“Eco beauty” салоны шидэт үйлчилгээ буюу “Халгай”-н нууц

5-р сарын 18, 2018 10:26 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 56
5-18-7

Б.ТУУЛ

Хаврын улиралд, эрт түүсэн халгай эрүүл мэнд төдийгүй гоо сайханд эм болдог гэдэг. Тиймээс халгайн хандаар олон “шидэт” үйлчилгээг хүмүүст хүргэж буй “Eco Beauty” салоны захирал Т.Оюунжаргалтай  ярилцлаа. Үйлчлүүлэгчид түүнийг Даагий нэрээр нь илүүүтэй таньдаг билээ.

-Танай салон байгуулагдаад 10 гаруй жил болжээ. Өнөөдөр өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй, өөрсдийн нэрийн хуудас болсон эко үйлчилгээтэй, олонд танигдсан чадварлаг хамт олон болж чаджээ. Нууц нь юунд байв?

-Үсээ янзлуулаад гоё сайхан харагдах нэг хэрэг, эрүүл сайхан үстэй байна гэдэг өөр хэрэг. Эмээ маань намайг багад үсийг минь халгайгаар угааж өгдөг  байсан юм. Эмээгийнхээ тэр жорыг ашиглахаар шийдэж, 2008 оноос халгайгаар үйлчлүүлэгчдийнхээ үсийг угааж үс уналт, үсний гэмтэлтэй “байлдаж ” эхэлсэн. Үр дүн нь ч гайхалтай сайн байсан. Халгайгаа 3-4 хуруу байхад нь өөрөө явж бэлддэг байлаа. Одоо тэр үеийг бодоход  салон  маань дэргэдээ лабораторитай, химич мэргэжилтэнтэй болсон. Бид одоо өөрсдийн тусгай жорын дагуу халгайгаар бэлдсэн шингэн бэлдмэлийг үсийг эрүүлжүүлэхдээ ашиглаж байна.  Бид жил бүр тавдугаар сарын эхээр  жилийнхээ нөөцийг хураадаг. Миний ойрын 10 жилийн төлөвлөгөө гэвэл халгайн энэ бэлдмэлээ бүтээгдэхүүн  болгоод олон улсын зах зээлд гаргахаар зорьж байгаа. Үс уналт дэлхийн асуудал болчихоод байна. Технологийн дэвшил, улс орнуудын хөгжил дэвшил сайжрах тусам хүмүүст үс  уналтын асуудал илүү ихээр тулгарч байна. Тиймээс Монголоор овоглосон энэ бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилготой.

-Ажиглаад  байхад өнөөдөр үс уналт хүн бүрийн санааг  зовоох болжээ.Юунаас үүдэлтэй вэ?

-Намайг  үсчин хийж эхлэх үед хүмүүсийн үс адууны дэл сүүл шиг  л  ширүүн, оригиналь  байсан. Хүмүүс үсээ зөөлөн шулуун болгохыг л хүсдэг байлаа. Гэтэл одоо эсрэгээрээ яаж үстэй болох вэ, яаж илүү өтгөн үстэй болж залуухан харагдах вэ гэдэг болсон. Үс шингэн байхаар хүн оворжуу туниа муутай харагддаг. Тэгэхээр үс хүний гоо үзэмжээс гадна карьер, сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг. Өглөө босоод бид  нүүрэндээ лосьон түрхээд арчилдаг шиг үсээ бас ингэж арчлах ёстой. Үс уналтын шалтгаан маш олон янз. Тухайлбал, хими будаг  хийх тусам үс арзайгаад биегүй болж, цоргоны усаар угаахаар дарайсан  юм болчихдог. Энэ бэрхшээл төрсөн эмэгтэйчүүдэд их тулгарна. Эрчүүдийн хувьд самнах тусам унасаар орой дээрээ үсгүй хоёр хажуугаараа хэдхэн үстэй үлддэг. Агаарын бохирдол хэт их ядрах зэргээс болж байна. Автомашин асаалттай үед утаагаараа хар тугалга ялгаруулдаг. Энэ хар тугалга хүний бие болон үсэнд шингэхээрээ үсний уганд байдаг хүүдийнцэрийг гэмтээж үсний тослогжилтыг нэмэгдүүлдэг. Дархлаа сулрах, хоол тэжээлийн хомсдол, архаг  цус багадалт,  цэвэршилт, эр бэлгийн даавар багасах зэрэг нь үс унахад нөлөөлнө. Жим фитнесст яваад уураг их  хэрэглэх нь хүртэл эргээд үс унахад нөлөөлнө.  Учир нь уураг нь ихээр хэрэглэхэд элгийг гэмтээхээс гадна  үсний хүүдийнцэрийг устгадаг. Үсний хүүдийнцэр гэдэг  энгийн үгээр бол ногооны үндэс гэсэн үг. Үндэс гэмтээд ирэхээрээ л ногоо ургах чадваргүй болдог шиг хүүдийнцэр гэмтэхэд үс туниагүй, өнгөгүй болоод унадаг. Нэг хоногт хүнд сая орчим үс  ургаж байхад 1000 орчим нь эргээд унадаг.

-Тэгвэл бид үсээ угаах, саван, шампуниа сонгохдоо хүртэл анхаарах нь. Эрүүл үс, эрүүл хуйхтай байх шалгарсан аргуудаасаа хэлж өгөөч?

-Хүмүүс ер нь нийтлэг үсээ зөв угааж чаддаггүй. Үсийг ер нь доод тал нь 4-5 минутын турш зөөлөн массажлан угаах хэрэгтэй. Хуйхаа сайхан массажлан үснийхээ угаас үзүүр хүртэл шампуниа тараагаад угаахад 10 орчим минутын дараа үс хяхтнаж дуугардаг. Яг ингэж дугарсан үед  та үсээ зөв угаажээ гэж бодож болно. Хуйхны цэвэрлэгээ гэдэг бол  яг ийм угаалтыг хэд хэдэн удаа хийж гүн цэвэрлэнэ гэсэн үг. Зүгээр л  хөөсрүүлээд усаар зайлах үед хуйхны бохирдлын өнгөц хэсэг  л арилна уу гэхээс бохирдол бүрэн арилахгүй. Ер нь үсийг 3-4 хоногийн зайтай угаавал хамгийн зөв арчилгаа, үс уналтын эсрэг өөрөө өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Манай салон нийгмийн хариуцлагын хүрээнд үсний оношилгоо зөвлөгөөг үнэгүй өгдөг. Оношлогоог тусгай аппаратаар хийнэ .Үсний эхо аппарат ч гэж бид нэрлэх нь  бий. Үсний тоо ширхэг нэг булцуунаас хэд  байх ёстойгоос хэд  болсон байна. Хуйхны бохирдол хэр  байна. Хуйхан дээр ямар идээт үрэвсэл туурсан байна, хүүдийнцэрийн битүүрэл явагдсан эсэх гэх мэт анхан шатны оношилгоог хэдэн мянга дахин томруулсан аппаратаар харж болдог. Хоёрт, үс уналт хүндрээд үсний тослогжилт ихэссэн үед эвгүй хөлсөрхөг нэгшсэн үнэр үнэртдэг. Энэ нь хуйхны асуудал хүндсэрний шинж тэмдэг. Энэ үед хүмүүс хуйхнаас эвгүй унэр гарлаа гээд өдөр болгон толгойгоо угаадаг. Энэ хамгийн  буруу.

-Үсэндээ хүмүүс халуун бигнүүр их тавьдаг. Энэ хэр зөв арга вэ. Мөн таныг цахим хуудсаараа дамжуулан олон зөвлөгөөг өгдөг гэж сонссон?

-Хуйх бохир байна гэдэг эргээд үсний бат бэх байдал, гялалзах  чанарт нөлөөлдөг. Та үсээ зөв угаагаад эхлэнгүүт үс тослогтоод ирдэг нь багасч угаалтын  зай аяндаа холдоод ирнэ. Тиймээс 10 жилийн хөдөлмөр, практикаас шалгарсан аргуудаасаа фэйсбүүк, лайваар мөн өөрсдийн  үйлчлүүлэгчиддээ хуваалцдаг юм. Би өөрийн үйлчлүүлэгч бүртээ өгдөг зөвлөгөөгөө энд хэлье. Үсээ шампуньдаад  сайхан  хөөсрүүлсний дараа гялгар уутан  малгай өмс. Малгайтай 10-15 минут байхад тэнд бичил хүлэмж шиг орчин бий болно. Хөлрөлт үүсээд хүчилтөрөгч бий болж хуйхыг цэвэрлэхээс гадна үсний үндэс болсон хүүдийнцэрийг бат бэх болгодог учиртай. Ингэж угаасан үед л тухайн шампуньд байсан хэрэгтэй бодис шим тэжээл  маань үсэндээ шимэгдэж шингэж өгнө. Үүнээс гадна зөв сонгох нь чухал. өөртөө тохирох аль болох эко  саван  шампуниа сонгохыг чухалчил.

-Химийн найрлага өндөртэй шампунь, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хоёрын ялгааг тайлбарлаж өгөөч?

– Хэрэглэгчид гоё үнэр, сайхан сав баглаа боодолтой, мөн сайн хөөсөрдөг бол сайн шампунь  гээд бодчихдог. Гэтэл сайн хөөсрүүлэхийн тулд сульфат, парабейн, тиазолин гэж бодис,гялалзуулахын тулд фосфор гэж бодис шампунийн найрлагад нэмдэг. Энэ бүх бодис үс гэмтээдэг. Харин манай халгайн эмчилгээг үнэртэй, үсийг зууралдуулдаг гэдэг ч найрлаганд нь байгаа байгалийн гаралтай бодисууд үсэн дээрх химийн бодисуудтай байлдаан хийдэг. 3-4 хоног угаасны дараа үс  аяндаа зөөлөрдөг. Үсэнд хими будаг  их хийгээд ирэхээр  үсний шүлтлэг чанар нь өндөр болчихдог. Ингээд  үс арзгар дэргэр сунамтгай болж эхэлнэ. Энэ үед нь  хүчиллэг шампуниар угаахад хүчил шүлтийн харьцаа тэнцвэрждэг. Өөрөөр хэлбэл халгай нь үсний хүчил,  шүлтийн харьцааг  тэнцвэржүүлж, хуйхан дээрх ашиггүй бактерийг устгаж, ашигтай бактерийг дэмжсэнээр нялх ногоо мэт үс  шинээр ургаад эхэлдэг.

-Үс ургах  таатай нөхцөлийг халгай бүрдүүлдэг байх нь ээ. Халгайтай бэлдмэлийнхээ хажуугаар хавсарсан эмчилгээ хийдэг үү?

– Манай салонд хуйхыг эхлээд цэвэрлэдэг.  Орчин үед бараг хүн бүрийн хуйх ядаргаа стрессээс болоод хөөж хавантсан байдаг. Энэ нь тархины цусан хангамж муудсаны илрэл. Тархины цусан хангамж муудахаар  үс чөлөөтэй хоол тэжээлээ авч чадахаа байна. Үүнийг нь массаж хийж сайхан тайлаад цусан хангамжийг нь сайжруулчихаад, дараа нь өөрсдийн бэлдсэн брэнд халгайтай бэлдмэлээрээ шавшиж эмчилгээгээ хийдэг. Үүний зэрэгцээ хэрэгтэй витамин амин дэмээ дотроосоо нөхөж  авах юм бол гайхалтай сайн үр дүнг өгдөг. Хамгийн гол нь таныг эмчлүүлэхээр ирэхэд үсийг тань оношилно. Оношилгооны зургийг таны фэйсбүүк  хуудас юм уу, мэйлээр илгээдэг. Ингээд оношлуулсан үе болон эмчилгээнд явсаны дараах үеийн үр дүнг харьцуулж харж болдогоороо давуу талтай.

-Үс нь халцраад уначихсан хүмүүс байдаг. Халгай нэмэртэй болов уу?

– Бүр халзан болчихсон үс  уналтын  4-5 дугаар шатандаа орчихсон хүнийг бид салоныхаа клиник эмчилгээнд явуулдаг. Гэхдээ ийм үс нөхөн сэргээгдэх магадлал найдвар тун багатай. 1-2 жилийн гэрээ хийж уйгагүй явж байж эхний үр дүнгээ үздэг. Тэгэхээр маш их  хөдөлмөр биднээс бас тухайн хүнээс гарна гэсэн үг. Ингэж хожимдсон, уналтын гүн шатандаа орсон хойноо хандаж цаг зав,  мөнгөө их үрж байснаас наана нь өөрөө өөртөө анхаарал  хандуулах хэрэгтэй. Хавдрын эсрэг хэт их химийн эмчилгээний дараа бас үс бүтэн  унадаг. Энэ үед халгай эмчилгээнд явж болно. Тэгэхээр хамгийн зөв зам бол уналт дөнгөж үүсч байхад энэ эмчилгээнд явах юм бол хамгийн  богино хугацаанд үр  дүнтэйгээр үс уналтаасаа салах  боломжтой. PRP-аар тарилаа, цусны цагаан бөөмийг цэвэрлэж байгаад буцаагаа тарилаа л гэдэг. Энэ бүгд оройтсон үед л авч байгаа арга хэмжээнүүд. Хамгийн эрсдэл байхгүй, хямд төсөр арга бол нутгийнхаа хөрсөнд ургаж байгаа халгайгаар угаах юм. Халгай нь кали кальциар маш  баялаг. Хүний үсний 90 хувь нь уураг. Тэр  уургийг бүрдүүлдэг хамгийн гол амин дэм халгайд шингэсэн байдаг учраас үсэнд өндөр үр дүн үзүүлдэг учиртай.  Халгайнд  хатгуулж үзээгүй хүн гэж байхгүй байх. Хатгуулсан үед загатнаж гувруу гүйдэг дээ. Тэр бол  байгалийн хүчтэй антиоксидант нь хариу урвал үзүүлж байгаа хэрэг. Энэ антиоксидант үсэн дээр очихоор хуйхыг нээж өгч хэрэгтэй амин дэмээр хуйхыг тэтгэдэг гэсэн үг.

Анх халгайн эмчилгээг эхэлж байхад долоо хоног эмчилгээ хийхэд л  үс уналт нам зогсдог байлаа. Гэтэл одоо 10 хоног явуулж дээр нь салонаас 4 хоног бонус эмчилгээ хийж ойролцоогоор  сар шахам эмчилж байж үс уналт  зогсож байна. Тэгэхээр энэ нь хүмүүсийн  үсний асуудал илүү хүндрээд  байгаагийн л жишээ.

Би салоныхаа үсчидээ 7-14 хоног тутам шинэ мэдээллээр цэнэглэж, тэднээсээ ч мөн харилцан  мэдээлэл авч ажилладаг. Бидний хийсэн ажил үр дүнтэй байгаа болохоор л манай салон 10-аад жил оршин  тогтнож 30 гаруй хүнийг ажлын байраар хангаж, шилдэг татвар төлөгч болж яваа байх гэж би боддог доо. Анх би үсчин болж байхдаа яаж хүнийг гоё үстэй байлгах вэ  гэж л боддог байлаа. Харин одоо хэрхэн эрүүл өтгөн үстэй байлгах вэ гэж бодох болж судалгаа шинжилгээний ажил дээр олон жил суулаа.  Ажлын минь үр дүн гарч, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээтэй болсондоо баяртай байдаг. Мөн бид цаашид үйлчилгээгээ улам сайжруулахын төлөө хичээж ажиллах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *