Эсрэг тэсрэг байр суурь

11-р сарын 9, 2017 8:10 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 11
11-9-3

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2017 оны Төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэх товтой байна. Энэ  асуудлаар болон 2018 оны  төсвийн төсөл, ЖДҮ-ийг дэмжих санд байршуулах 100 тэрбум  төгрөгийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Дамба-Очир нарын байр суурийг сонслоо.

Д.Дамба-Очир: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ЭНЭ БАЙДЛААРАА ХЭРЭГЖЭЭД ЯВНА

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байна.  Тэдний өмнө хүлээсэн үүрэг гэж бий.  Цалин нэмэх асуудлыг гэрээнд тусгаагүй. Тэгэхээр цалин нэмэхгүйгээр  Төрийн албан хаагчдад нэг удаа тэтгэмж олгох асуудлыг буруу гэж бодохгүй байна.  Харин ирэх жилээс   ОУВС-тай ярилцаж байгаад цалин нэмэх асуудлыг оруулж ирэх нь зүйтэй болов уу. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй юм билээ.

Ерөнхийлөгчийн хориг дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хоригийг дэмжихгүй байгаа.  Төрийн ажлыг явуулахгүй бол дараагийн ажлууд хүлээгдэж байна.  Төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах хуулийн хугацаатай.  Төсвийн тодотгол одоо хэрэгжээд явж байх учиртай. Гэтэл төрийн бүх ажил гацчихаад байна.  УИХ-ын чуулган утга учраа алдлаа.  Томилгоо эсвэл хориг ярьдаг ийм л газар болж хувирлаа. Тиймээс  бүлгийн гишүүд, байнгын хороодын гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурь дээр нэгдсэн.  Тодотгол хэрэгждэгээрээ хэрэгжээд явна.   Гэхдээ эдийн засаг сайжирч хөрөнгө оруулалт орж ирж байгаа юм чинь цалин нэмэх асуудлыг ирэх онд ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ гацаах биш хэрэгжүүлээд явах нь зүйтэй байх.

Ирэх оны төсөв дээр лицензээс татвар авах тухай асуудлыг ярьж байна?

-Нэг зүйл дээр би хатуу байх суурьтай байна.  Өргөдөл нэрийн дор лиценз авдаг дээрээс нь нэг нэгэндээ зардаг, шилжүүлдэг энэ асуудлыг болих хэрэгтэй. Ил тод байлгах шаардлагатай.  Гэхдээ гадныханд хэдэн лицензээ алдчихгүйн тулд тавигдах шаардлагыг өндөрсгөмөөр байна. Газрын асуудал бас яригдлаа. Улаанбаатарынхан эсэргүүцээд байна гэсэн. Яахаараа тэгдэг юм. Дуудлага худалдаанд оруулаг л дээ.  Үүнийг ил тод хариуцлагатай л болгох шаардлагатай байна.

Танай  намын  бүлгээс  ЖДҮ-ийг  дэмжих  санд  100 тэрбум төгрөг төсөвлөх санал гаргасан байна лээ.  Энэ нь гишүүдэд хуваарилсан мөнгө байж магадгүй гэсэн хардлага бий?

-Гишүүдийн мөнгө гэж байхгүй. ЖДҮ-ийг дэмжих санд 40 гаруй тэрбумыг төсөвлөсөн байна лээ. Энэ нь зориулалтаараа зарцуулагдаад явна.

Б.Пүрэвдорж: ТӨСВИЙН ЗАРЛАГА 499 ТЭРБУМААР НЭМЭГДЭЖ ОРЖ ИРСЭН

Ерөнхийлөгчийн хоригийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. 2017 оны Төсвийн тодотголд хууль дээдлээгүй зүйл заалт олон байна гэж  үзсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ерөнхийлөгч хориг тавьсан үндсэн шалтгаан бий. Төсөвт тодотгол хийнэ гэдэг тухайн жилийн төсвөө улам сайжруулахыг хэлж байгаа. Гэсэн ч тодотголд өмнөх Засгийн газар хоноцын сэтгэлээр хандсан байна. Үүнийг нь шинэ Засгийн газрын нөхдүүд жаахан өөрчлөөд оруулж ирсэн. Тодотголыг ДНБ-ий 9.9 хувь буюу 2.7 их наядын алдагдалтай баталсан нь өөрөө түүхэнд байгаагүй хамгийн өндөр алдагдал болж байна. Энэ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалд сөрөг нөлөө авчирна. Ард түмэн, албан байгууллагууд эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг хуруу хумсаа  хуйхлан байж даван туулж байна. Татвараа төлж байна. Гэтэл тэгж  орж ирсэн мөнгийг эрх баригчид гарын салаагаараа урсгадаг ийм тогтолцоо байж болохгүй.

Зарлага ихтэй орж ирсэн гэсэн шүүмжлэлийг танай намын бүлгээс гаргаж байсан?

-Төсвийн тодотголын зарлага 499 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орж ирсэн. Энэ дотор асуудалтай зардал олон байна. Төрийн албан хаагчдад олгох тэтгэмж гэж 55 тэрбум төгрөг оруулсан. Мөн нэг компанид барилгын цогцолбор худалдаж авахад 20 тэрбум төгрөг  тавьсан байх жишээтэй. Дээр нь дарга нар авто машин худалдан авахад хоёр тэрбум, дарга нарын өрөө  тасалгаа тохижуулахад дөрвөн тэрбум зэрэг үрэлгэн зардал их байна. Мөн хөхөө өвлийн хүйтэн болсон, цас орсон байхад шинэ бүтээн байгуулалтад 160 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Ийм байдлаар Төсвийн тодотгол орж ирж байгаад харамсаж байна. Ганц гялтайх зүйл байгаа нь хүүхдийн мөнгөний асуудал л байна. Бид ирэх жил нийтдээ 600 сая ам.долларыг Чингис бондод төлөх ёстой. Энэ төлбөрийг дахиж  бонд гаргаж төлөх биш дотоод нөөц бололцоогоо ашиглаж  төлсөн бол нэгдүгээрт манай нэр хүнд олон улсын санхүүгийн зах зээл дээр өсөх байлаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно. Харамсалтай нь төр засгийн удирдлагууд тэгж ажиллаж чадсангүй.

МАН-ын бүлгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 100 тэрбум төгрөг төсөвлөх санал гаргасан байна лээ. Энэ санд 72 тэрбум төгрөг Тодотголд тусгасныг сангийн сайд гишүүдэд хуваарилсан мөнгө гэсэн нэрээр  хассан. Гэтэл дахиад нэмэгдээд орж ирж байгаа нь нийгэмд хардлага төрүүлж байна?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд мөнгө хуваарилах нь зүйтэй. Тодотголоор 72 тэрбум төгрөг орж ирээд  хасагдсан байгаа. Гэхдээ энэ тодотголыг харахад дарга нарын  зардлыг илүү нэмчихээд байна. Энэ сангийн мөнгө жинхэнэ бизнес хийж байгаа хүнд очих нь зүйтэй болохоос биш хэн нэгэн сайдын лоббигоор өөр зүйлд зарцуулагдаад алга болчихвий. Энэ дээр хяналт тавьж ажиллах нь зүйтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *