Экс сайд нар санасандаа хүрч, сарвайснаа авч байна

10-р сарын 26, 2018 7:25 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 21
10-26-1

Б.ДАМДИН-ОЧИР

Яг үнэнийг хэлэхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газар сайд нараасаа л болж унасан юм. Гурван ч сайд хувийн компанидаа концессын гэрээ авч, нийгмээрээ түүнийг нь жигшиж зэвүүцсэн. Өрсөлдөгчид нь ч энэ сэтгэл зүй дээр гарамгай тоглож, хоёрхон сар “нүдээд” Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг танхи­маар нь огцруулж байлаа. Ж.Эрдэнэбат 2017 оны есдү­гээр сарын 7-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганд Ерөнхий сайдын хувьд хамгийн сүүлд үг хэ­лэхдээ “…Намайг Ерөнхий сайдаас огцруулах гурван үндэслэлийн нэг нь эдийн засгийн асуудал, нө­гөө нь Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн ялагдлын хариуцлага, гурав дахь нь Концессын гэрээний тухай дурджээ.

Сая би хэлсэн үгэндээ эхний хоёрт дэлгэрэнгүй хариуллаа. Намайг сайд нартаа концесс хувааж өгсөн гэж буруутгасан. Долоон концессын асуудал манай Засгийн газартай нэр холбогдсон нь үнэн. Гэхдээ эдгээр долоон концессын тав нь өмнөх Засгийн газруудын үед шийдвэр нь гарсан, гэрээгээ байгуулсан,  ажил нь эхэлсэн төслүүд байгаа юм. Өмнөх Засгийн газруудын үед шийдвэр нь гарсан эдгээр концессын гэрээг эргэж харах болсон нь ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотой.

Өмнөх гэрээгээр бол эдгээр таван концессын эргэн төлөлтийг 2017, 2018 оноос эхлэн улсын төсвөөс  хийхээр байсныг ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор хойшлуулж 2020, 2021 он болгосон. Ингэж зөвшилцөх явцдаа концесс тус бүрийн үнийн дүнг бууруулж, нийтдээ 280 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийж улсын төсвөөс эргэн төлөх ачааллыг бууруулсан. Ямар нэгэн хууль зөрчиж, эсвэл эрх ашгийн зөрчил үүсгэж нэг ч  концессын өмнөх эзэмшигчийг солиогүй. Хэрвээ концессын эдгээр төсөл дээр Шинээр гэрээ байгуулсан, Гэрээний хуучин үнийн дүнг нэмэгдүүлсэн, Улсын төсвөөс төлбөр нөхөн төлөх хугацааг наашлуулсан, Өмнө нь байсан концесс эзэмшигчийг хууль бус шалтгаанаар сольсон, Улсын төсвөөс нэг төгрөгийн нөхөн төлбөр хийсэн байвал бид хариуцлага хүлээж, сайн дураараа огцроход бэлэн байна. Үлдэж буй хоёр концессын тухайд  Дорноговийн зам, Хан-Уул дүүргийн эмнэлэг хоёр байгаа” гэж байв.

Үүнээс хэд хоногийн өмнө, наймдугаар сарын 16-нд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тэр хурал дээр Шадар сайд У.Хүрэлсүх “…Эрдэнэбат аа, чи Мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсний шан. 65 суудалтай байж чам шиг арчаагүй Ерөнхий сайд байдаггүй юм. Харин би Шадар сайдын хувьд түшиж, тулж явсан байх шүү. Энэ мөчид би ч гэсэн Шадар сайдын ажлаа өгөх гэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэж байсан юм.

Удалгүй УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн бариад, улмаар ээлжит бус чуулган хуралдаж, Ж.Эрдэнэбатын танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан юм.

Энэ бүхэн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хадам ахын “Засаг чандмань майнз” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130 км хатуу хучилттай авто замыг концессоор хэрэгжүүлэх ажлыг авчээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын МАК компани Чойр-Цагаан суваргын чиглэлд 220 КВ-ын хоёр хэлхээ шугам барих концессын гэрээтэй. Бас Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Алтай трест” ХХК нь Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт төслийн  концессыг 78тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан зэрэгтэй  холбоотой юм.

Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, нөгөөх гурван сайд нар сул гишүүн болсон. Харин Шадар сайд байсан У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон.

Төсөв хэлэлцэж байгаа энэ үед тун тоогүй нэг асуудал ил болж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад шинээр орж ирсэн найман ажил байна.

78 225.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Говьсүмбэр аймагт баригдаж буй “Чойр” дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 42 150.5 саяыг, 6 116.4 саяын төсөвтэй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн барилгад бүгдийг, 2 806.8 саяын өртөгтэй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын цэцэрлэгийн барилгад бүгдийг, Ховд аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн барилгын 2 105.7 сая төгрөгийг бүгдийг, Хөвсгөл аймгийн Тариалан сум дахь Соёл, спортын цогцолборын 3 616.5 сая төгрөгийг бүгдийг, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн голын гүүрийн 767.5 сая төгрөгийн бүгдийг, 26 640.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Дархан, Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай автозамын 2.630 тэрбум төгрөгийг, Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган дэд бүтэц барих 25 724.6 саятөгрөгийн 2 000.0 саяыг ирэх 2019 онд улсын төсвөөс өгнө гэжээ.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан 2019 оны төсвийн ажлын хэсгээс концессын гэрээнүүдтэй холбоотой нэг хачирхалтай санал оруулж ирсэн байна.

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2019 онд санхүүжүүлэх дүнд нөлөөлөхгүй, төсөл арга хэмжээнд зохицуулалт хийх саналууд гээд “…25 724.6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2 000.0 сая төгрөгийн 2019 онд санхүүжих дүнтэй “Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих” гэсэн төөсөл арга хэмжээг төслөөс хасах, 78 225.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 42 105.5 сая төгрөгийн 2019 онд санхүүжих дүнтэй “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт /Говь-Сүмбэр/” гэсэн төсөл арга хэмжээний 2019 онд санхүүжих дүнг 5 000.0 сая төгрөгөөр бууруулж, энэ хоёр төсөл арга хэмжээний бууруулсан болон хассан нийт 7 000.0 сая төгрөгийн эх үүсвэрээр 2019 онд санхүүжигдэх Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн 220 кв-ын хоёр хэлхээт ЦДАШ, дэд станц барих, төсөвт өртөг 79 291.0 сая төгрөг, хэрэгжих хугацаа 2017-2019 гэсэн төсөл арга хэмжээг төсөлд нэмж тусгах” гэсэн саналыг Ажлын хэсгээс гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, ирэх онд Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийг хийж буй “Алтай трест” ХХК-ийн авах 42 105.5 сая төгрөгөөс 5 000.0 саяыг, Яармагийн хүүхдийн эмнэлгийг барьж буй “Томо бюлдинг” ХХК-ийн авах гэж байсан 2 000.0 сая төгрөг, нийлээд 7 000.0 сая төгрөгийг Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн 220 кв-ын хоёр хэлхээт ЦДАШ, дэд станц барьж буй “МАК” компанид өгөхөөр шийдсэн байгаа юм. “МАК”-ийн энэ концесс жил гаруйн өмнө МАН-ынхны дунд нэлээд хэрүүл тарьж байсан юм. 2017 оны дөрөвдүгээр сарын 20-доор МАН-ын бүлэг төсвийн тодотгол тойрсон асуудлыг шөнө дүл болтол хэлэлцсэн. Тэр үеэр төсвийн тодотголоос гадуур хэмээн яригдаж буй концессын долоон төрлийн гэрээ яригдах үед Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга хоёрын маргаан дээд цэгтээ хүрсэн байдаг.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдад хандаж “…Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. “МАК” компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад яахаараа өгдөг юм. Бас “Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ. Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон юмыг мэднэ. Ерөөсөө энэ Концессыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэв.

Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “… Үгээ бодож яриарай. Цагаан суварга руу эрчим хүч татахгүй яах юм бэ. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ” гэж байв.

Ер нь бол барьж дууссаныхаа дараа улсаас мөнгөө нэхэх учиртай концессын гэрээг дуусаагүй байхад нь улсын төсвөөс тэрбум тэрбумаар угжиж байна. Угжуулаад байгаа нь жирийн иргэний биш УИХ-ын гишүүн, экс сайд нарын хувийн компани байхаар анхаарал татахгүй байхын аргагүй.

Сайд байхдаа концессын гэрээ авчихна. Сайдаас буусан ч ажил нь дуусаагүй тэр төсөлдөө санхүүжилт тусгуулчихна. Бяртай гэж жигтэйхэн.

Гэвч ганцхан жилийн өмнө концесс хувааж идлээ гээд үзэж харж чадахгүй байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэдний компаниудад төсөв тавьсан нь ийм учиртай гээд Төрийн ордноор нэвт ярьж байна. Нөгөөдүүл Ерөнхий сайдыг концессын төсөлд нь төсөв өгөхгүй байхын аргагүй болгосон юм байх. Яг яаж гэдгийг харин ярихгүй байна.

Ямартай ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН ялагдаж магадгүй гэсэн прогнозыг энэ намынхан хүлээн зөвшөөрчихсөн байна. Тиймээс 2020 оноос өмнө 2019 оны төсөвт улсаас авах юмаа шингээгээд гаргаж авч байгаа бололтой юм.

Эцсийн дүндээ, экс сайд нар санасандаа хүрч, сарвайснаа авч байна л гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *