Ерөнхийлөгчийн шахалт, Ерөнхий сайдын ширүүн үгс

7-р сарын 23, 2018 8:33 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 97
7-23-2

Т.БАТСАЙХАН

УИХ-ын хаврын чуулган завсарлаад удаагүй ч ээлжит бусаар хуралдах нь бараг л тодорхой болчихоод байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нь зүйтэй гэдэг санааг  Ерөнхийлөгчийн зүгээс гаргаад байгаа.   Тэрээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг хүргүүллээ.  Ээлжит бус чуулганаар  АТГ-ын даргыг огцруулах нь зүйтэй гэж  үзэж буйгаа илэрхийлсэн юм.  Мөн Ерөнхийлөгчийн албан бичигт “УИХ-ын нэр бүхий 26 гишүүн  60 тэрбумын асуудал болон АТГ-ын  үйл ажиллагаа хангалтгүй байгаа тул УИХ-ын 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.  Иймд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэж байна” гэжээ.  Энэ асуудлаар мөн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, санал хүсэлтээ  байнгын хороонд шилжүүлээд байна. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн, ээлжит бус чуулганы товыг зарлахаар болсон.  Тэгэхээр энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж магадгүй юм. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь дэмжвэл ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуулийн заалттай.  Гэхдээ бас нэг асуудал бий. Энэ нь гишүүдийн ирц. Хэрэв ээлжит бус чуулганд гишүүдийн ирц хүрэхгүй бол  Ерөнхийлөгчийн хүсэлт талаар болно гэсэн үг.  Ямартай ч  Төрийн тэргүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлтээ хүргүүллээ.  Хэрхэх нь энэ долоо хоногт шийдэгдэнэ.

Дараагийн нэг асуудал нь өнгөрсөн долоо хоногт Улсын онцгой комисс хуралдлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх улстөрчийн байр сууринаас бол онцгой комиссын хурал дээр нэлээд “поп” үгс хэллээ. Уурлаж, ширээ шааж, агентлагийн дарга нарт хатуухан үг унагаж харагдав.  Улсын хэмжээнд  үргэлжилсэн бороо орж, үер усны аюул нүүрлээд байна.  Монголчууд гамшигт бэлэн биш байгааг энэ удаагийн үргэлжилсэн бороо харуулав.  Харин Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ниргэсэн хойно хашгирав гэдэг л боллоо. Онцгой комиссын хуралдаан дээр онцгой уурлаж, нэг л ойлгомжгүй  шаардлагуудыг тавьж байв. Тухайлбал, наймдугаар сарын 1 гэхэд бүх найр наадмаа дуусгаж, бүх сайд, дарга нар ажилдаа бэлэн байна шүү гэдгийг анхааруулав. Найр наадам наймдугаар сарын 1 гэхэд дуусна гэдэг худлаа асуудал.   Тухайлбал, нийслэлийн даншиг наадам ирэх сарын 4, 5-нд болно.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн замд зарцуулах 270 сая төгрөгийг ашиглахгүй байсаар Сангийн яамдаа хураалгуулжээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар Онцгой комиссын хурал дээр  “Үерийн далан барих гэсээр байтал чинь дахин 550 сая төгрөг чинь хураагдлаа. Үерийн даланг бид хүүхэд байхдаа хийдэг л байсан шүү дээ. Болохгүй бол тендерийг нь цуцлаад цэргүүдээр хийлгэ. Баян-Өлгийд цэргийн анги байгаа биз дээ. Би цэргүүддээ итгэдэг. Зардал бага гарна. Нэгдсэн зохион байгуулалттай хийнэ.  Тэгэхгүй бол Баян-Өлгийд ирэх жил дахин үеэр болох нь. Баян-Өлгийн цэргийн ангид мөнгийг нь өгч, цэргүүдээр далан бариул” гэхэд дэд сайд Б.Цогтгэрэл нь толгой дохиж харагдсан.  Ерөнхий сайдын хэлснээр цэргүүдээр бариулна гэдэг үнэхээр үлгэр.    Дараа нь Ерөнхий сайд “Энэ жилийн өвөл хатуу болно гэж би дотроо бодож байна. Б.Батзориг сайдаа тийм ээ. Ус ихтэй зуны өвөл нь хүндэрдэг жам байна гэхэд Б.Батзориг сайд тийм ээ л гэж суусан.   Энэ мэтчилэн өнгөрсөн долоо хоногт болсон  Улсын онцгой комиссын хуралдаан улс төрийн попролыг жинхэнэ утгаар нь харуулах шиг л боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *