Эрдэнэцагаан сумын ИТХ иргэдийнхээ итгэлийг эвджээ

8-р сарын 29, 2018 11:57 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 23
я7

Ч.ҮЛ-ОЛДОХ 

“Зууны мэдээ” сонин  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум хариуцлагагүй  уул уурхайн  хөлд чирэгдэж,  сүйрлийн ирмэгт хүрсэн тухай цуврал сурвалжлагыг өнгөрсөн тавдугаар сарын дундуур уншигчиддаа хүргэсэн. Сумын Засаг дарга нь Хятадын  компаниудын халаасанд орчихсон,  ИТХ-ын зарим төлөөлөгч  мөнгөтэй хүмүүст үйлчилдэг болсныг  иргэд нь хэлж байв. Сумын орлогч даргаар ажиллаж байсан мэдээлэлд ойр хүн,  энэ суманд төрж өсч, өдгөө нэр алдарт хүрсэн зарим эрхэм  лицензийн наймаа хийж явдаг гэх мэдээлэл ч дуулдсан. Тэд эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийнхээ саналыг авалгүй уул уурхайн зөвшөөрөл олгочихдог. Эсвэл ах дүү, хамаатан садан, танил талаа цуглуулж иргэдийн хурал хийсэн  гэх дүр эсгэж, шийдвэр гаргадаг . Эцэст нь мал, ан амьтан  бүү хэл малчид, иргэд  нь амьдрах аргагүй болж   тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаанд  хандсан ч  тоогоогүй бололтой. Аргагүйдсэн иргэд, малчид  хоёр хоногийн өмнөөс  сумынхаа төвд жагсч эхэлжээ.

 Эрдэнэцагаан сумын  нутагт /ганц энэ сум ч гэлтгүй аймгийн нийт нутагт/   жонш  гэх нэрээр алт, уран болон өөр төрлийн  хайгуул хийдэг  компани сүүлийн үед олширсон. Түүний нэг болох Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “АДАЭ” компани Эрдэнэцагаан сумын III багийн нутаг тахилгат Баянцагаан хайрхны ар хормой буюу Хамар булаг гэдэг газар гаргахаар зэхэж байгааг өнгөрсөн хавар тус сумын иргэд хэлж байсан юм. Тус компани МҮ-000307796 тоот тусгай зөвшөөрөлтэй жоншны ордын 631.0466 га талбайг 30 жил эзэмшихээр авах гэж зөвшөөрөл хөөцөлдсөн ч  багийн  иргэд зөвшөөрөөгүй.  Иймд олон удаа энд тэнд хурал хийсэн байдаг. Сумын Засаг дарга нь санаачлан  Хятадын компанийн байранд хүртэл иргэдийн хурлаа зохион байгуулсан удаатай. Эцэст нь  албан газрууд, тэр дотроо дунд сургуулийн “Фургон” автомашин, мөн хувь хүмүүсийн унааг дайчлан өөрсдийн талд шийдвэр гаргах хүмүүсийг бүрдүүлэн  гурван удаа хурал хийлгэсэн ч  хоёрт нь газар шороогоо ухуулахгүй гэсэн иргэд  нь олонх болсон байдаг.

Мөн “АДАЭ” компани хуурамч зөвшөөрөл үзүүлж байж болзошгүйг зарим иргэн мэдээлж байсан юм. Учир нь тус компани Урт булаг, Хамар булаг гэдэг газар зөвшөөрөл авсан гэж байгаа атал зөвшөөрөл дээр “Эрдэнэцагаан” гэж бичсэн байдаг. Эрдэнэцагаан гэдэг нь сумын төвийн нэр бөгөөд ийм нэртэй газар байхгүй. Компанийн танилцуулга нь ч хуурамч бөгөөд Тамсагийн тал болон Архангай аймгийн нэг уулын  зургийг тавиад хэвлүүлчихсэн байх жишээтэй.  Дээр нь өнгөрсөн жил тус компани гал алдсанаас түймэрт дөрвөн хүний амь нас эрсэдсэн ч хэргийг зувчуулж хариуцлага хүлээгээгүй аж.  Итгэл үзүүлж болохгүй ийм олон баримт байсаар атал  Эрдэнэцагаан сумын ИТХ  өнгөрсөн даваа гаригт хуралдахдаа хэлэлцэх асуудлын жагсаалтад  байхгүй Хамар булаг дахь жоншны уурхайн зөвшөөрлийг   баталсан байна. Ингэхдээ уг асуудлыг  “Бусад” гэсэн  нууцлагдмал томъёолоор оруулж  ИТХ-ын зарим төлөөлөгчийг  болон  иргэдээ төөрөлдүүлжээ. Мөн  ИТХ-ын  27 төлөөлөгчөөс  найм нь   оролцох боломжгүй аймаг, хот руу явсан араар гэнэт хурал зарласан  байгаа юм. Шийдвэр гаргахад 19 төлөөлөгчийн нэгээс бусад нь дэмжсэнээр Хамар булаг гэдэг газарт 30 жилийн хугацаатай  жоншны  гэх нэртэй ч юу олборлох нь эргэлзээ  дагуулж буй тус  уурхайн  ажиллах  эрх нээгджээ. Үүнийг эсэргүүцсэн тус сумын III багийнхан   нутаг орноо гэсэн чин сэтгэлтэй иргэдийн хамт  жагсаал зохион байгуулаад байгаа юм. Мөн тэд  иргэний нийгмийн байгууллагууд,  байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ,  УИХ дахь эх оронч түшээдийг  эх орны өмнөд хийлийн бүс нутгийг хамгаалах үйлсэд  нэгдэхийг уриалжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *