“Эрэл”, “Алтандорнод” компаниуд нөхөн сэргээлтээ хэзээ хийх юм бол?

10-р сарын 22, 2012 12:58 pm Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 3870

Д.БОЛОРМАА

 

Ашигт малтмалын газраас олгосон зөв, буруу лицензийг зүглүүлэх гэж байгаль орчныхон зүдэрч байна. Ашигт малтмалын газрынхан ямар судалгаа, баримтад үндэслэсэн нь мэдэгдэхгүй зөвшөөрөл өгчихнө. Өнөөхийг нь цуцлах гэж байгаль орчны байцаагч нар хөл, хэлээ хүрэх газар хүртлээ хөөцөлдөж байна. Энэ бол уул уурхайн салбарт учирч буй хамгийн том бэрх­шээл.  Төрийн байгуулла­гуу­дын өөр хоорондын уялдаа байхгүйгээс болж уул толгод овоолго болж, ус цөөрөм нь шалбааг болно. Үүний тод жишээ Дархан-Уул аймгийн Шарын гол сум. Тус суманд “Алт” хөтөлбөр анх хэрэгжсэн бөгөөд үүний үр дүнд газар нутаг нь танигдахын арга­гүй болтлоо цөлмүүлснээс хожсон нь үгүй. Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга Шарын гол суманд ажиллаж, нө­хөн сэргээлт хангалтгүй бай­гаа зарим газраар очсон юм. 50 жилийн нас­тай энэ сумын оршин сууг­чид Шарын голын уурхай хувьчлагдсанаас хойш гундуухан яваагаа ам нэгтэйгээр баталж бай­на. Уурхай түшиглэн хөгжих сум учраас мал аж ахуй, газар тариа­лан эрхлэх боломжгүй нутаг гэнэ. Учир нь газар нутгийн хэмжээ багатай, хүн ам ихтэй, ажилгүйдэл, ядуурлын төвшин өндөр суурин. Сумын Засаг дарга Б.Жаргалын хэлж буйгаар өдгөө “Зүнма”, “Бага таян” гэдэг уул уурхайн хоёр компани хууль бусаар ажиллаж байна. Тэднийг хөөж туугаад ч нэмэргүй. Учир нь Ашигт малтмалын газ­раас тусгай зөвшөөрлийг нь өгчихөөд байхад та нар яаж ч чадахгүй гээд хөдөл­дөггүй гэнэ. Уг нь Шарын гол сум нутаг дэвс­гэрийн хувьд цомхон бөгөөд Хонгорын нутагт хамаарна.  Ингэхдээ ойн сав нутаг Хонгор суманд хамаарч,  харин түүнийг манаж хамгаалах үүрэг нь Шарын гол сумынханд ногдоно. Мэдээж ойн сав газраас ирэх ашиг шим нь Хонгор сумын засаг захиргааны ажлын үр дүнд тооцогдох гэнэ. Харин Шарын голынхон харж хамгаалахаас өөр ашиггүй. “Ашиггүй гээд бид зүгээр суухгүй. Чадах чинээгээрээ ажиллана” гэдгээ сумын Засаг дарга Б.Жаргал дэд сайдад ам бардам хэлж байна лээ.

 “ГАЗРЫН ХЭВЛИЙ” КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛСАН Ч…

 Шарын гол сумынхны санаа зовоож буй асууд­лын тэргүүнд “Газрын хэв­лий” хэмээх компани толгой цохиж яваа гэнэ. Шарын гол сумын иргэ­дийн цэвэр усны хангам­жийг нэмэгдүүлэх үүднээс Буултын хөндийд улсын төсвөөс 7.5 тэрбум төгрө­гөөр цэвэр усны байгуу­ламж барьж. Одоогоор ул­сын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийг зарцуулан ажил­лаж буй юм байна. Гэхдээ Засаг даргын  ярьс­наар цэвэр усны байгуу­лам­жийн гаргасан худаг­наас алт олборлогч “Газ­рын хэвлий” компанийн­хан насос шургуулан ус хэрэглэж буй гэнэ. Тэд өнгөрсөн жил баруун худагаас нь насосоор ус авч байгаад Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийнхний шаардлагаар энэ байдлаа зогсоосон бол саяхнаас эхлээд дахин ус авч эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тус компани цэвэр усны санд үйл ажиллагаа эрхэлж байгааг тэд дуулгаж байсан. Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын тамгын газраас 27 сая төгрөг гаргаж байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд энэ компанийн үйл ажиллагааг зогсоож, лицензийг нь цуцлах ёстой гэсэн ч ажил хэрэг болоогүй байна. Шарын гол сумын байгаль орчинд тулгарч буй өөр нэг асуудал нь гар аргаар алт олборлогчид. Шарын гол уурхай хувьчлагдснаас болж ажилгүй иргэдийн тоо ихэсч гар аргаар алт олборлогчид нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байсан. Тодруулбал, 2008 оноос өмнө Шарын гол уурхайд 800 хүн ажиллаж байсан өдгөө 400 хүн хү­рэх­гүй үгүйтэй ажиллаж байгаа аж. Мөн “Монгол алт” хөтөл­бөр анх хэрэгжсэн Шарын гол сумын Санжинтын хөндийд ямар ч нөхөн сэр­гээлт алга. “Эрэл”, “Алтан дорнод” компанийнхан нөхөн сэргэлтээ хийлгүй­гээр алт олборлогч жижиг аж ахуйн нэгжид зараад явсан бөгөөд өдгөө тус талбайд гар аргаар алт олборлогчид ажиллах бол­сон гэнэ. Энэ талаар Б.Жар­гал дарга “Бичил уурхайн журам амьдрал дээр хэрэгжих боломжгүй байна. Гурвалсан гэрээ­гээр гар аргаар алт олбор­логчдыг ажиллуулъя гэх  ч компанийн захирлууд хүлээн зөвшөөрдөг­гүй. Олон удаа гуйж нэг үзлээ. Бас шаардаж үзлээ. Үр дүн алга. Гар аргаар алт олборлогчдыг тараах гээд яваад очихоор өөдөөс зовлон тоочоод хэцүү. Үнэхээр л эхнэр, хүүхдээ дагуулаад талхныхаа мөнгөө олох гэж байгаа хүмүүсийг яалтай билээ. Амьдралыг бодохоор өрөв­дөөд, байгаль дэлхийгээ бодохоор хөөмөөр санаг­дах юм. Хоёрын хооронд, гурвын дунд хэцүү байна даа” хэмээн дэд сайддаа учирлаж байсан. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нөхөн сэргээлтээ хийлгүй орхисон аж ахуй нэгжтэй хариуцлага тооц­но гэдгээ амалж байсан юм. Ингээд Дархан-Уул аймгийн Бай­галь орчин, аялал жуучла­лын газрын дарга С.Ганзоригоос за­рим зүйлийг асууж тодрууллаа.

 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХЭРЭГТЭЙ БАЙНА

Дархан-Уул нь агаа­рын бохирдол ихтэй аймгийн нэг. Үүнийг багасгах талаар ямар ажил санаачилсан юм бол?

-Дархан-Уул аймгийн хэмжээнд агаарын бохирдлыг буруулах чиглэлээр аймгийн Засаг даргын захирамж гарсан. Эхний ээлжинд төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр хэд хэдэн ажил санаачиллаа. Тухайлбал, шохоо  шатаагч компанийн үйл ажиллагааг зогсоож,  Дархан хотод дутуу баригдсан барилгыг манаж байгаа зарим айл өрхийг төвлөрсөн дулаанаар хангаж байна. Мөн айл өрхөөс гарч байгаа хогийг ангилан ялгах хогийн сав байрлуулж байна. Үүний дүнд  тодорхой хэмжээгээр хог буурсан.

-Танай аймагт хууль бусаар лиценз  олгосон тухай яригддаг. Өнөөг хүртэл “Эрэл”, “Алтан­дорнод” компанийн­хан ашиг шимийг нь хүртсэн Шарын гол сумын нутаг дахь Санжинтын хөндийд нөхөн сэргээлт хийгээгүй байна?

-Лицензийг Ашигт малт­малын хэрэг эрхлэх газраас олгодог. Тус компаниуд нөхөн сэргээлтэд хариуцлагагүй хандсан зүйл байгаа. Үүнийг бодлогын төвшинд яаж нөхөн сэргээх, эзэнгүй орхисон газрыг яаж  байгалийн унаган төрхөнд нь оруулах вэ гэсэн чиглэлээр яамдууд ажлаа уялдуулах ёстой. Энэ асуудлыг нэн даруй шийдмээр байна. Бид ал­бан ёсоор холбогдох бай­гуул­лагад нь шаардлага хүргүүлдэг ч үр дүнд хүрсэн нь үгүй.

 ШААЗГАЙТЫН ГОЛЫН ОЛОН ТӨРЛИЙН РАШААН БҮГД ШИРГЭЖЭЭ

Шаазгайтын гол. Гуравхан жилийн өмнө энэ гол Шарын гол сумын төвийн ард иргэдийн ундны усны гол хэрэглээг хангаад зогсохгүй, малын бэлчээрийн чухал нөөц байж. Харин өдгөө бүх зүйл эсрэгээрээ эргэж, голын булаг шандыг даган наадах багачууд ховордож, алтанд улайрагчид л олширчээ. Манай сонин хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагын үүргээ гүйцэтгэж, байгаль дэлхийг сүйрүүлсэн гэмтнүүдийг газрын хөрсөнд нөхөн сэргээлтээ хийхийг нь шаардаж буй билээ. Шаазгайтын гол сумын иргэдийн унд, усны хэрэглээг хангадаг байсан ч өдгөө алт олборлогчдын уршгаар гол байсан гэх ул мөргүй болж ойртох тухай бодох ч хэрэггүй. Шаазгайтын гол дээхнэ үед эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг рашаан булаг олонтой байв. Бөөр, дотор эрхтэн, үе мөч, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг гээд олон рашаан оргилдог байж. Харин одоо булаг шанд ширгэж, урсац нь багасч, өнгө нь өөрчлөг­дөж, амь нь тасалдаж байна. Шаазгайтын голын эрэгт цэцэгс алаглан, хүүхэд багачууд тоглон өнждөг байсан үе нутгийн иргэдэд түүх болон үлджээ. Хоёр салаа урсгалтай байсан боловч анхны гольдрол дээр нь алт олборлогч “Зүнма” компанийнхан цөм татан ухан сэндийлж, голын гольдролыг шуудуу татан өөрчилж, хуучин урсгалынх нь орчмоор алт олборлож эхэлжээ. Гол даган ургасан бургасуудын ихэнх нь устаж, үлдсэн хэд нь үгүйрэн, өгөршиж байгаа нь гаслантай харагдана. Тус компани энд 2009 оноос эхлэн үйл ажилла­гаа явуулж эхэлсэн бөгөөд кадастрын зураггүйгээр газрын хэвлийг онгичиж, Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг уландаа гишгэснийг нутгийн иргэд хэлж байна лээ.  Тухайлбал, Шаазгайтын голын үнд­сэн гольдролыг өнгөрсөн 2011 оны долдугаар сард шуудуу татан өөрчилж, найман га газрыг танигда­хын аргагүй болгожээ. Ингэхдээ тэд голын анхны гольдролыг булж таглан, өөр шуудуу татан урсгасан байна.

 

 

Нийт: 7 Сэтгэгдэл

Rosa
2016 оны 12-р сарын 1

It’s really great that people are sharing this innftmarioo.

Eddie
2016 оны 12-р сарын 3

Furrealz? That’s maesulorvly good to know.

Chubby
2018 оны 9-р сарын 18

A praoocvtive insight! Just what we need!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *