Ерөнхий сайд АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй Цагаан ордонд уулзав

9-р сарын 21, 2018 8:46 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 26
9-21-2

С.УЯНГА

“Цагаан ордон”-ы урилгаар АНУ-ыг зориод буй Ерөнхий сайдын айлчлал  тус улсын дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй албан ёсны хэлэлцээ хийснээр эхэллээ. Энэ үеэр хоёр орон шинэ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн үндэс суурийг тавьж буйгаа зарласан юм. Ерөнхий сайд айлчлалынхаа өмнө Америкийн дээд удирдлагатай уулзах талаар мэдэгдэж байсан юм. Хэдийгээр нэр заагаагүй ч хэвлэлүүд Ерөнхий сайдыг Д.Трамптай уулзана хэмээн онцолж байв. Гэсэн ч Ерөнхий сайд Д.Трамптай бус дэд ерөнхийлөгчтэй нь уулзлаа.

 Засгийн газрын тэргүүн айлчлалынхаа үеэр “Мянганы сорилтын сан”-гийн хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулах хүлээлтийг бодит болгож, хүчин төгөлдөр болголоо. Энэ хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирэх 350 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Харин өмнөх “Мянганы сорилтын сан”-гийн 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд  11 жилийн өмнө Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын гурав дахь  Ерөнхийлөгч  Н.Энхбаяр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш нар гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болж байсан түүхтэй.

 Ерөнхий сайд АНУ-ын дэд ерөнхийлөгч М.Пэнстэй  Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ. Тэрээр энэ үеэрээ Монгол, Америк хоёр нь ардчилал, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх нийтлэг үнэт зүйлтэйг онцолж, дипломат харилцаа тогтоосноос хойшх 30 гаруй жилд улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн  бүхий л салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна. Уулзалтаар талууд хоёр орны харилцааг стратегийн төвшинд хүргэх  зорилгын хүрээнд “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн төвшин рүү ахиулж байгааг нотолж, “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг тохиролцсон байна. Замын зураглалыг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын чухал хэсэг. АНУ-тай хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийг эрэлхийлж байгаа юм.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Америкийн Өмнөд хэсгийн зарим муж далайн хар шуурганд өртөж, хүний амь эрсдэн, эд материалын хохирол учирсан явдалд Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ. Харин тус улсын дэд ерөнхийлөгч М.Пэнс Флоренс Монголтой байгуулсан Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ нь АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай явуулж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Афганистан дахь үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад баяр хүргэж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг Монгол Улс дэмжиж ирснийг тэмдэглэжээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд ерөнхийлөгч М.Пенсийг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьснаар уулзалт өндөрлөсөн байна.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилж байгаа Ерөнхий сайдын айлчлал цаашид хэрхэн үргэлжлэх нь анхаарал татаж байна.

Тодруулбал, Ерөнхий сайд АНУ-ын ерөнхийлөгчтэй хэзээ уулзах,  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы индэр дээрээс ямар үг хэлэх нь хамгийн чухал байна. Мөн Ерөнхий Ассамблейн үеэр олон орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчид уулзаж санал солилцох, ажил хэрэгч яриа өрнүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд юу ярих. Тэр дундаас аяны богцоо юугаар дүүргэж, ямар ажил амжуулах нь сонирхол татаж байгаа юм. Ямартаа ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн айлчлалын үеэр Нью Йорк хотноо болох Социалист интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын уулзалтад оролцож үг хэлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *