Эрүү, иргэний хэргийг харъяаллын шүүхэд шилжүүлнэ

5-р сарын 6, 2016 9:10 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 43
5-6-8

Д.ЦЭЦЭГ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хуваарийн дагуу 16 асуудал хэлэлцэх байсан ч хоёрхон асуудал хэлэлцээд завсарлав.

Чуулганы эхэнд Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн нэгдүгээр зүйл буюу Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болмогц анхан болон давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргааныг Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасан нутаг дэвсгэрийн харъяаллын шүүхэд шилжүүлнэ хэмээн өөрчлөн найруулж, хуулийг Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг гишүүд дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Энэ өдрийн чуулганаар олон асуудал хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоо сонгуулийн асуудлаа ярьж, хуулийн хэлэлцүүлгээ хийгээч. Юу яасан геодизи. Аминд тулсан асуудал сонгууль боллоо. Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг тодорхойгүй явж байгаа нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болголоо. Өнөө маргаашдаа Сонгуулийн хуулийг хэлэлцэх нь эхний асуудал. Одоо бусад бүх зүйлээ зогсоо” гэж УИХ-ын даргад хандан ширүүхэн дуугарав. Ингэснээр ирц, идэвх тааруу байсан чуулганыг ч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж завсарлуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Tracy
2016 оны 12-р сарын 1

It was dark when I woke. This is a ray of suehsinn.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *