Эрх баригчид хэлсэндээ хүрэхгүй бол сүхбаатарчууд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

5-р сарын 8, 2017 10:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Парламент , Улс төр Уншсан: 6
5-8-7

Ч.ОЛДОХ

Сүхбаатар аймаг дахь  орон нутгийн сонгуулийн маргаан үргэлжилсээр байна. 2016 оны орон нутгийн сонгуулиар тус аймгийн ИТХ-д АН олонх болсон ч цөөнх буюу МАН-ынхан Их хуралд 65 суудал авсандаа дулдуйдан хууль ёсыг уландаа гишгэж, Засаг дарга, ИТХ-ын даргын албан тушаалыг хүчээр хашиж ирсэн юм. Сүхбаатарчуудын сонголтыг ийнхүү уландаа гишгэсний эсрэг тэмцэл орон нутгаас хальж өнгөрсөн баасан гаригт  нийслэлд жагсаал хийхээр ирсэн ч хотын захиргаа зөвшөөрөл олгосонгүй. Иймд 20 гаруй  “Приус” бүхий цуваа Төрийн ордныг тойрон “М.Энхболд оо, Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” гэсэн уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийллээ.

Сүхбаатарчууд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт удаа дараа хандаж байсан. Гэвч эрх баригчид иргэдийн сонголт, шаардлагыг тоолгүй өдий хүрсэн юм. Үүнээс үүдэн тус аймгийн ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй, орон нутаг эдийн засаг, санхүүгийн болоод  засаглалын хямралтай явж ирэв.

Жагсагчидтай АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар уулзсан. Тэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Ганцхан аймагт Ардын нам ялагдаж болохгүй юм уу. Ард түмэн гайхаж байна. Сүхбаатар аймаг хууль бус Засаг даргатай хагас жил боллоо. Энэ байдлыг бид хүлээн зөвшөөрөөд явах юм бол Монгол Улсын ардчиллын үндсийн үндэс өөрөө доргиж байна. Та бүхэн энэ асуудлын үнэн мөнийг тогтоож, яриа хэлэлцээр хийж, энэ хүртэл ирсэн  иргэдийг тайвшруул. Сүхбаатар аймгийг  хууль ёсны Засаг даргатай болго” хэмээн байр сууриа илэрхийлсэн.Мөн Баянгол дүүргийн Засаг дарга, БГД-ийн намын дарга С.Одонтуяа   гишүүдтэйгээ ирж жагсаалыг дэмжсэн.

Жагсагчдын төлөө­лөл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уул­зах хүсэлт тавьсан ч тэднийг ЗГХЭГ-ын дарга А.Мөнхбат хүлээн авч уулзсан. Уулзалтын талаар  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сүхбаатар аймагт үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар хоёр нам зөвшилцөж байна. Мар­гаан мэтгэлцээн удаан үргэлжиллээ. Энэ байдал даамжирвал сайн үр дүнд хүрэхгүйг хоёр тал ойлгосон. Ирэх даваа гаригт хоёр намын төлөөлөл орон нутагт очиж ажил­лана. Сүхбаатар аймгийн нөхцөл байдлыг зөв голдиролд оруулж, ард түмний хүсэн хүлээсэн тэр хэмжүүрт нь аваачих нь зүйтэй гэж үзсэн”  гэв. Сүхбаатарчууд Ардын намынхан амлалтандаа хүрэхгүй бол тэмцлийн бүр ч хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэнээр энэ удаа нутаг буцлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *