Эсрэг, тэсрэг байр суурь

12-р сарын 1, 2015 9:39 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 54
12-1-3

Б.ЗАЯА

Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргаад буй. Уг дүгнэлтэд Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Уг асуудалд Үндсэн хуулийн цэц болон ШЕЗийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы тайлбарыг хүргэе.

ҮХЦ: Иргэний үндсэн эрх алдагдсан

Шүүх байгуулах тухай хуулийн нэгдүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, хоёрдугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд аймгийн болон дүүргийн гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Үндсэн хуулийн 48.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. Мөн Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдрийн нэгдүгээр тогтоолд заасан Үндсэн хуулийн зөрчил арилаагүй байгааг Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтэд дурдсан байна. Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлтээрээ Шүүх байгуулах тухай хуулийн 1.1 иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 1.2 эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2.1 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, 2.2 дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Т.Мэндсайхан: Шүүхийг дахин байгуулвал 11.3 тэрбум төгрөг шаардлагатай

Шүүхийн тогтолцоог шинэчлэх шаардлага нь шүүхийг тодорхой хэмжээнд хэрэг маргааны ачаалалтай нь уялдуулах, нөгөө талаар шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулах нь шүүхийн үйлчилгээг илүү сайн хүргэх ач холбогдолтой юм. Түүнээс гадна анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хоорондын хэргийн ачаалалттай холбогдуулан зөв харьцааг тогтоох, дээр нь орон нутгийн төвшинд шүүхийн үйлчилгээг жигд хүргэх, хүн амын болон янз бүрийн хэрэг маргаан гарч байгаа нөхцөл байдлыг харгалзах гээд олон шалтгаан байсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэцээс хоёр дахь удаа шүүхийн шинэчлэл, ялангуяа бүтэц тогтолцооны хувьд Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн шийдвэр гаргалаа. Ингэснээр нэгд, шинэ бүтэц зохион байгуулалтад ороход хамгийн багадаа 11.3 тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал ирэх онд гарна. Давж заалдах шатны шүүхэд 98 шүүгч шинээр авах шаардлагатай болно. Зөвхөн Багахангай дүүрэгт гэхэд шүүх байгуулж ажиллуулахад жилд 980 сая төгрөг зарцуулах тооцоотой байна. Гэтэл тус дүүрэг 3000 хүн амтай, хэрэг маргааны шийдвэрлэлт бага. Ийм байдлаар зарим орон нутагт ачаалал бага. Аймаг бүрт шүүх байгуулахад шүүн таслах ажил нь бага учраас шүүгч зэвэрдэг. Тэгээд ч эдийн засгийн хувьд үр ашиггүй байгаа юм. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нар нь аймагт бүрт очоод хэрэг маргааныг шийддэг хувилбарыг сонгож, УИХаар дэмжигдсэн. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Цэцийн дүгнэлтийг УИХ ахиад хэлэлцээд хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар дахин орох ёстой. Бид түүнийг хүлээж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *