Ерөнхийлөгчийн Хуулийн зөвлөхийг УИХ-аар томилуулж өгье

5-р сарын 10, 2018 9:37 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 29
2902e6_ea42fc_a1acc1_93h7n9egf92ebm0tbg0as477q_x800_x800_x974

Б.ДАМДИН-ОЧИР

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сон­гог­доод арван сар болж байна. Бүрэн эрхийн хуга­цааных нь дөрөвний нэг орчим нь явчихаж бай­гаа хэрэг. Энэ утгаараа Ерөн­хийлөгч Х.Баттулга өнгөр­сөн арван сарын хугацаанд ихийг амжуулах ёстой байв.

Гэвч санаачилж, сэдсэн шийдвэрүүд нь УИХ руу очиж унасаар “…Ажил ам­жуулж байна” гэхэд хэцүү­хэн л харагдах боллоо. Хэ­дэн ч удаа хориг тавив, тэр тоо­гоороо л унасан. Ер нь УИХ-ын босго давсан Ерөн­хийлөгчийн саналаас унасан нь хамаагүй их.

Энэ тухайд Ерөнхий­лөг­чийн хавиас УИХ-ыг бу­руутгаж тайлбарладаг юм. УИХ-ын 65 гишүүн нь МАН-ынх, харин Ерөн­хийлөгч АН-ын ги­шүүн байсан. Тийм уч­раас улстөржөөд Ерөнхий­лөгчийн санал бүрийг унагаад байдаг юм гэдэг.

Гэтэл энэ нь ташаа ойл­голт, ташуу тайлбар бо­­лол­той. Учрыг ухвал Ерөн­­хийлөгч Х.Баттулга өнөөд­рийг хүртэл Хуулийн бод­­логын зөвлөхгүй явж ир­сэн­тэй л энэ шууд холбоотой.

Ажаад байх нээ, Ерөн­хий­лөгчийн Хуулийн зөв­лөхийн ажлыг Тамгын газ­рын дарга З.Энхболд нь дав­хар хийгээд байх шиг байгаа юм. Энэ үүргийг тэрээр их л сэтгэл ханамж өндөртэйгөөр гүйцэтгэдэг. Гэх­дээ мань эр бантан хутгах шиг болж байна.

Өнгөрсөн оны сүүл­чээр Ерөнхийлөгч 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгч­лэн хориг тавьсан. Хоригийг Байнгын хороо­гоор хэлэлцэж байх үед Ерөн­хийлөгчийн Тамгын газ­рын дарга З.Энхболд “..Хоригоо харсан чинь улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гээд хоёр тоог хооронд нь зөрүүлж бичсэн хоёр алдаа байна. Энэ алдааг гишүүд засаад ун­шаад явчихаарай” гэж яриад сууж байлаа.

Өчигдөр уржигдархан АТГ-ын даргын талаар бас л “…УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусчихаад да­раа­гийн Их хуралд сууна гээд байгаатай адил шүү” гэх ухааны яриад сууж байх жишээтэй. УИХ-ын ги­шүүн бол сонгуульд орж, ард олны саналаар сонгогддог. Бүрэн эрхийн хугацаа нь хуулиар тогтоосон дөрвөн жилээсээ илүү ч үгүй, дутуу ч үгүй байдаг. Харин АТГ-ын даргыг хэзээ ч томилж болно. Нэгэнт томилогдсон АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байна гэж хуулиар тогтоож өгсөн. УИХ-ын гишүүн, АТГ-ын дарга хоёр бол нэмэх хасах гэдэг тэс өөр статус, хуулийн зохицуулалттай ажил юм.

Бас яагаад УИХ-ын бү­рэн эрх дөрвөн жил, АТГ-ын дарга, Дээд шүү­хийн ерөнхий шүүгч гэх мэтийн албан тушаалтны нэг то­милолтын хугацаа зургаан жил байдаг вэ гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. З.Энх­болд ч мэдэхийн цаагуур мэдэх хүн. Энэ албан ту­шаалт­нуудыг улс төрөөс ангид байлгах гэж хуульд хийсэн зохицуулалт юм. Гэтэл З.Энхболд АТГ-ын даргыг УИХ-ын гишүүнтэй жишиж яриад сууж байгааг ер ойлгосонгүй.

Энэ мэтийг дурдсаны учир нь Хуулийн зөвлөхгүй Ерөн­хийлөгчийн ажил нэг л явах­гүй байгаа. Энэ янзаараа цаашид ч явахгүй нь гэд­­гийг хэлэх гээд байгаа юм.

Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга Хуулийн зөв­лөх­тэй байсан бол Г.Баа­сангийн бантаг­нуул­сан, З.Энхболдын завааруулсан олон бүтэлгүй ажил биеллээ олж хэрэгжээд явах байсан болов уу. Адаглаад л тэр Хуулийн зөвлөх гэдэг хүн чинь нэг үг андуурч, хоёр тоо зөрүүлэхгүй. Бас Ерөнхийлөгч хэзээ, ямар шалтгаанаар хориг тавь­даг вэ гэдгийг хэлээд өгөх байсан биз. Тэгэхээр өнөө­дөр УИХ руу улиг бол­тол шидсэн хоригийн үнэлэмж өндөр хэвээр байх байлаа.

Ер нь тэгээд Ерөнхий­лөгчийн гараасаа гаргаж буй бичиг бүрт Хуулийн зөвлөхийн санал, зөвлөмж дутаад байгаа нь харагддаг.

Хамгийн сүүлд гаргасан ганц хоёр шийдвэрийг харъя. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурван генералын цолыг хураасан. Яг хуулийг барьж яривал генерал Ч.Амарболд, П.Даш, Т.Даш­дэлэг нарыг давхар ял­ла­чихаж байгаа юм. Уг нь тухайн хүн нэг хэргээр нэг л шийтгүүлэх ёстой. Гэтэл энэ гурван генерал шүүхийн шийдвэрээр нэг, Ерөн­хийлөгчийн зарлигаар хоёр дахиа яллагдав.

Бас АТГ-ын даргыг олон нийтийн санал асуул­га гээчээр тодрууллаа гэсэн. УИХ тэр саналыг нь бас унагаж байгаа бололтой байна лээ. Ерөнхийлөгчийн энэ санаачилга хэдэн хуулийг хичнээн янзаар зөрч­сөнийг мэргэжлийн хуульчаар тоолуулбал хө­гийн тоо гарч ирнэ. Хууль­чид ингэж ярьцгааж байна.

Ийм маягаар гарын үсэг бүр нь хуулийн гадуур зарлиг дээр зурагдаад байвал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын хамгийн том популист улстөрч болоход ойрхон байна.

Яг үнэндээ энэ “зэрэг дэв”-д ойртуулаад байгаа олон хэрэгтэй, хэрэггүй зөвлөх Ерөнхийлөгчид бий. Гэтэл хамгийн хэрэгцээтэй Хуулийн зөвлөхөө томилохгүй өдий хүрч байгаа нь гайхшрал төрүүлээд байгаа юм.

Ийм зөвлөхгүй болоод байвал бас яахав. Гэтэл болохгүй байгаа. Хуулийн зөвлөхийнх нь үүргийг нь “сайн дурын уран сайханчид” гүйцэтгээд, ёстой баллаж өгч байна.

Тийм учраас нэг ажил хэрэгч санал байна. Ерөнхийлөгч Х.Баттулгад Хуулийн зөвлөх олдохгүй, эсвэл өөрөө томилох сонирхолгүй байгаа бол УИХ-аас томилоод өгчихье. Хуулийн зөвлөхтэй Ерөнхийлөгчийн ажил хуулийн дагуу л болно. Угтаа энэ нь Монгол төрийн хэрэг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *