Энэтхэг, Хятадын дунд гацсан 1.3 тэрбум ам.доллар хаачих вэ

8-р сарын 2, 2017 9:31 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 8
20562912_1609618875776108_1714229051_n

Ж.ЦОГЗОЛМАА

Хятадын хувьд урьд өмнө нь байгаагүй хамгийн том гэрээ хэлцэл гэж хэлж болохоор нэгэн наймаа гацаанд ороод байгаа талаар “Блүүмберг” мэдээллээ. Тодруулбал, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Shanghai Fosun Pharmaceutical Group Co.”-ээс Энэтхэгийн эм үйлдвэрлэгч компанийг худалдан авах 1.3 тэрбум ам.долларын саналыг Энэтхэгийн тал буцаах төлөвтэй байгаа юм.

Ерөнхий сайд Нарендра Модигоор удирдуулсан Эдийн засгийн хэрэг эрхлэх хорооноос “Gland Pharma Ltd.”-ын 86 хувийг худалдан авах хүсэлт гаргасан Хятадын фирмийн саналыг хойшлуулах шийдвэр гаргасан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор энэ талаар холбогдох байгууллагууд нь албан ёсны мэдээлэл гаргаагүй аж. Гималайн нурууны газар нутгийн маргаантайгаар олон жилийг үдсэн Өмнөд Азийн худалдааны хамгийн том хамтрагчид болох Хятад-Энэтхэгийн хурцадмал байдалд энэ нь тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй гэж ажиглагчид харж байна. Түүнчлэн энэхүү наймаа ийнхүү буцсанаар Gland Pharma нэрээр АНУ-д эм, тариа, эмчилгээний багаж төхөөрөмжийг тогтвортойгоор нийлүүлж ирсэн “Fosun Pharma”-д уналт авчрах нь тодорхой билээ. Энэ хэлэлцээнд оролцоогүй боловч компанийн нэгдэл болон худалдан авалтаар мэргэшсэн хуульч, Мумбай дахь “Veritas Legal”-ийн хамтрагч Абхижит Жоши “Энэ бараг л хориг арга хэмжээтэй адилхан байна” гэжээ. Мөн тэрээр “Хэлэлцээг буцаасан нь яг л “Хятадын бизнесийг хоригло” гэсэн дохио өгч байгаатай адилхан хэрэг боллоо. Ингэснээрээ худалдааны замаар хариу цохилт өгөх магадлалтайг ч харуулж байна” гэж нэмж хэлжээ.

Хятадын тэрбумтан Гуо Гуанчангийн дэмжлэг бүхий “Fosun Pharma” өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Gland Pharma дээрх гэрээ хэлэлцээний дүгнэлтийн талаарх ямар нэгэн мэдэл Энэтхэгийн Засгийн газраас хүлээн аваагүй” хэмээн мэдээлсэн байна. Цаашид энэхүү гэрээ хэлцэл хэрхэн шийдэгдэх нь олон улсын анхаарлын төвд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *