Эрдмийн театраас үлээсэн шүгэл

11-р сарын 27, 2018 7:40 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 19
11-27-3яты

Р.ОЮУН

ТӨЛӨВЛӨСӨН “БАЯДЕРА” ТАСАРСАН ТЕАТРЫН НЭЭЛТ

Аравдугаар сарын 4-нд УДБЭТ-ын 56 дахь улирлын нээлтийг аравдугаар сарын 7-нд хийх гэж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийсэн. Жил бүрийн нээлт дуурь, балетаар эхэлдэг. Харин энэ жил “Баядера” балетаар эхлэх байсан ч тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатар, уран сайхны удирдагч Б.Түвшинбат нарын зөрчилдөөнөөс болоод болсонгүй. Энэ талаар уран сайхны удирдагч Б.Түвшинбат “Дуурийн театрын бодлого, уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа хүний хувьд дуурийн театр аравдугаар сард “Баядера” бүжгэн жүжгээр нээлтээ хийнэ гэдгээ хэлсэн чгуравдугаар сараас хойш ерөнхий зураач Г.Ганбаатартай үзэл бодол зөрчилдсөн. Өнөөдөр дуурийн театрынуран бүтээлчдээс намайг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна.

Би гарын үсэг зурсан хүмүүсийн хэнд нь ч гомдохгүй.Дуурийн бүх төсөв мөнгө ганцхан Г.Ганбаатар гэсэн зураачийн гэр бүл түүний төрсөн дүү Г.Оюуны хувийн данс, компаниар орж гардаг. 2011-2016 онд “Сонгодог урлаг 2” төсөлд улс мөнгө өгсөн юм билээ. Дуурийн театрт 580 сая төгрөг өгөхөд ихэнх мөнгө нь эдний хувийн дансаар орж гарсан. Сонгодог урлагийн эрдмийн театр маань нэг хүнд, нэг гэр бүлд барьцаалагдаж болохгүй. Бүх юм илэн далангүй нээлттэй сонгон шалгаруулалт, тендер зарлах ёстой гэж хэлснээр зөрчил эхэлсэн. Дуурийн нээлтийг энэ хүн ацан шалаанд оруулаад Дуурийн театрын дарга Ц.Түвшинтөгст “Энэ хүнийг чи авчирсан, чиний мэдлийн хүн. Энэ хүнээ зайлуулахгүй бол бид нээлтээ хийхгүй”хэмээн хүнд байдалд оруулж байна. Би 30 жил энэ урлагт ажилласны 20 гаруй жил Япон, Унгар, Герман, Америкт ажилласан. Надад театрынхаа нээлтэд саад болох тийм ёс суртахуун байхгүй. Монголын ард түмэн хүсэн хүлээж байгаа сонгодог урлагийнхаа нээлтийн тоглолтыг үзэх эрхтэй. Тиймээс би явна. Явахдаа би энэ хүмүүсээр доромжлуулаад гарын үсэг зуруулаад зайлдаг хүн биш. Би өөрийнхөө нэр төрийг сэргээнэ.Тэр тусмаа аравдугаар сарын 12-нд Дуурийн театрын сонгон шалгаруулалтаар хэн ирэх нь мэдэхгүй болохоор уран бүтээлчид айж байгаад эд нар тоглолт хийгээд намайг зайлуулна гэж байгаа. Би яваад өгч болно. Гэхдээ би үүнийг зүгээр өнгөрөөхгүй, сайдтай цаг авч уулзана. Энэ театрт ялзрал байгаа, хэдэн бүлэг хүмүүс Монголын урлагийг гартаа аваад боомилдог байж болохгүй” хэмээн мэдэгдэж байсан.

Гэтэл ийм мэдэгдэл хийснийх нь төлөө түүнийг арваннэгдүгээр сарын 5-ны УДБЭТ-ын захирлын 197 тоот тушаалаар ажлаас халжээ. УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс уран сайхны удирдагч Б.Түвшинбатыг ажлаас чөлөөлж байгаа шалтгааныг “театрын 56 дахь улирлын нээлтийн хэвлэлийн бага хурал дээр удирдлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагын дотоод үйл ажиллагааны талаар нотлогдоогүй мэдээллийг нийтэд зарлаж, Уран сайхны зөвлөлийн ажлыг цалгардуулан, хамт олны дунд зөрчилдөөнийг бий болгон ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан, мэргэжлийн ур чадваргүй болох нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон тул” гэсэн байна. Театрт болж байгаа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаа нягтлан шалгаж тодруулахын оронд гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс захирал хамгийн амархан аргыг буюу “шүгэл үлээгч”-ийг халах аргыг сонгожээ.

Уран сайхны удирдагч Б.Түвшинбат УДБЭТ-ын захиргаа, уран сайхны зөвлөлд 2018 оны есдүгээр сарын 21-нд өргөдөл гаргасан байна. Өргөдөлд Театрын уран сайхны удирдагчийн хувьд санал, хяналт, шаардлага тавих бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, боломжоо ашиглан уран сайхны зөвлөлийн хурлыг зургаан удаа хийсэн. Сүүлийн гурван удаагийн хурал хэрүүл маягтай зөвхөн хувийн атаа жөтөө болон хувирч, үндсэн зарчим театрын урын сангийн бодлого, урлаг, уран бүтээл яригдаж хуралдахаа болисон тухай дурдаад Уран сайхны удирдагчийн хувьд дуурийн театрын шинэ уран бүтээлийг сонгон шалгаруулалтаар явуулж байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.

УДБЭТ-Т ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГГҮЙ

11-27-3

УДБЭТ-ын уран сайхны удирдагч асан Б.Түвшинбат арваннэгдүгээр сарын 12-нд “Үндэсний мэдээллийн төв”-д ерөнхий зураач Г.Ганбаатарыг хууль зөрчиж байгаа болон шилэн дансны тухай хуулийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр 1979-1987 онд ЗХУ-ын Киев хотын бүжгийн сургуулийн академийг төгсөөд УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Зууны манлай бүжигчин, балетчин, Ардын жүжигчин Ю.Оюунтай бүжиглэж байсан аж. Б.Түвшинбат гадаадын театрт гэрээгээр ажиллаж эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, 30 гаруй жил Монголын балетын урлагийг сурталчилан таниулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан. 2013 оноос “Зөгийн үүр” хөтөлбөрт итгэн эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон сурч, мэдсэн мэдлэг боловсрол, туршлагаа дайчлан ажиллах сүүн цагаан сэтгэлээр Монгол Улсдаа ирсэн тухайгаа хурлын үеэр өөрийгөө танилцуулахдаа хэлж байсан.

Б.Түвшинбат театртаа болоод байгаа мөнгө санхүү хийгээд хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар ярихдаа “2018 оны нэгдүгээр сараас эхлэн УДБЭТ-ын уран сайхны удирдагчаар 10 сар ажилласан. Энэ хугацаанд алдаа дутагдал, ололт амжилт, боломж бололцоо, тайз, хувцас, тоглолтын чанарыг хянан уран бүтээлийн ажилд шаардлага тавьж ирсэн. “Баядера” бүжгэн жүжгийг 80 сая төгрөгөөр хийж болох байтал Г.Ганбаатар дүүтэйгээ нийлж 121 сая төгрөгийн төсөв оруулж ирсэн. Нийт зардлыг 80 сая гэсэн байхад нэмээд 40 саяыг олох мөнгө байхгүй гэдгийг тайлбарласан. Гэтэл ийм мөнгө гаргахгүй бол хийхгүй гэсэн. Уран бүтээл ямар ч сонгон шалгаруулалт, тендергүйгээр явагддаг. УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатар ашиг сонирхлын зөрчилтэй, Авлигын эсрэг тухай хууль, Шилэн дансны тухай хууль театрт хэрэгждэггүй, олон жил бугшсан алдаа дутагдал, ёс суртахуун, ёс зүйгүй явдал байна. Монгол Улсын хөдөлмөрийн хууль болон театрын дотоод журмын дагуу Шилэн дансны тухай хуулийг театрын уран бүтээлчид, ажилчид заавал мэдэх ёстой. Гэтэл уран бүтээлийн зардал ямар замаар хэн, хэзээ захиран зарцуулж байгааг нээлттэй ил тод  мэдээлдэггүй.

”Сонгодог хөтөлбөр 2” хөтөлбөр 2011-2016 онд дуурийн театрт шинээр тавигдсан 13 бүтээлд 219 сая 900, сэргээн тавигдсан уран бүтээлд 308 сая 300 мянга нийт 520 сая 200 мянган төгрөг зарцуулагдсан байна. Мөн театрын 2017 оны уран бүтээлд ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүй, хувийн дансаар захиран зарцуулагдсан театрын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатарын хувийн дансанд эсвэл компанийнх нь данс руу шилжүүлсэн байдаг” гэсэн юм. УДБЭТ-ын 2018-2019 оны улирлын тоглолтын нээлтийг “Баядера” бүжгэн жүжгээр хийхээр бүхий л ажлын төлөвлөгөөнд тусгагдан батлагдсан байсан ч төсөвлөсөн мөнгө, зураач нарын шаардсан мөнгө хоёрын  зөрүүнээс болоод хойшилсон гэдгийг тэрээр онцолж байсан.

Театрын уран сайхны удирдагчийн хувьд Б.Түвшинбатын зүгээс “Хэрэв 80 сая төгрөгийг та голоод байгаа бол театр тендер зарлая. Боломж олгож, салхи оруулаач ээ” гэхэд  шаардлага хүлээж аваагүй бөгөөд “Тамга дардаг дарга нь мэднэ” гэсэн байна. Ингэснээр уран бүтээлийн төлөвлөгөөнд орсон бүжгэн жүжиг хойшилсон байна. 312 сая төгрөгөөр бүтээх төсөвтэй “Игорь ван” дуурь дээр ч асуудлууд байгаа гэнэ. “Тоглолтын тайз, декорац зурагдахаа больсон. Театрын их урлагт хулдаас хэвлэх нь театрын нэр хүндэд яагаад ч байж болохгүй зүйл гэсэн мэдээллийг УДБЭТ-ын уран сайхны удирдагч асан хийсэн юм.

УДБЭТ-ЫН ЕРӨНХИЙ ЗУРААЧ Г.ГАНБААТАР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА ГЭВ

Харин энэ талаар УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатартай утсаар холбогдоход “Энэ хүн бичиг баримт, санхүүгийг бичиг бариад явж байгаа бол надад ч гэсэн баримт бий. Энэ талаар холбогдох байгууллагад хандана. Тэрний дараа яриа өгөх болно” гэсэн юм.

З.Энхболд: Ийм тушаал гаргаж, ийм мөнгө зарсан юм байна гэдэг нь шилэн данснаас харагдаж байх ёстой

 

УДБЭТ-аас үлээсэн шүгэл буюу уран сайхны удирдагч асан Б.Түвшинбатын олон нийтэд дэлгэсэн тус театрын хөрөнгө санхүүтэй  холбоотой асуудлаар БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

УДБЭТ-т үүсээд байгаа асуудлын талаар салбарын яам нь ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-УДБЭТ-т БСШУСЯ-наас ажлын хэсэг  2017 онд  төлөвлөгөөт дотоод аудит хийхэд цөөнгүй санхүүгийн зөрчил гарсан. Үүнтэй холбогдуулаад УДБЭТ-ын тухайн үеийн захирал Ч.Мөнхзулд хариуцлага тооцсон. Үүний дараа гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс захирал ажлыг үргэлжлүүлэх явцдаа өмнө нь гарсан санхүүгийн зөрчлийг арилгах, тодорхой арга хэмжээ авч ажиллах ёстой байсан. Гэтэл дотор нь ажиллаж байгаа, одоо ажлаасаа чөлөөлөгдсөн уран сайхны удирдагч Б.Түвшинбат манайд мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу бид өмнө нь хийсэн шалгалтын мэдээлэлтэй нь холбогдуулаад дуурийн театрын ерөнхий зураач Г.Ганбаатартай холбоотой асуудлыг шалгаж үзсэн. Г.Ганбаатарын хувьд 2011-2018 оны хооронд өөрийнхөө хувийн болон үүсгэн байгуулсан  компанийн дансаар 200 гаруй сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ авсан байна. Дуурийн театрын данснаас хувийн компанийн данс руу, дээрээс нь өөрийнхөө хувийн дансанд мөнгө хүлээж авсан байдаг юм байна. Талуудын байр суурийг оролцуулах шаардлагатай байдаг болохоор ерөнхий зураач Г.Ганбаатар, мэдээлэл ирүүлсэн уран сайхны удирдагч Б.Түвшинбаттай хоёуланг нь байлгаж байгаад ярихад Г.Ганбаатар энэ мөнгийг хувийн компанийнхаа дансаар хүлээж авснаа хүлээн зөвшөөрсөн.

Цаашид яамны зүгээс ямар хэмжээ авах вэ?

-Авлигын эсрэг хуулийн 4.1.2-т заасан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэсэн дотор ерөнхий зураачийн албан тушаал хамаардаг. Хоёрдугаарт, Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т заасан Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдэл, 3.1.4-т заасан Давуу байдал үүсгэсэн байж болзошгүй ийм нөхцлүүд үүссэн учраас Авлигын эсрэг хуулийн 6.2-т заасанчлан Төрийн эрх бүхий албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа олж мэдсэн авлигатай холбоотой асуудлыг шалгаж, шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй байвал Авлигатай тэмцэх газарт мэдэгдэнэ гэсний дагуу Авлигатай тэмцэх газарт хүргүүлэхээр төлөвлөөд байна. Мөн энэ байгууллагад үүссэн асуудлаар бид таван чиглэлийн зөвлөмжийг УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгст хүргүүлнэ.

Гаргаж ирж тавьсан асуудлынх нь төлөө тухайн хүнийг хэсэг хүн гарын үсэг зурж ажлаас халуулах нь шийдэх ганцхан арга зам гэж хэлж болохгүй. Тэгэхээр халах тушаал үндэслэлтэй гарсан эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэдгийг зөвлөмжид тусгасан.

УДБЭТ төсвийн байгууллага. Төсвийн мөнгө тухайн байгууллагад ажилладаг хүний хувийн данс руу шилжиж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгээд байна гэдгийг  уран сайхны удирдагч хэлсэн байсан?

-Энэ хамгийн гол асуудал. УДБЭТ-ын хувьд өөрийнхөө санхүүгийн тодорхой хэсгийг өөрсдийнхөө орлогоор бүрдүүлж байгаа. Хүмүүс тасалбар авахдаа кассанд мөнгө тушаадаг. Касс тухайн орлогыг улсын төвлөрсөн дансанд тушаах ёстой үйл явцаар явж байгаа. Улсын дансанд орж байгаа үзвэр, үйлчилгээний орлого бүрийг улсын орлогод тооцно. Эндээс орж ирсэн орлого болгоныг зарцуулахдаа эргээд хууль, журмынх нь дагуу зарцуулах ёстой.

“Сонгодог урлаг-2” хөтөлбөр хэрэгжиж дууссан. “Сонгодог урлаг-3” хөтөлбөрийг Засгийн газраас энэ жил баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой хөрөнгө мөнгө улсын төсөвт тусгагдсан байдаг. Дуурийн болон “Сонгодог урлаг-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгийг зарцуулах үйл явц нь дундаа алдаа үүссэн байна гэдгийг тогтоосон. Үүн дээр бид энэ алдааг залруулах зөвлөмжийг хүргэж байна. Цаашид ийм алдаа гаргахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Хэрэв ийм алдаа дахин гаргавал байгууллагын удирдлагыг чөлөөлөх, хариуцлага тооцох асуудал яригдана. Үүнээс цааш Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх, хохирлыг эргэж төлүүлэх гээд хуулийн байгууллагад шилжих болно.

УДБЭТ-ын шилэн данс нууцлагдмал юм шиг байна лээ?

-Шилэн дансны мэдээлэл ил байх ёстой. Шилэн дансны хуулиараа шилэн дансны мэдээлэл дутуу тавигдсаныг манай ажлын хэсэг өмнө нь гаргаж байсан. Шилэн данс таван сая төгрөгөөс дээш бүх гүйлгээ бүх иргэнд харагдах ёстой. Гүйлгээг хийсэн он, сартайгаас гадна тэр гүйлгээг хийсэн, хийх болсон шалтгаан бүхий тушаал нь иргэнд харагдах ёстой. Манай дарга ийм тушаал гаргаж, ийм хэмжээний мөнгө зарсан юм байна гэдгийг мэдэж байх ёстой. Төсвийг үр ашигтай зарцуулах ёстой, тэндээс хэдэн төгрөг хэмнэвэл тухайн байгууллага, хамт олон ямар нэг хэрэгтэй юм хийх хэрэгтэй. Эсвэл тэр уран бүтээлээ өргөжүүлээд өөр уран бүтээл тавихад нь хэрэгтэй юм уу, аль нэгэн байдлаар төсвийн үр ашиг, тухайн байгууллага, хамт олонд мэдэгдэх ёстой. Түүнээс мөнгийг үрж, дуусгахын тулд ажлыг хийж болохгүй гэдгийг дурдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *