Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй, 300 мянган төгрөг “тараана”

11-р сарын 10, 2017 7:45 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 17
11-10-2

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Үүний дараа  2018 оны Төсвийн тухай хуулийн таван төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Өчигдөр болсон  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг тоймлон хүргэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Чуулганд Ерөнхий­лөгч Х.Баттулга өөрийн биеэр  оролцож хоригийн талаар танилцууллаа. Тэрээр “Би хийх ажил­гүй­дээ хориг тавьсан юм биш. Хэсэг бүлэг хүн энэ улсыг удирдаад байгааг энд сууж байгаа бүх хүн мэднэ. Өөрсдөд нь ашиггүй бол бүх биз­несийг гацаадаг. Тиймээс харамсаад Сангийн сайд дээр хориг тавьсан. Төрийн албан хаагчдад 55 тэрбум төгрөгийг олгох нь өнөөдрийн нөх­цөл байдалтай уялдахгүй харамсалтай шийдвэр. Халам­жийн бодлогоос тат­гал­зах ёстой” гэв. Энэ асуудлаар гишүүд байр, сууриа илэрхийлэв.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

-Ерөнхийлөгч өө, та Ерөнхийлөгч шиг бай. Та намын дотоод асуудал руу орж байна. Хэнийг хаана ямар албан тушаалд тавихыг та зааж байна.  Төмөр замын хэрэгт татагдсан А.Гансүхийг та Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны нарийн бичгийн даргаар томилсон. Энэ зөв юм уу. 60 тэрбум, төмөр замтай холбоотой 600 тэрбум төгрөгийн асуудлыг өнгөрсөн хугацаанд ярьж ирсэн. Энэ бүхнээ ил болгож, цэгцлэхгүй бол таавар тааж, үлгэр ярьж, нэгийгээ гэмт хэрэгтэй хутгаж, хулгайч луйварчин болгож ирлээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

-Ерөнхийлөгч та хоёр удаагийн хориг та­вилаа. Та бол эв нэгд­лийг сахихаар тангараг өргө­сөн. Та Женко групп, Ардчилсан на­мын ерөнхийлөгч биш, Монгол Улсын Ерөн­хий­лөгч. УИХ-ын микрофон ашиглаад гишүүдийг дором­жилж болохгүй. Сүүлийн 10 жилд хийсэн дайн тулаанаа зогсоо. Монгол Улс дипломат хоригт орлоо.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Ардын намд итгэл өгч монголчууд саналаа өгснөөс Олон улсын валютын сан /ОУВС/-д санал өгөөгүй. Гэтэл ОУВС гэдэг далбаан дор олон хууль үнэ цэнэгүй болсон. Үүн дээр хэн ч дуугарахгүй байна. Монгол Улсын төрийн бодлого, хууль дээд­лэх зарчмыг зөрчиж болох­гүй. Бид ОУВС-аас гарах хэрэгтэй. Уул уурхай үнэ­тэй байгаа үед эдийн засгаа өөрсдөө авч явах хэрэгтэй, ийм байдал руу оруулж болохгүй.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ерөнхийлөгч өө, өс зан­гидсан, гомдсон хүмүү­сийн үгээр ажлаа бит­гий хий. Та нийт ард түм­нээс сонгогдсон Ерөн­хийлөгч, ажлаа өөрийн­хөөрөө хий. Та на­даас 55 тэрбум төг­рөг их мөнгө үү гэж асуу­лаа. Гашуунсухайт руу тавьсан төмөр зам хол­бол­тын цэгээсээ зөрсөн. Энэ төмөр замын даланг босгохын тулд Хөгж­лийн банкнаас 220 сая ам.дол­ларын зээл ав­сан байдаг. Жилийн 7.3 хувийн хүүтэйгээр. Хүүд нь жилд 55 тэрбум төг­рөг төлдөг. Та ард түмний өрийг дарна гэж хэлсэн. Энэ асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хоёр цаг гаруй  хэлэлцэн шийдвэр гаргав. Санал хураахад Ерөн­хий­лөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналыг гишүүдийн 85.2 хувь нь дэмжлээ.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ БСШУСЯ-НД ШИЛЖҮҮЛНЭ

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул УИХ-ын дарга М.Энхболд бүлгийн дарга нарт ирцээ бүрдүүлэхийг үүрэг болгов. Мөн 2018 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэл­цүүл­гийг хийж дуусгахгүй бол энэ сарын 15-нд баг­таан батлах цаг хуга­цаагүй болж байна гэд­гийг УИХ-ын дарга анхаа­рууллаа. 2018 оны төс­вийн хуулийн төслийг дагалдаж мэдүүлэгдсэн таван төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Байнгын хороодоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна. Баталсан хуулиудад Татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад бүхэлд нь нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг таван төсөл багтсан юм. Мөн энэ үеэр Хүүхэд харах үйлчилгээг хуучнаар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үлдээх нь зөв, буруу гэх маргаан өрнөв. Засгийн газар 2018 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ хүүхэд харах үйлчилгээг БСШУСЯ-нд шилжүүлэхээр оруулж иржээ. Энэ асуудлаар  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Хүүхэд харах үйлчилгээг зөв гольдролд нь оруулах шаардлага байгаа. Халамжийн бодлого гэдэг юм уу, ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангаж байна гэдэг утгаараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаад ирсэн. Боловсролын яаманд хариуцуулахад стандартад нь нийцүүлээд явна” гэлээ. Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлаар шийдвэрт  хүрэв. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй учраас  2017 оны Төсвийн тодотгол тэр чигтээ хэрэгжээд явах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *