Энэ парламентын сүүлчийн намрын чуулганыг хаав

2-р сарын 8, 2016 1:03 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 50
йөй

М.ЦЭЦЭГ

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганыг өнгөрсөн баасан гаригт хаав. Энэ чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталлаа. Эдгээрийн дотор бие даасан хууль 26, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 347, хууль хүчингүй болгох тухай хууль 28, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай хууль 11 байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай, Хамтын тэтгэврийн тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай зэрэг бие даасан чухал хуулиудыг баталжээ. Хувь хүний орлогын албан татварын тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ.

Сонгуулийн хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлжээ. УИХ-ын дарга З.Энхболд чуул­ганыг хааж үг хэлэхдээ “Монгол Улс хүн амынхаа орон сууцжилтын түвш­нээр олон улсын тавцанд хойгуур байр эзэлдэг. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо манай хүн амын амьжиргааны чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Харамсалтай нь, Үндсэн хуулийн цэцийн ташаа шийдвэрээс улбаалан энэхүү харилцаа гацаанд орж, зогссон тул УИХ яаралтай арга хэмжээ авч, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталснаар ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүллээ. Хууль баталснаас хойшх хоёрхон долоо хоногт нийт 379 зээлдэгч 23.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлд хамрагджээ. Зөв­хөн “Буянт Ухаа-2” төсөл дээр гэхэд 200 айл зээлийн гэрээ байгуулж, цагаан сарын баяраас өмнө шинэ орон сууцандаа орж амжсан байна. Цаана нь ойрын хугацаанд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 18000 орчим өрх байна” гэж онцлов.

Хэдийгээр олон хууль, тогтоол баталсан ч гэлээ намрын чуулганаар Засгийн газрын танхим өөрчлөгдөж, мөн Ерөнхий сайдыг огцруулах тухай гээд нэлээд цаг авсан томилгоонууд хэлэлцсэн билээ. Хэлэлцэхээр төлөвлөсөн 21 асуудлын 10-ыг нь баталж, ажлын үр дүн ердөө 50 хувьтай байгааг сөрөг хүчний гишүүд онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *