ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ТӨР “ХУУЛЬ ЁСООР” БУЛААСАН УУ?

2-р сарын 15, 2017 9:27 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 24
1-1

С.ЧУЛУУТ

 “Монгол Улс хуулиа хэрхэн биелүүлдгийг харуулнагэж Ц.Нямдорж тэргүүтэй 49 гишүүний шийдвэрлэсэн Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн өмч болгох тухай УИХын тогтоол нь хууль зөрчсөн болохыг хуульчид, улс төрийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар бичиж байна. Монголын зэс корпорациЭрдэнэт”-тэй холбоотой улстөрчдийн шахааг дэлгэж, үнэнийг илчлэх ёстой гэж үзэх хэсэг байхад, энэ тогтоол хууль шүүхээсээ давж, олон улсын түвшинд хэл ам татсан ноцтой асуудал үүсгэж болзошгүй гэж болгоомжлох нь ч байна. УИХ нь Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг хууль зөрчсөн эсэхэд хяналт тавьж, залруулах бүрэн эрхтэй. ГэвчЭрдэнэт үйлдвэрХХК, “МонголросцветметХХКийн талаар авах зарим арга хэмжээний тухайУИХын тогтоол нь шууд улс төрийн зорилготойгоор муйхарлан баталсан нь хэд хэдэн зүйлээс тодорхой харагдаж байна. Тогтоолын хоёрдугаар заалтад “…49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах…”-аар шийдвэрлэсэн байдаг. Зүй нь бол төр, хувь хүн, байгууллага хэн ч бай өмчөө хууль бусаар алдсан гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй. Шүүх гомдлыг нягталж шалгаад тогтоосны дараа гаргасан шийдвэрийг нь үндэслэн УИХ залруулж болох байлаа. Гэтэл Монголын хууль тогтоох байгууллага шүүх засаглалынхаа урдуур орж, “алдагдсангэх өмчөө шууд булааж авсан. УИХаар Засгийн газрын үйл ажиллагааны алдаа зөрчлийг дурдаад, оролцогч талуудад хууль зөрчиж гэрээ хэлцэл хийснийг, энэхүү зөрчлөө арилгаж, гэрээг цуцлах тухай, хэрэв Ростех болон Монголын зэс корпораци үл зөвшөөрвөл эрх ашгаа хамгаалуулахаар олон улсын Арбитрын шүүхэд хандах мэдэгдлийг албан ёсоор хүргүүлэх тухай уг тогтоолд тусгаж, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газартаа өгөх байсан.

Түүнчлэн “алдагдсан” гэх өмчөө хамгаалах зорилгоор Засгийн газарт энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоохыг үүрэгдэж болно. Энэ хүрээнд өндөр үнийн дүнтэй гэрээ хэлэлцээрийг Ерөнхий сайдын шууд удирдлага дор байгуулах, хөрөнгийн бүртгэлийг шинээр нарийвчлан хийж, хяналтыг чангатгах зэрэг үйл ажиллагаа явуулахыг Засгийн газарт даалгах тогтоолын төсөл байх ёстой байсан. Харамсалтай нь УИХ тэгсэнгүй, хэт түрэмгийлэн өмчийг булааж авах тогтоол баталсан нь, өнөөдөр нийгэмд хардлага дагуулж байгаа “шахааны” бизнесээ хяналтгүй хийх эрх ашгийн төлөө гаргасан шийдвэр болж харагдаад байна. Хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол бүх үйлдэл, гарч буй тогтоол, шийдвэрүүд хуулийн хүрээнд л байх ёстой. Хэрэв Ростех, “Монголын зэс” компаниуд гэрээгээ цуцлахгүй, 49 хувийг буцааж өгөхгүй гэвэл Монголын Засгийн газар олон улсын Арбитрын шүүхэд хандах эрх нь нээлттэй. Ялалт байгуулж чадвал гэрээнд оролцогч талуудаар шүүхийн, өмгөөллийн зардлыг төлүүлж, Монгол Улс Эрдэнэтийн 49 хувиа буцааж авна. Харин Арбитрын шүүх уг гэрээг хууль зөрчөөгүй гэж үзвэл Монголын Засгийн газар ялагдал хүлээж, Монголын зэс корпораци 49 хувийг эзэмшээд, төр хувийн хэвшлийн хамтарсан удирлдага дор Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа цаашид явагдана. Үүний зэрэгцээ дотооддоо холбогдох шалгалтуудыг явуулах чиг үүргийг ч харъяалах газруудад нь өгөх ёстой. Тухайн үеийн Засгийн Газрын эрх бүхий албан тушаалтнууд, энэ арилжаанд оролцогсдын үйлдэл Эрүүгийн хууль тогтоомж зөрчсөн эсэх, зөрчсөн гэвэл гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх, Худалдаа, хөгжлийн банкны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг Төв банкаар шалгуулж, зөрчсөн нь тогтоогдвол хуульд заасан хариуцлагыг тооцохыг үүрэг болгох ёстой. Ер нь бүгдээрээ хуулийнхаа хүрээнд л ажиллах ёстой шүү дээ.

Эх сурвал: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *