Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Энэрэл” эмзэг бүлгийн иргэдэд зориулсан хоёрдогч шатлалын эмнэлгээр айлчлан, үйл ажиллагаатай нь танилцав

10-р сарын 8, 2012 2:08 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 403

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа 2012 оны 10 сарын 04-ны өдөр “Энэрэл” эмзэг бүлгийн иргэдэд зориулсан нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.

“Энэрэл” эмнэлэг нь 1998 онд Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайд болон нийслэлийн засаг даргын хамтарсан шийдвэрээр Улаанбаатар хотын эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн хоёрдогч шатны тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор анх байгуулагдсан. 1998-2006 оныг хүртэл гурвалсан гэрээгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Үүнд нийслэлийн эрүүл мэндийн газар, Энэрэл эмнэлэг болон Францын шашны байгууллага гэсэн 3 талын гэрээтэйгээр ажиллаж иржээ. 2006 оноос эхлэн магадлан итгэмжлэлд хамрагдан эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих болсон байна.

Айлчлалын үеэр дэд сайд Ж.Амарсанаа тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлж буй тасаг, лаборатори, оношлогооны багаж тоног төхөөрөмж, яаралтай тусламжийн өрөө, ариутгал халдваргүйтгэлийн тасгуудтай танилцаж, тус эмнэлгээр үйлчлүүлж буй орон гэргүй, асран хамгаалах хүнгүй иргэдтэй уулзан санал сэтгэгдлийн сонсов. Энэрэл эмнэлэг нь 2010 оны 9 сараас өнөөг хүртэл түрээсийн байранд байгаа ба сард 14 сая төгрөгийг байрны түрээсэнд төлдөг. Жилийн санхүүжилт 1.1 тэрбум төгрөг байдаг юм байна. Амбулаториор 7 нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэн, жилд амбулаториор 21 мянган, стационараар 2400 хүнийг хэвтэн эмчлүүлдэг. Мөн сүрьетэй өвчтнүүд эмчлүүлдэг 14 ортой тасагтай. Үйлчлүүлэгчид нь орон гэргүй, бичиг баримтгүй, эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй, орц траншейнар амьдардаг, бусад эмнэлгээр үйлчлүүлж чадахгүй байгаа хүмүүс ирдэг байна.

Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид дэд сайдад хандан “Тэд нарыг хүн шиг хүлээн авч, тусламж үйлчилгээг үзүүлдэг хамт олон, эмнэлэг бол ганцхан Энэрэл эмнэлэг. Улаанбаатар хотын бүх эмнэлгүүд Энэрэл эмнэлэг шиг байгаасай гэж хүсдэг” хэмээн энэхүү хамт олонд баярлаж талархаж явдаг тухайгаа хэлэв.

Тус эмнэлгийн дарга Ш.Хүрэлчулууны зүгээс дэд сайдад Ж.Амарсанаад хандан эмнэлгийн барилгын асуудлыг түргэвчлүүлж, сүрьеэгийн тасгийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх саналтай байгаагаа хэлэв. Учир нь сүрьеэ бол амьсгалын замаар халдварладаг халдвар өвчин тул зориулалтын бус барилга байгууламжинд байгаа буюу сүрьеэгийн тасаг нь эмнэлгийн подвальд байрлаж байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдагдахад хүрч байгаа юм.

Дэд сайд тус эмнэлэгтэй танилцсаны дараагаар эмнэлгийн ажилчдын цалингийн асуудал, эмч ажилчдын аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай юм байна гэдгийг онцолж, тэдний цаашдын үйл ажиллагааг дэмжиж, тавьсан асуудлуудыг нягталж үзнэ гэдгээ илэрхийлэв.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *