Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөвлөгөөг танилцууллаа

2-р сарын 14, 2017 10:35 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 20
_MG_8632_1

С.УЯНГА

 Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэв. УИХ-ын тогтоолын дагуу 150 хоногийн хуулийн хугацаатай уялдуулан сонгуулийн санал авах өдрийг  ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлосон юм. Мөн гадаадад амьдарч буй иргэд зургадугаар сарын 10, 11-нд дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан саналаа өгөхөөр баталсан. Зохион байгуулахтай холбогдуулан 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх бэлтгэл ажлын хугацааг  Сонгуулийн ерөнхий хорооноос нарийвчлан гаргажээ. Тодруулбал, сонгуулийн хэсгийн хороог санал авах өдрөөс 120-оос доошгүй хоногт багтаан байгуулна гэж хуульд заасны дагуу  хоёрдугаар сарын 26-наас өмнө хэсэг байгуулах ёстой юм байна. Хэсгийг сум, дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчид тогтоож, эхний шийдвэрээ Оюуны өмч, улсын бүртгэлийн газар ирүүлж байгаа аж. Мөн энэ сарын 26-наас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд зарлахаар тооцжээ. Харин гуравдугаар сард сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг сургалтад хамруулна. Журмын дагуу сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны судалгааг сарын эхний 10 хоногт багтаан  СЕХ-нд ирүүлэх юм.

Дөрөвдүгээр сард аймаг, нийслэл, сум дүүрэгт байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороо байгуулах бол тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил явагдана. Ерөнхийлөгчийн сонгууль болох зургадугаар сард саналын хуудас бэлдэх, санал тоолох машин программчлах, хүргүүлэх ажлыг хийж, сонгуулийн сурталчилгааг явуулах юм байна. СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн тухай хууль УИХ-ын сонгуулиар хэрэгжиж байсан хэвээр мөрдөгдөнө. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах саналаа бид УИХ-д хүргүүлсэн боловч цаг хугацааны хувьд боломжгүй гэж үзээд хойшлуулсан. Тиймээс сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Монгол Улс нэг тойрог болж сонгууль явагдах тул зарчмын хувьд ялгаа байхгүй. Гадаадад байгаа иргэдийн саналыг 2012, 2013 онд авсан. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдээс санал авахын тулд одооноос бэлдэж байна. Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж бүртгэл явагдаж байгаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гадаадад байгаа иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой болсон. Тиймээс сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх боломжоо ашиглана” гэдгийг тодотголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *