Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Монгол, Францын эмч мэргэжилтнүүдтэй уулзав

10-р сарын 11, 2012 3:30 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 326

Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа БНФУ-аас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Ив Дэлүнэгийн хамтаар Эрүүл мэндийн яамны харьяа Гэмтэл, согог судлалын үндэсний төвд зочлов. Тус төвд анх 1999 онд БНФУ-аас Европын Холбооны ТАСИС хөтөлбөрийн шугамаар төсөл хэрэгжүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэн, эмч мэргэжилтнүүдийг Францын эмнэлгүүдэд дадлагажуулж эхэлсэн ба энэ хугацаанд тасралтгүй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн байна.

Дэд сайд болон Элчин сайдыг ГССҮТ-д зочлох үед Францын Орлеан мужийн эмнэлэг болон “Дэлхийн эмч нар” ТББ-ын эмч нарын баг тус төвд ажиллаж байсан ба тэдгээр эмч нар ГССҮТ-д жил бүр ирж мэргэжил нэгт Монгол эмч нарт ажлын байранд нь гардан сургалт хийдэг заншилтай ба энэ хугацаанд тус төвөөс олон тооны эмч нар Франц улсад богино хугацаагаар мэргэжил дээшлүүлсэн байна.

Дүрс оношлогоо, нөхөн сэргээх эмчилгээ болон гэмтлийн төрөл бүрийн нарийн мэс заслын чиглэлээр эмч нар ирж сургалт явуулахаас гадна тус төвд эмнэлгийн багаж төхөөрөмж, урвалж бодис зэргийг хандивлаж ирсэнд маш их талархалтай явдаг талаар тус төвийн Ерөнхий захирал С.Отгонгэрэл танилцуулгандаа онцлон тэмдэглэв.

Дэд сайд Ж.Амарсанаа Монгол, Францын эмч нарын багтай уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсож, харилцан ярилцав. Францын эмч нар Монгол Улсад анх хүрэлцэн ирж байсан 1990-ээд оны сүүл үетэй харьцуулбал өнөөдөр Монголын эрүүл мэнд, анагаах ухааны салбар маш их өөрчлөгдөн хөгжиж байгааг бүгд нэгэн дуугаар тэмдэглэн хэлсэн ба тэднийг дагалдан суралцдаг Монголын эмч мэргэжилтнүүд ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллаж байдагт сэтгэл маш хангалуун байгаа талаараа ярьж байлаа.

Түүнчлэн Монголын эмч нар нь ажилдаа зүтгэлтэй, мэриймтгий, сурах хүсэл сонирхол өндөр, багш нарынхаа зааж сургасныг түргэн хугацаанд өөрийн болгож эзэмшдэг гээд өөрсдийн шавь, эмч нараар бахархаж байдгаа дэд сайдад хэлж байв.

Сүүлийн жилүүдэд тус төвд Европ стандартын орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангамж нэмэгдэж байгаа нь Францын эмч нарт гардаг сургалт явуулахад маш их дөхөмтэй, чухал ач холбогдолтой болсон хэмээцгээж байлаа.

Дэд сайд Ж.Амарсанаа ажлын байран дээр сургалт явуулж байгаа нь маш их ач холбогдолтой болох талаар дурдаад цаашид нэг франц эмчийг дор хаяж 10 монгол эмч дагалдуулан нарийн мэргэшүүлж өгөөрэй хэмээн хүсэж байгаагаа багийн хамт олонд илэрхийлэв. Түүнчлэн 10 гаруй жилийн хугацаанд өөрсдийн сайн дураар Монгол улсад ирж, эмч мэргэжилтнүүдийг сургаж ирсэн тэдгээр эмч нарт хувиасаа болон ЭМЯ-ны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, тэдний үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Дээрх уулзалтын дараа Дэд сайд болон Элчин сайд нар дагалдан яваа хүмүүсийн хамтаар тус төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг, Түлэнхийн төвийг түр байршуулсан байгаа хэсгээр орж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Дашрамд дурдахад тус төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийг БНФУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинэчлэн тохижуулахаар хоёр улсын Засгийн газар хооронд санхүүгийн хэлэлцээр байгуулагдан, Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдаад, одоо үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болоод байгаа юм.

Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө 5,05 сая евро бөгөөд төслийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэн, боловсон хүчнийг сургах юм. Монгол улсын Засгийн газрын зүгээс төсвийн хөрөнгөөр барилга байгууламжийг нь барьж, засварлаж өгсөн байна.

Энэ өдрийн уулзалтын төгсгөлд БНФУ-аас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Ив Дэлүнэ Монгол-Францын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгаа нь эрүүл мэндийн салбарт өргөн бололцоо нээж өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *