Ерөнхийлөгчийн Давос дахь уулзалтууд

10-р сарын 26, 2018 7:35 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 20
10-26-3й1

Т.БАТСАЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор энэ сарын 17-нд эх орноосоо мордсон.  Тэрээр 18, 19-нд Бельги улсын Брюссель хотноо 12 дахь удаагийн уулзалтад оролцов.  Үүний дараа Швейцарь улсын Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна. Төрийн   тэргүүний  өндөр дээд хэмжээний айлчлалын уулзалтуудыг тоймлон хүргэж байна.

 

» Ерөнхийлөгч Х.Баттулга эхний уулзалтаа Германы Канцлер Ангела Меркельтэй хийлээ.  ХБНГУ-ын Канцлер эко хот байгуулах саналд ихээхэн анхаарал хандуулж, Германы Барилга, дотоод хэргийн яамны Барилгын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Адлерыг Монгол Улсад айлчлуулахаар болов.

» Ирланд улсын Ерөнхий сайд Лео Варадкар бараалхлаа. Тус улс жилд дунджаар 16 сая жуулчин хүлээн авдаг тул Ирландын аялал жуулчлалын салбарын туршлагыг Монгол Улс сонирхож байгааг Ерөнхийлөгч илэрхийлсэн байна.

» Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын  нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож, “Ирээдүйг хамтран бүтээх нь: АСЕМ бол бүх нийтийг хамарсан өсөлт болон тогтвортой уялдаа холбоог хангахад тэргүүлэх хүчин” сэдвээр илтгэл тавив.

» Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Ерөнхийлөгчид бараалхлаа. Тэд Монголд кино үйлдвэр, шинэ эко хот, Атилла хааны музей байгуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

» Норвегийн Хаант улсын Ерөнхий сайд Эрна Солберг бараалхав. Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн баялгийн сангийн талаар ихээхэн сонирхож, тус улсын баялгийн сангийн туршлага, үйл ажиллагааг судалж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломж байгаа эсэх талаар асууж, тодрууллаа.

» Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Европын улсуудад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзав. Элчин сайд нарт өгсөн баримт бичиг, төсөл хөтөлбөрүүд нь ул суурьтай болохыг цохон тэмдэглэж, Төрийн өндөрлөгүүд “нэг цонхны” гадаад бодлого баримталж буй тул танилцуулга, өгсөн үүрэг чиглэлтэй холбогдуулан хичээнгүйлэн ажиллахыг хүссэн юм.

» Европын зарим хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудтай уулзлаа. Швейцарын холбооны улсад 1500 гаруй монгол иргэн ажиллаж амьдардаг бөгөөд уулзалтад Цюрих, Парис зэрэг хотуудаас монголчууд ирж оролцсон юм. Уулзалтад оролцогчид Монгол Улсдаа эргэж очихыг хүсдэг ч тэнд ажлын байр хангалтгүй, цалин орлого муу болон нийгмийн халамж үйлчилгээний хүртээмж, УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломж, хүнсний аюулгүй байдал, авлига гэх мэт олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

» Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы нээлтэд оролцлоо.  НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган энэ жил 10 дахь удаагаа Швейцарын холбооны улсын Женев хотноо ийнхүү эхэлсэн юм.

» Ерөнхийлөгч НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуиатай уулзлаа. Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж далайд гарцгүй орнуудыг манлайлж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

» Ерөнхийлөгч Дэлхийн худалдааны байгууллагаар зочилж, Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.  Тус байгууллагын Стандарт ба худалдааг хөгжүүлэх сангаас Монгол Улсын Архангай, Өвөрхангай аймгийн дөрвөн суманд 400 мянган ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний шатыг амжилттай хэрэгжүүлбэл, 21 сая ам.доллар авч, хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломжтой юм байна.

» Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри нар өчигдөр Швейцарын холбооны улсын Женев хотноо уулзлаа. Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь оюуны өмч нь эдийн засгийг урагшлуулагч хүчирхэг хэрэглүүр гэж үздэг тухайгаа хэлж, Дэлхийн инновацийн индексийн тайланд Монгол Улс 126 орноос суурь 80 үзүүлэлтийн дүнгээр 53 дугаарт орсон талаар танилцуулсан юм.

» Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэллээ. Тэрээр өнөөдөр Та бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг цаашид хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэх, улс орнууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эсвэл улс бүхэн амиа бодохын аль нэгийг сонгох эгзэгтэй, хүмүүн төрөлхтөний цаашдын хувь заяанд асар их чухал шийдвэрийг гаргах мөчид тулж ирээд байгааг онцлов.

» Швейцарын холбооны улсын Женев хотноо төвтэй Олон улсын зам тээврийн холбооны байранд зочилж, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Преттотой уулзаж бүс нутгийн зам тээврийн асуудал, ТИР конвенцийн хэрэгжилтийн талаар ярилцав.

» Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Др.Томас Бахтай уулзав. “Азийн хүүхдийн их наадам-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж буй талаараа танилцуулж, “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад өгч буй тэтгэлэг болоод зарим спортын төрөлд мэргэжлийн арга зүйгээр хангаж буйд нь талархал илэрхийлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *