Ерөнхий сайд нараа гаргахаар тохиролцсон уу?

5-р сарын 10, 2018 9:28 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 23
5-10-2

Т.БАТСАЙХАН

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Тэднийг саатуулах хугацаа өнөөдөр дуусч байгаа учраас үргэлжлүүлэн хорьж, шалгах хүсэлтийг Нийслэлийн прокуророос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлжээ.

Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг өнөөдөр шийдэх юм.  Тэгвэл улс төрийн хүрээнд МАН, АН-ынхан Ерөнхий сайд нараа гаргах тохироог хийсэн талаар ярьж эхэллээ. АН-ын зүгээс Оюутолгойн асуудалд зөвхөн манай намын гишүүдийг буруутгаж, улстөржсөн байдлаар хандвал намын гишүүнээ хамгаална гэсэн өнцгөөс хандаж байгаа. Эрх баригч намын хувьд ч Ерөнхий сайд асан С.Баярыг тийм ч амархан тавиад явуулчихгүй болов уу. Тиймээс хоёр нам Ерөнхий сайд нараа гаргах  тохироог хийсэн эсэх нь өнөөдөр харагдана. С.Баяр хоригдох хугацаандаа эргэлт авахгүй, хэнтэй ч уулзахгүй хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэж байв.

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг хорих 461 дүгээр ангид уулзахаар очиход нь хүлээж аваагүй гэдэг. Ерөөс С.Баяр Ж.Батзандантай эрлэгийн үүдэнд уулзахаар тохирчихсон асуудал шүү дээ. Түүнийг хүлээж авахгүй байх нь тодорхой байв. Харин С.Баярыг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нар эргэж очжээ. Ч.Сайханбилэгийн хувьд саяхан хорих 461 дүгээр ангиас ил захидал илгээсэн. Тэрээр захидалдаа “…УИХ-ын танхимд нам, бүлгээрээ улс төржиж, маргаж мэтгэлцэн олонхи, цөөнхөөрөө аливаа бодлого улс төрийн асуудлаар шийдвэрээ гаргадаг нь Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн нэг  билээ. Харин хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас бүрэн эрхээ гуравдагч засаглалд санаатай санаандгүй шилжүүлэх үү гэсэн асуудал өнөөдөр үүслээ. Цаашид УИХ, Засгийн газар улс төр, эдийн засгийн том асуудлуудаа бие даан аливаа гадны нөлөөгүй шийдвэрлэж чадах уу гэдэг асуудал боллоо. Асуудлын зөв бурууг Шүүх бус УИХ шийдэх учиртай. УИХ-ын нийт гишүүдийг нам эвсэл үл харгалзан энэ асуудлаар нэгдмэл нэг хатуу байр суурьтай байхыг хүсч байна…” гэсэн байдаг.  Ийнхүү  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээний асуудлаар хоёр Ерөнхий сайдыг үргэлжлүүлэн хорих, эсвэл хоёр намыг тохироо биелэлээ олж  суллагдах уу гэдэг нь өнөөдөр тодорхой болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *