“Есдүгээр сарын 1”-нийг зурсан анхны хичээл

9-р сарын 2, 2014 9:12 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 1632
Дэлгүүрт юу авахаа мэдэхгүй гайхаж зогсоо охиноо “За өнөөдөр л эрхлүүллээ шүү.

Б.СОЛОНГО

Дэлгүүрт юу авахаа мэдэхгүй гайхаж зогсоо охиноо “За өнөөдөр л эрхлүүллээ шүү. Маргаашаас сургуульд орж, том болж байгаа хүүхэд ингэхгүй” гэж өчигдөрхөн загнасан юм. Харин өнөөдөр  цагаан туузаар үсээ гоёод, дугаарлан байж авсан дүрэмт хувцсаа өмсөөд, барбитай, китти мууртай гоё өнгөтэй цүнхнүүд рүү нүд нь унаад байсан ч “Ямар цэцэрлэгийн хүүхэд биш дээ. Эрээн алаг юм битгий авчихаарай” гэсэн ээжийнхээ захиасыг дагаж сонгосон биед эвтэйхэн үүргэвчээ үүрээд охин минь сургуулийн босгоор алхлаа. Сургуульд орохоороо хийнэ гэсэн амлалт миний охинд олон бий. Аавын өврөөс гарч, дүүгээ тэвэрч унтдаг болно, ээждээ бантангийн гурил багсарч өгдөг болно гээд л.  Харин хичээлийн шинэ жилийн нээлтийн тоглолтыг сониучирхан үзэж зогсоо бяцхан охиноо сургуульд орохоос нь өмнө, өөрөөр хэлбэл том болохоос нь өмнө хангалттай хайрлаж, эрхлүүлж чадсан уу гэсэн асуулт энэ л өглөө толгойд орж ирсэн юм. Гартаа барьсан баглаа цэцэг нь хүмүүсийн дунд хавчуулагдчих гээд байн байн илж үзэх бяцхан жаалуудын аав, ээжүүдэд бас л ийм бодол төрсөн байх даа. Хүүгийнхээ, охиныхоо хүүхэд насыг сургуулийн сурагч болсныг илтгэх томдсон цүнхнээс нь харамлах хармын сэтгэл ч юм шиг.

Есдүгээр сарын 1-ний өглөө бүр шинэ байдаг. Энд тэндгүй шинэхэн хувцсаар гангарсан хүүхдүүдийн цовоо дуу хадаж, найзыгаа, багшийгаа, сургуулиа санасан сурагчдын яаран алхах дүр зураг. Дунд, ахлах ангийнхан хичээлийн жилийн нээлтийн ажиллагааг төдийлөн сонирхохгүй сургуулийн өнцөг буланд хоёр гурваараа бөөгнөн зогсож, зуны амралтын сонин сайхнаа ярилцана. Харин аав, ээжийнхээ гараас тас атган зогсох зургаан настнуудад нээлтийн ажиллагаа тун ч сонирхолтой байгаа бололтой. 

Энэ жил 60 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэж байгаа юм. Яг ижилхэн машины зурагтай цүнхээ нэг нэгэндээ харуулах хоёр жаал, зүүлтнийх нь цэцэг уначихаад урвайж зогсох охин, “Ундаа ундаа” гэж ээжийнхээ хормойноос татах бяцхан залуу. Харин эцэг, эхчүүдийн хувьд ангийнхаа дугаар бүхий самбарыг гартаа атган сурагчдаа бөөгнүүлж байгаа багш л чухал байлаа. Багшийг алдахгүй харж, олны дунд төөрөлгүй шиг хүүхдээ оруулчих гэсэндээ тэр.  Удалгүй нээлтийн ажиллагаа дуусч, анхны хичээлийн алтан хонхыг дуугаргаснаар 11 дүгээр ангийн ах, эгч нар нь бяцхан жаалуудыг нэг бүрчлэн хөтөлж ангид нь оруулав. Ялимгүй өндөрдсөн модон ширээний ард хоёр хоёроороо эгнэн суугаад аргагүй л том хүүхэд болсон гэсэн шиг аав, ээжийгээ баяртай гэж даллана. Эцэг, эхчүүд ч хоргодон байж хүүхдүүдээ орхиж гараад, хаалганых нь завсраар шагайж шагайж тарцгаалаа.  Зургаан настнуудын анхны өдрийн хичээл “Есдүгээр сарын 1” гэсэн сэдвээр зурсан зураг байжээ.

 

Хүүхэд бүр зургийн дэвтэртээ анх удаа үзсэн есдүгээр сарын 1-ний энэ өдрийг дүрслэн зуржээ. Харин багш нь улаан балаар таван хошуу зуран, мөн л анхных нь үнэлгээг өгчээ. Сургуулийн хүрэлцээ, багтаамж тааруугаас хичээл нь гурван ээлжээр ордог болсон. Зургаан настнуудын хичээлийн хугацаа гурван цаг. “Ээж ээ сургууль чинь гоё юм байна аа. Жимсний шүүс өгсөн. Бас боорцог өгсөн”, “Би багшийнхаа нэрийг цээжилж амжаагүй юм байна. Уг нь хоёр найзтай болсон. Нэг нь хажууд суудаг. Нөгөөх нь урд талд суудаг. Гэхдээ нэрийг нь бас л цээжлээгүй”, “Багш маргаашаас хичээлийн дундуур бие засах газар луу явж болохгүй гэсэн”, “Өнөөдөр гэрийн даалгавар өгсөн үү гэж үү. Өгсөн юм уу ээжээ”. Сурагч болсон анхны өдрийнхөө тухай тэд ингэж шулганасаар л гарч ирсэн юм. Жил жилийн есдүгээр сарын 1 хүүхэд бүрийн баярын өдөр. Өнгө өнгөөр гэрэлтсэн алаг үрсдээ амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *