Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэгүй бол яах вэ?

11-р сарын 8, 2017 8:50 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 6
11-8-10

Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Үнэгүй үйлчилгээ нь хэт их эрэлтийг бий болгож, нийгмийн халамжийн хүртээмжийг бууруулдаг тухай өмнөх дугаарт тайлбарласан билээ. Харин, эрүүл мэндийн тусламж үйл­чилгээ үнэ төлбөргүй бол ямар үр дагавар гарах вэ?

Японд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тодорхой хэмжээний үнэтэй. Өвчтөн шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэж дуусаад нийт эмчилгээний зардлын 30 хувийг (6 хүртэлх болон 70-аас дээш насныхан 20 хувь, 75-аас дээш бол 10 хувь) эмнэлэгт төлдөг. Гэхдээ орлого багатай иргэдийн төлөх мөнгөн дүнд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг.

Өмнө нь Япон улс 70-аас дээш насныхны эмчилгээний төлбөрийг 100 хувь хөнгөлж байсан удаатай. Гэвч энэ нь ямар үр дагавар авчирсаныг энэ дугаарт танилцуулах болно.

Өндөр настаны эмчилгээний зардлыг үнэгүй болгосон гол шалтгаан нь нас явах тусам эмнэлэгт үзүүлэх давтамж нэмэгдэж, зардал их гардаг тул тэтгэврийн мөнгөөр амьдардаг тэднийг санхүүгийн дарамтаас чөлөөлөх явдал байсан юм. Улмаар Японы засгийн газар 1970-аад онд энэ бодлогыг хэрэгжүүлж, зардлыг улсын төсөв болон ЭМД сангаас гаргаж эхэлсэн юм. Энэ үед нийт хүн амын долоо хүрэхгүй хувь нь өндөр настан байсан учраас төсөвт үзүүлэх дарамт их байсангүй.

Эмчилгээний зардал үнэгүй болмогц хамгийн түрүүнд эмнэлгийн хүлээлгийн өрөө өндөр настнуудаар дүүрсэн юм. Настай хүмүүс болсон хойно нүд бүрэлзэх, өвдөгөөр хатгах, арьс загатнах гээд биед нь олон өөрчлөлт гардаг. Уг нь “нас ахиад арга ч үгүй юм даа” гэхээр шинж тэмдэг байлаа ч, эмчид үнэгүй үзүүлээд авъя гэсэн хүмүүс олноор ирэх болов. Өөрөөр хэлбэл эмчилгээний зардал үнэ төлбөргүй болсноор өндөр настнуудын эмнэлэгт хандах эрэлт огцом нэмэгдэв.

Эмнэлгийн хувьд үйлчлүүлэгч олноор ирэх нь сайшаалтай боловч хэт олон болох нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж, осолд орсон юм уу, яаралтай тусламж шаардлагатай иргэдийг хүлээлгэх, цаг алдах асуудал гарч эхэлжээ. Мөн эмнэлгийн хүлээлгийн танхимд өндөр настнуудын урт дараалал үүсч, хүүхэд залуус эмчид үзүүлэхийн тулд олон цагаар хүлээх болсон юм. Уг нь эмнэлэгт биеийн байдал хүнд өвчтөнүүд үйлчлүүлэх ёстой байтал хөгшчүүд эмнэлэгт үзүүлэх нэрийдлээр цугларч, хууч хөөрөх болжээ.

Өндөр настнуудад ч сөргөөр нөлөөлөх болов. Биеийн байдал сайжирч байвал хэвтэн эмчлүүлэх хугацааг аль болох багасгах нь зүйтэй. Гэтэл эмчилгээний зардал үнэгүй болсноор тэд олон хоног эмнэлэгт хэвтэх болжээ. Заавал хэвтэх шаардлагагүй мөртлөө эмнэлэгт хэвтэхийг илүүд үзсэнээр өөр өвчин тусах юм уу, өвчний байдал улам дордох үзэгдэл ч ажиглагдах болов.Үр дагавар нь үүгээр дууссангүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал огцом нэмэгдэж, даатгуулагчдын төлөх шимтгэлийн хэмжээг нэмэхэд хүрсэн юм.

Эцсийн дүнд, өндөр настнуудын эмчилгээний зардлыг үнэ төлбөргүй болгосон энэ бодлого удаан үргэлжилсэнгүй. Дахин хэлэхэд, үнэгүй зүйлд хүн бүр дуртай боловч үнэгүй үйлчилгээ нь  нийгэмд ямар үр дагавар авчирахыг сайтар бодож үзэх хэрэгтэй байдаг. Япон улс ч нийгмийн хамгааллын буруу бодлого хэрэгжүүлж байсан түүхтэй. Үүнтэй адил алдааг Монгол Улс гаргахгүй байх талаас нь манай төсөл зөвлөмж өгч, туршлагаасаа хуваалцаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *