярихдаа монгол гэрийн бизнес хийж буй олон хувь хүн байна. Гэхдээ монгол уламжлал, ур хийцийг нь алдагдуулахгүйгээр орчин үед нийцсэн  гэр үйлдвэрлэж хойч үедээ үлдээх  нь чухал. Түүнээс биш монгол гэрийг өөрчлөх ямар ч үндэслэл байхгүй.Тиймээс л жижиг болгож эвхэгддэгээр хийх санааг олсон юм. Гэрээ эвхдэг болгохын тулд долоо хэмжиж нэг огтолно гэдэг болсон гэж байлаа. Гэрийн хаалга дөрвөлжин болохоор хамгийн амар байсан. Харин тооно дугуй учраас нэлээн бодсоны эцэст 16 хэсэг тоосго шиг  хуваасан. Хамгийн хэцүү нь хана. Монгол гэрийн хана хэвтээгээр дугуйрч залгагдаг бол миний хийсэн хана  давхарлаж залгагддаг.

9-28-5й4

Эвхэхээр нэг метр хэртэй болдог. Ялгаагүй 3-5 ханатай. Хана, тооно, унь, хаалга бүгд сураар үдэгдсэн. Харин униагаа угсардагаар хийсэн. Барихдаа  яг л монгол гэр барих дарааллаар 30 минутад барьдаг. 70 орчим кг жинтэй. Машины тээшинд аваад явах боломжтой. Нэг онцлог нь эвхдэг гэр намхан болчих гээд байдаг. Тэгэхээр зайтай өндөр болгохын тулд ханыг нь давхарлаж өгсөн нь тийм учиртай. Миний гол санаа хананд л шингэсэн. Хэн нэгэн дуурайж хийлээ гэхэд анхны санаа нь оюуны өмчөөр баталгаажсан учраас тэр хүн олноор үйлдвэрлэх боломжгүй. Миний санаагаар Хятадад ийм гэр хийе гэдэг би зөвшөөрдөггүй. Харин ирээд энд хийгээч гэдэг юм. Гэхдээ би монголдоо л хийх сонирхолтой. Энэ миний хобби. Миний аав ДарханДаваа Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат. Шинэ бүтээл олныг гаргаж, хүмүүст хэрэгцээтэй олон зүйл хийсэн. Аавын маань багш Монхооног гэдэг алдартай дархан байсан. 1930-1940 оны үед Алтай нутагтаа төмөр савыг пааландсан, орос цэргүүдийн явж өнгөрөхдөө хаясан манвелиэр буу хийсэн, тэр бууныхаа гол төмрийг салхины хүч ашиглан өрөмдөж байсан, 12 түлхүүртэй цоож, уламжлалт бус аргаар эсгий хийсэн гээд түүний тухай аав маань олон сонирхолтой зүйл ярьдаг байсан. Монхооног дарханы тухай яриаг сонсч, аавынхаа хийж буй бүтээлүүдийг харж өссөн болохоор би өөрийн эрхгүй ийм сонирхолтой болчихсон. Одоогоор “Аянчин” эвxдэг гэрийг Япон, Франц, Итали, Чех, Канад зэрэг хэд, хэдэн улсын хувь хэрэглэгчид худалдан авсан бол сүүлийн үед гадаадад байгаа монголчууд эх орондоо  байгаа мэт амьдардаг болохын тулд авч эхэлсэн гэнэ. Харин  гаалийн татвар өндөр учраас хоёр хөрш руу гаргах боломжгүй аж. Гэтэл  гуравдагч оронд гаргахад татваргүй тухай тэрээр хуучилсан. Эднийх одоогоор жилд 30 орчим эвхдэг гэр экспортод гаргаад байгаа юм байна. Харин энгийн уламжлалт гэрийг тээвэрлэхэд хүнд учраас гадаадынхан тэр бол­гон авдаггүй. Хоёр хөршийн хэрэглэгчдэд гэрээ хүргэж чадахгүй бо­ло­хоор тэд өөрсдөө хийж эхэлсэн байна. хам­гийн гол нь гэрийн уламж­лалыг алдагдуулж бо­л­охгүй гэдгийг тэрээр онцлон анхааруулж байлаа.

9-28-5й5

9-28-5й6

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *