Ерөнхийлөгчийн дээл хүнддэхгүй байгаа

8-р сарын 4, 2017 9:24 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 25
Bk1ZIE3CAAA5fud

Л.ХЭРЛЭН

Тав дахь Ерөнхийлөгч маань гурван давхар дээлтэй гэдгээрээ бусдаас өөр юм. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, МоАХ-ын тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг давхар хашиж буй нь энэ л дээ. Давхар дээлтэй хүн халуунд ажрахгүй, хүйтэнд даарахгүй. Дээр нь манай  Ерөнхийлөгч бэлгэ тэмдгийн чанартай болохоос хийх ажил багатай гэж зарим нь хэлж мэдэх л юм. Түүнчлэн  УИХ-ын дарга М.Энхболд “Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны даргын албыг давхар хашиж болоод л байна. УИХ-ын гишүүд ч ялгаагүй Засгийн газарт салбар хариуцсан сайд хийж, төрсөн нутаг, аймаг, сумынхаа Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга, спортын аль нэг төрлийн холбооны тэргүүн, их, дээд сургуулийн Удирдах зөвлөлд данстай  гэхчлэн бүр ч олон давхар дээлтэй. Сүүлийн үед ОХУ-д төгсөгчдийн холбоо, ХБНГУ-д сургууль төгсөгчдийн холбоо гэхчлэн олон ТББ бий болж, даргаараа Их хурлын гишүүдийг сонгодог моод дэлгэрсэн байна лээ. Ийм байхад Ерөнхийлөгч маань давхар дээлтэй байхад ямар хамаатай юм бэ гэж өмөөрч болох. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд олон нийтийн байгууллага тэргүүлээд явах  нь ёс зүйд хэр нийцэх бол. УИХ-ын даргаас өгсүүлээд гишүүд нь бүгд сэтэртэй, одоо Ерөнхийлөгч нь намаас татгалздаг албан тушаалтан атлаа АН-ын дэргэдэх МоАХ-г тэргүүлж, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  албан ажилтай хамтатган хашаад явж байх боллоо. 

 Ерөнхийлөгчийн хэлж байгаа, эхлүүлэхээ амласан, тэр болгон нь бас амаргүй ажил хэргүүд байгаагаас харвал яавч  олон давхар албан тушаал чөдөр болохоос ташуур болохгүй мэт. Тухайлбал, Төрийн тэргүүн Ардын намынхны албан тушаал наймаалцсан гэх 60 тэрбумын асуудлаар байсхийгээд АТГ, холбогдох албан тушаалтнуудыг дуудан асууж байгаа. Оффшор бүс дэх мөнгийг оруулж ирэх 49 хоногийн үүрэг өгсөн. Буруутанд хариуцлага тооцохыг чиглэл болгосон гээд дурдвал хүндхэн асуудлууд дийлэнх байгаа. Энэ бүхэнд  эцсийг нь тултал тууштай байгаасай. Ц.Элбэгдорж Жастин Каплаг уучилж толгойг нь илээд буцаачихсан шиг тэмцэнэ гэж бөөн сүр үзүүлчихээд нам, найз, мөнгө харгалзсан үйлдэл бүү гаргаасай гэсэн хүлээлт олон нийтийн зүгээс хүчтэй тавигдаж буй. Тэгвэл Ерөнхийлөгч ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, хүч тавьж ажиллахад “давхар дээл” нь хүнддэхгүй байгаа. Их хурлын гишүүд ч яахав, төр тэргүүлж байгаа Төрийн тэргүүн шүү дээ, тиймээс гурван давхар дээл нь түүнд хүнддэх вий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *