Эрүүгийн хуулийн шинэчлэл: ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ

5-р сарын 4, 2017 9:18 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Парламент , Улс төр , Хууль эрхзүй Уншсан: 11
5-4-1

С.УЯНГА

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг 2016 оны хавар баталсан ч  ёсчлоогүй шалтгаанаар шинэ Засгийн газар буцаан татсан юм. Ингэснээр хоёр парламент гурван Засгийн газар дамжиж байгаа юм. Тэгвэл өөрчлөн шинэчилж буй Эрүүгийн хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь АНын бүлгээс зохион байгууллаа. Гишүүд, хуульч өмгөөлөгчид,Төрийн бус байгууллагууд, салбарын эрдэмтэд хуулийн алдаа оноог ярилцаж саналаа хэлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцогчид  2015 онд баталсан Эрүүгийн байцаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар мөрдөн шалгах шүүх ажиллагааны зарим зөвшөөрлийг шүүхэд шилжүүлсэн байсныг төсөл санаачлагчид прокурор болгож өөрчилснийг эргэн харах хэрэгтэй гэдгийг онцолж байв. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч, прокурор хоёр мэтгэлцэж байр сууриа илэрхийлэхээс илүү зарим зөвшөөрлийг прокурор руу шилжүүлж байгаа нь шүүх эрх мэдлийг прокурор руу аваачих хандлагатай боллоо гэдгийг шүүмжилсэн юм. Түүнчлэн сүүлийн гурван жилийн статистик мэдээллээр саатуулагдсан хүмүүсийн 20 орчим хувь нь яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, 80 орчим хувь нь хангалттай нотлох баримтгүйгээр баривчлагдаж саатуулагджээ гэдэг нь дээрх судалгаагаар гарсан тул 72 цагийг 24 цаг болгож багасгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр зарим хүмүүсийн байр суурийг сонирхов.

АНын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: ИРГЭНИЙ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ ЗААЛТУУД ОЙЛГОМЖГҮЙ

Бид энэ хуулийг өргөн хүрээнд хэлэлцэж зөв шийдлүүдийг гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Аливаа хуулийг батлан гаргахдаа  мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг заавал тусгаж байх ёстой. Эдгээр хуулиуд зөвхөн улс төрийн буюу олонхийн, цөөн­хийн шийдлээр гарч болохгүй. Нийгмийн бүх давхаргийг хамарч байгаа. Хуучин байцаан шийтгэх гэдэг нэртэй байсан хуулийг өөрчлөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болгон шинээр орж байгаа хууль. Шүүх хэлэлцээд, хэрэг ойлгомжгүй бол буцаагаад явуулдаг байдлыг болиулах, цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох, иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа гэх мэтээр иргэний эрхтэй холбоотой олон заалтууд ойлгомжгүй байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын хэсэг байгуулсан. Өргөн баригдаж байгаа хуулиуд тодорхой ухралттай байсан. УИХ дээр Засгийн газрын өргөн барьсанаас ч хүнд нөхцөл байдлаар хуулиудыг гаргаж байгаа. Энэ нь хүний эрхийн хүрээнд маш том ухралт болж байгаа нь үнэхээр харамсалтай. Бүр цаашлаад тэдний Үндсэн хууль руу дайрах дайралт үе шаттайгаар маш амжилттай хэрэгжиж байгааг та бүхэн харж байгаа байх. Ийм байдлаар бид дарангуйллыг сонгох магадлал маш өндөр болж байна.

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: ОРОЛЦООГ ТЭГШ ХАНГАХ ЗАРЧИМ БАРИМТАЛСАН

Хуулийн төсөл есөн бүлэг 380 зүйлтэй. Одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд өмгөөлөх талын нотлох баримтыг үнэлүүлэх шаардлага байна. Ингэж авч үзээгүй нөхцөлд зөвхөн яллах талын буюу нэг талын давамгай байдалтайгаар нотлох баримтыг цуглуулах, хэрэг таслан шийдэрлэх ажиллагаа явж байна гэж үздэг учраас оролцоог тэгш хангах зарчим барьсан. Ингэснээр өмгөөлөгч холбогдох нотлох баримт цуглуулах, таслан сэргийлэх ажиллагаа явуулахад өмгөөлөгчийг заавал оролцуулах, шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд эдгээр зарчмыг заавал хангаж шийдвэрлэнэ гэсэн салаа утгагүй заалт оруулсан. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх асуудал нь одоогийнхоос дэвшилттэйгээр туссанӨмнөх хуульд шүүх хуралдаанд хохирогч болон түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч оролцохгүй байхаар баталсан. Иймээс хохирогч, түүний өмгөөлөгчийг шүүх хуралд оруулахаар шинээр томъёолсон. 2015 онд баталсан Эрүүгийн байцаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар мөрдөн шалгах шүүх ажиллагааны зөвшөөрлийг шүүхэд шилжүүлсэн байсныг прокурор болгож өөрчилсөн.

МУИСийн Хуул зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан: ХҮНИЙ БИЕЭС ДЭЭЖ АВАХ ЗААЛТЫГ НАРИЙВЧЛАХ ХЭРЭГТЭЙ

Хууль ёсны зорилгоор хүний тодорхой эрхүүдэд халдах шаардлага гардаг. Гэхдээ энэ нь гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилготой байх ёстой. Нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хүний биеэс дээж авах, харилцаа холбоонд хяналт тавихад прокурорын зөвшөөрлөөр хийхээр Засгийн газраас төсөл өргөн мэдүүлсэнтэй санал нийлэхгүй. Яагаад гэвэл эдгээр нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн нэг юм. Үүнийг хязгаарлах зайлшгүй шаардлага байна уу гэдгийг хөндлөнгийн хараат бус хяналтаар шийдэх ёстой. Прокурор  цагаатгах талаас нь асуудлыг авч үзэх ёстой ч яллах талаас нь түлхүү харах хандлага бий болдог. Ийм учраас нэгжлэг хийх, нууцаар шалгах зэрэг ажиллагаануудад прокурорын хяналт үндсэн эрхийг хамгаалахад хангалттай биш учраас шүүхийн хяналт орж ирэх шаардлагатай гэж үзэж байна. Хуулийн хүрээнд хэрэгт холбогдсон хүнээс дээж авах бол ямар төрлийн дээж авах вэ гэдгийг нарийн тусгаж өгөх, түүнээс гарсан хариуг дараа нь ямар нэг хэрэгт дахин ашиглахгүй байхын тулд устгах, утас чагнах, майл шалгах, сонсох төхөөрөмж тавих зэргийг нарийвчлан заах.

Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт: ӨМГӨӨЛЛИЙН ЭРХИЙГ ҮГҮЙ БОЛГОСОН

Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулд хохирогч, гэрч, шинжээчийг байлцахад байцааж тэдгээрт асуулт тавих эрхийг огт байхгүй болгох гээд байна. Учир нь  гэрч, хохирогч, шинжээчээс асуух асуултыг буюу өмгөөллийн эрхийг үгүй болгочихсон. Өмгөөлөгчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар олгогдсон эрхийг мөрдөн байцаагчийн зүгээс гэрч, шинжээчид хууль бусаар нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн бодит байх, шинжээчийн дүгнэлтээс тодорхойгүй эргэлзээтэй зүйлсийг нэг мөр болгон тодруулах, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой заалт бий. Гэтэл үүнийг хассан нь хүний эрхийг хамгаалах тал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээний талуудын тэгш эрхтэй оролцох тал дээр ухралт болсон.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч, өмгөөлөгч  Н.Арвинтариа: ХЭЛ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЯЛГАВАРЛАСАН ЗААЛТЫГ ХАСААД ӨГӨӨЧ

Өргөн бариад байгаа хуулийн төслөөс нэг зүйлийг хасаад өгөөч гэдэг санал хэлмээр байна. Тэр нь хуулийн 25 дугаар зүйлийн 11 дэх хэсэгтхэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүнээс мэдүүлэг авахдаа хэлмэрчийг оролцуулах боломжгүй бол түүнийг зөвшөөрсөнөөр бичгээр асуулт тавьж, мэдүүлэг авч болногэсэн зүйл заалт байна. Ингэж огт болохгүй. Энэ бол сонсголгүй буюу хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийг шууд ялгаварлан гадуурхаж байгаа заалт. Учир нь эдгээр хүмүүс хүний ярьж байгааг бүрэн ойлгохгүй хэрнээ бичгээр хариулт өгнө гэдэг байж болохгүй. Өнөөдөр 12 дугаар анги төгсөж байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай дунд сургуулийн сурагчид 3-4 дүгээр ангийн хүүхдийн хэмжээнд бичгийн боловсрол эзэмшиж гарч байна. Тэгвэл эдгээр хүүхдүүд хуулийн хүнд үг хэллэгүүдийг бүрэн ойлгоод буцаагаад бичгээр хариулна гэж байхгүй. Тиймээс энэ заалтыг авах хэрэгтэй.

Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин: ДАХИАД ШҮҮХЭЭС ХЭРЭГ БУЦААДАГ ТОГТОЛЦОО РУУ ШИЛЖИЖ БАЙНА

УИХ Засгийн газрын өргөн барьсан хэмжээнд хамгаалж батлах хэрэгтэй. Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Шүүгчид эрх мэдэл олгож байгаа бус шүүх процессод эрх мэдэл олгож байна гэсэн үг. Хуулийн гол амин сүнс нь өмгөөлөгч, прокурор үндэслэлүүдээ тайлбарлаж бие даасан шүүгчээр асуудлаа шийдүүлэх процесст эрх мэдэл олгох гэсэн оролдлого байсан. Гэтэл зарим талаараа ухралт хийж байна. Өмгөөлөгч, прокурор хоёр мэтгэлцэж байр сууриа илэрхийлэхээс илүү зарим зөвшөөрлийг прокурор руу шилжүүлж байгаа байдал нь шүүх эрх мэдлийг прокурор руу аваачих хандлагатай боллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадуур өмгөөлөл бичиж болохгүй байна. Өмгөөллийн үйл ажиллагааг процессын хуульд маш сайн бичиж өгөхгүй бол өөрийгөө өмгөөлөх буюу хуульзүйн туслалцаа авах талаараас сул дорой болох гээд байна. Өмнөх хуульд урьдчилсан хэлэлцүүлэг гэж бичиж байсан бол нэрийг нь солиод хэлэлцүүлэг хийхгүй ч байсан болох мэтээр оруулж ирж байна. Хэлэлцүүлгийг хэлбэр төдий болгочих юм бол өмгөөлөх, хуульзүйн туслалцаа авах, шударгаар шүүх эрх алга болно. Яагаад хүсвэл хийх мэтээр бүдэг болгож байгаа юм бэ. Дээд шүүх хүний эрхийн баталгаа болох хэмжүүр байдаг. Дахиад шүүхээс хэрэг буцаадаг тогтолцоо руу шилжиж байна. Амьтай тоглоом болох нь. Хүүхдүүд буудалцаж тоглоод үхэхээрээ дахиад амь аваад тоглодогтой адил. Дахиад бодитойгоор ялла гэдэг процесс явагдах нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *