Э.Цэндбаатарын багш Б.Энхтайван: Миний шавь чадна гэсэн бол түүндээ хүрдэг

8-р сарын 29, 2018 11:52 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 44
40063663_549480442149065_1385584968272445440_n

Ч.ҮЛ-ОЛДОХ

Азийн спортын наадмын боксын 60 кг-ын жинд хүч үзэж буй шигшээ багийн тамирчин, Риогийн олимпийн V байрын шагналт, ОУХМ  Э.Цэндбаатарын  анхны багш, дасгалжуулагч, ОУХМ  Б.Энхтайвантай ярилцлаа.

-Сайн байна уу, таны шавь Э.Цэндбаатар Азийн спортын наадамд амжилттай оролцож хүрэл медалийн болзол хангасанд баяр хүргэе. Та шавьтайгаа байнга холбоотой байгаа юу, манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Шавь маань сайн тоглож байгаад баярлаад  харж сууна. Фэйсбүүкээр байнга холбоотой байгаа. Тэгээрэй, ингээрэй гээд захиас даалгавар өгөөд л бичээд байгаа. Өөрөө удирдаж ажилла, түрүүлж ажилла, санаачилгыг гартаа ав гээд л. Бокс оноо авч тоглодог байсан бол сүүлийн үед хүчний тоглолт давамгайлдаг болсон. Ихэнх тоглолт ойрын болоод дундын зайд болж байна. Тиймээс бэлтгэлээ маш сайн хийж, бүх тал дээр ажиллах ёстой. Ойрын зай, хүч, хурдны дасгалуудад анхаарах хэрэгтэй. Хамгийн чухлаар захих юм түрүүн хэлсэн, өрсөлдөгч тамирчнаа удирдаж тоглох. Тэгж өөрийн арга барилд оруулж, ялалтыг авна. Бэлтгэлийнхээ завсраар миний бичсэнийг хараад “За багш аа” гээд хариу бичдэг юм. Багш хүнд  шавь нараа сайн явахыг, тэмцээн, уралдаандаа амжилттай оролцохыг харахаас илүү баяр хаана байх билээ.

-Та явахаас нь өмнө уулзсан уу?

-Хол байсан болохоор уулзаж амжаагүй. Утсаар ярьсан. Хэлэх зүйлүүдээ хэлж захиад явуулсан. “Багш аа, би чаднаа” гээд Жакарта-г зорьсон. Миний шавийн нэг сайхан чанар бол “Би  чадна”  гэсэн бол түүндээ заавал хүрдэг.

-Хүрэл медалийн төлөө   Туркменистаны  шилдэг тамирчдын нэг  И.Хурсандыг  5:0-ээр илт давуу  ялсан. Мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын сайн  боксчдын нэг  Жун Шантай учраа таарсан юм байна. Мэдээж өрсөлдөгчөө судалсан байх, та дасгалжуулагчийн хувьд юу гэж бодож байна?

-Мөнгөн медалийн төлөөх тоглолт энэ сарын  31-нд болох юм байна. Цэндээгийн маань бэлтгэл энэ жил сайн байгаа. Ялчих байх гэж бодож байна. Хоёр тамирчин Казахстаны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд учраа таарч  Цэндбаатар маань ялж байсан  санагдана. Ер нь бол бие биеийнхээ тоглолтыг сайн мэдэх хоёр.

-Э.Цэндбаатарын тоглолтын онцлог нь юу вэ?

.Хэнтэй ч учраа таарсан бэргээд байдаггүй, шийдсэн зүйлүүдээ  хийдэг.

 Адилхан л хүн юм чинь, би ч гэсэн чадах ёстой, хийх ёстой. Чадна гээд үзчихдэг хүүхэд дээ. Багаасаа л ийм хүүхэд байсан.

-Та шавиа Риогийн олимп руу явахад “хамт явсан бол” гэж бодогдож байлаа гэж ярьж байсан. Одоо ч тийм л бодолтой сууна уу?

Тэгэлгүй яахав. Анхны багшийн нөлөө их байдгийг Риогийн  олимпийн үеэр харсан. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багш маань Рио руу шавьтайгаа хамт явсан. Түшигтэй сайхан байсан нь мэдээж. Д.Отгондалай маань сайн тоглож медальтай ирсэн шүү дээ.

 

-Ингэхэд Э.Цэндбаатар хэзээ танд шавь орж байв?
-2008 оны Бээжингийн олимпод Монголын боксчид оргил амжилтаа үзүүлсэн. Олимпоос алт,мөнгөн медаль авсан. Тэр үе маш олон хүүхэд боксоор хичээллэхээр Спортын ордныг зорьж ирж байлаа. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй есдүгээр сарын дундуур 10 орчим насны жаахан хүү цүнхээ үүрээд ирсэн нь Цэндээ байсан. Анх харахад авхаалжтай, сэргэлэн хүү харагдсан. Заасан зүйлийг маш сайн сурна. Гүйцэтгэл маш сайн. Рингэн дээр тоглож байгаа үеийнхнээ хараад хэнтэй яаж тоглохоо өөрөө шийдчихдэг байсан. Тэр үеэс өнөөдрийг хүртэл надтай хамт явж байна.

-Анх ямар тэмцээнд амжилт үзүүлж байв?

-Анхны тэмцээн нь Цэндбаатар над дээр ирж боксоор хичээллэснээс хоёр сарын дараа болсон. Тэр нь боксчин Сэрдамбын Батсүхийн нэрэмжит боксын өсвөр үеийнхний тэмцээн байсан. Тэндээс шууд алтан медаль авсан. Ер нь тэр тэмцээнд манай клубын бусад тамирчид ч амжилттай оролцож, багаараа гуравдугаар байрт орж байсан юм.

Цэндээ маань Монголд болсон бүх тэмцээнээс медаль авсан. Энэ онд дөрвөн тэмцээнд оролцож гурван алтан медаль хүртсэн. Багшийн хувьд шавийнхаа амжилтад хамгийн их баярласан мөч бол 17 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга болсон мөч. 18 настай болоход боксын холбооноос 18 настанг оруулахгүй гэсэн шийдвэр гараад дараа жилийнх нь улсын аваргын тэмцээнд орж чадаагүй.

Түүний дараагийн хоёр улсын аваргаар хоёуланд нь түрүүлсэн. Ер нь бол Боксын холбоо тэр жилийнхээ улсын аваргад түрүүлсэн тамирчныг Ази, Дэлхийн аваргад явуулах ёстой байдаг. Цэндбаатар маань 2015, 2016 онд явж чадаагүй шүү дээ. Тэр тэмцээнүүдэд ороод үзчихсэн бол Риогийн  олимпод огт өөр очих байсан гэж  тухайн үед бодогдож  л байсан.

 

-Жакарта-2018 спортын наадмын боксын тэмцээнээс шинэлэг зүйлүүд юу байна вэ?

-60 кг-ын жинд сугалаа ямар ч рейтинг тогтоолгүй шууд сугалуулаад явчихсан. Тэгэхээр энэ наадмаас хэн ямар амжилт үзүүлэв гэдгийг харж чансаа  тогтооно гэсэн үг юм. Тун сонирхолтой тэмцээн болж байна.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *