“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт 2-12 насны хүүхдүүд хамрагдана

9-р сарын 27, 2018 9:34 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 67
9-27-5

Р.ОЮУН

Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байна. Улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байна. Шүдний цоорол нь чих, хамар, хоолойн үрэвсэл, эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлийн шууд болон хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болдгийг эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хөтөлбөр нь 2019-2023 онд хэрэгжих бөгөөд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалт болон цоорлыг эрчмийг бууруулах зорилготой ажээ. Хөтөлбөрийн хүрээнд шүд цоорох өвчнийг тууштай бууруулахад чиглэсэн шүд, амны хөндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлд төлөвшүүлэх, 2-12 насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

 

НЭГХҮҮХЭД 144-240 МЯНГАНТӨГРӨГИЙНЭМЧИЛГЭЭХИЙЛГЭДЭГ

 

Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээнийн өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн найман шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд улсын эмнэлэгт 144 мянга, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж 8-24 удаа үзүүлэх шаардлага гардаг. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын 15-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2018-2022 онд 37 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ санхүүжилтийг улсын төсөв болон гадаадын зээл тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, бусад эх үүсвэрээс хангана гэжээ.

Өнөөдөр улсын хэмжээнд 725.600 гаруй 2-12 насны хүүхэд байгаа ажээ. Мөн саяхан НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдийн амны хөндийн өвчлөлийн талаарх судалгаа”-ны дүнг АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн хүүхдийн тэнхимийн эрхлэгч Г.Оюунцэцэг танилцуулсан байна. Судалгааг Улаанбаатар хотын есөн дүүргийн 1190 хүүхдийн дунд явуулахад 86 хувь нь шүд цоорох өвчтэй, шүд цөөрөх өвчний эрчим нь 6.2 буюу ДЭМБ-ын шалгуураар үнэлэхэд өндөр төвшинд гарсан байна. Мөн 44 хувь нь шүд, эрүү нүүрний гажигтай гэж гарчээ.

 

“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

 

Өнгөрсөн наймдугаар сарын 15-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Энэ хөтөлбөр нь ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалсан маш чухал үндэсний хөтөлбөр гэж Засгийн газар үзлээ. Өнөөдөр 18 нас хүртэлх хүүхдүүдийн 84-96 хувь шүд цоорох өвчтэй байна. Эдгээр хүүхдийн дунд бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь хэмжээ 67.5 хувьтай байна. Шүд цоорох өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчлөлтүүд улмаар амь насанд аюултай өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Өнөөдөр нөхцөл байдал ийм ноцтой байгаа учир Засгийн газар 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлж 2-42 насны хүүхдүүдээ эрүүлжүүлэх ажлыг хийнэ. Хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхэд хамрагдана. Үүний үр дүнд 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Амны хөндийн эрүүл ахуйг сахих зан үйлийг ард иргэддээ төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажил гол байр суурь эзэлнэ. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд шүдээ угаадаг байх, амны хөндийн эрүүл ахуйг сахих орчныг бүрдүүлж ажиллана. Мөн хүний нөөц, тоног төхөөрөмж, эмнэлгийн боломжуудыг бүрдүүлэх дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн 17 чухал ажлыг хийнэ“ гэлээ.

 

ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ИЖИЛ ҮНЭЭР ҮЙЛЧИЛНЭ

 

Эрүүл мэндийн статистик мэдээллээр улсын хэмжээнд 1049 шүдний эмч ажиллаж байгаагаас 77 хувь буюу 817 нь хувийн эмнэлэгт ажиллаж байгаа ажээ. Тиймээс төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалаар төлбөргүй болон хөнгөлөлттэй ижил үнээр үйлчлүүлэх боломжийг нэвтрүүлэхээр зохион байгуулалттай арга хэмжээг авч ажиллах юм байна. Мөн өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд төрөлжсөн тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний эмч нарын орон тоог шинээр бий болгох ажээ.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн талаар эмч, мэргэжилтнүүд ямар бодолтой байгаа талаар сонирхсон юм.

 

“Мөнгөн дент” шүдний эмнэлгийн эмч Ц.Мөнгөнзул:

ӨГӨӨЖТЭЙ ХӨТӨЛБӨР ГЭЖ БОДОЖ БАЙНА

 

-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм байна. Үүнийг үр өгөөжтэй хөтөлбөр гэж бодож байна. Яагаад гэвэл хүүхдүүд эдийн засгийн хувьд ээж ааваас хамааралтай, өөрсдөө сонголт хийж чадахгүй. Тиймээс эрүүл мэндийн даатгалаар хүүхдүүдийнхээ амны хөндийг эхнээс нь эрүүлжүүлээд явбал үр дүнтэй хөтөлбөр болно гэж эмчийн хувьд найдаж байна.

 

Сүхбаатар аймгийн “Цагаан алт” шүдний эмнэлгийн эмч М.Мөнхтулга:

ХУВИЙНЭМНЭЛГҮҮДИЙГОРОЛЦУУЛАХХЭРЭГТЭЙ

 

-Улсын хэмжээнд шүдний өвчлөл их байгаа болохоор зөвхөн улсын эмнэлэг дангаараа ажиллаад дийлэхгүй. Хувийн олон эмнэлэг байгаа болохоор оролцуулах хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн нэг шүд цоорлоо гэхэд бусад шүдэндээ халддаг. Үүнд бүрэн эрүүлжүүлэлт хийхэд 100-200 мянган төгрөгийн төсөв байхад болно гэж үзэж байна. Монголд урьдчилан сэргийлэлтийг сайн хийх хэрэгтэй. Ялангуяа, сургуулийн эмч, цэцэрлэгийн багш нар хүүхдэдээ шүд угаах, шүдний цоорлыг илрүүлэх ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хүний шүдийг эрүүлжүүлэхээс илүүтэйгээр тухайн хүнд халдвар тараахгүй байх нь чухал байна хэмээн ярьж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *