Э.Номин: Бүжигчин хүний үсний ширхэг хүртэл бүжиглэдэг

12-р сарын 20, 2013 11:57 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 1194
Энэ удаагийн дугаарын зочноор Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин Э.Номинг “Өөр мэдээ” сониныхоо дугаарын зочноор урилаа.

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин Э.Номинг “Өөр мэдээ” сониныхоо дугаарын зочноор урилаа. Түүнтэй амьдрал, уран бүтээл, дотоод ертөнцийнх нь тухай ярилцсанаа хүргэе. 

 -Уран бүтээлийн олз омог арвин уу?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин шүү. Хүүхдүүдэд зориулсан “Цуутын цагаагч гүү” жүжгээ амжилттай тавьсан. Үүний дараа  “Монголын их хатад” бүжгэн жүжгээ амжилттай тоглолоо. Хөгжмийг нь Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд бичиж, Б.Баярбаатар багш маань дэглэсэн. Үзэгчид сайхнаар хүлээж авлаа.

-Бүжгэн жүжигт юуны тухай өгүүлсэн бэ. Таны хувьд ямар дүр дээр ажиллав?

-Гуа марал, Алунгоо, Өүлэн, Бөртэ, Дөргөнө, Сорхугтани, Самар, Чимбай, Мандухай гэсэн төрийн жолоо атгалцаж, ур ухаан, авъяас билэгээрээ мандаж явсан их хатдын түүх бүжгэн жүжиг болж амилсан юм. Манайд өмнө нь тавьж байгаагүй, чуулгын уран бүтээлчид бүгдээрээ, үндэсний их найрал хөгжимтэй тайзнаа тавьсан том хэмжээний бүтээл. Миний хувьд Дөргөн хатны дүр дээр ажиллаа. Өгөөдэй хааны хатан. Төрийн жолоог дөрвөн жил атгасан юм билээ. Бусад хатдаасаа ааш зангийн хувьд хурц, шийдэмгий. Мөн хэсэг хугацаанд Батима хэмээх Араб бүсгүйн ятгалганд орж муу санаа өвөрлөж явснаараа онцлог. Эсрэг дүр уран бүтээлчээс илүү ур чадвар, авъяас шаарддаг. Тиймээс миний хувьд төрийн их хатны дүрийг бүтээсэндээ баяртай байгаа.

-Саяхан өөрийг чинь урлагийн ажилтнуудын мисс шалгаруулах тэмцээнд түрүүлсэн гэж сонссон. Ямар бүсгүйчүүдтэй өрсөлдсөн бэ?

-Урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд анх удаа миссийн тэмцээн зохиолоо. Драмын театр, Улсын филармони, дуурийн театр зэрэг олон байгууллагаас сайхан бүсгүйчүүд оролцсон. Манай чуулгынхан ярилцаад намайг сойсон юм. /инээв/ Миний хувьд өмнө нь “Шилмэл загвар”-т гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байсан удаатай. Тиймээс багахан хэмжээний туршлага байсан. Манай хамт олон сайн дэмжсэн шүү.

-Бас “Манжуурын мисс” тэмцээнд оролцож байсан байх аа?

-“Манжуурын мисс” тэмцээнд амжилттай оролцож “Авъяаслаг мисс”-ээр өргөмжлөгдөж байсан. Багаасаа эзэмшсэн мэргэжил, урлагийн буян гэж боддог.

-Удахгүй загварын ертөнц рүү урвачих юм биш биз?

-Багаасаа хүсч, мөрөөдсөн мэргэжил минь бүжигчин. Сургуульд ч ороогүй, балчир охин байхаасаа бүжигчин болно гэж ярьдаг байлаа. Би багын мөрөөдлөө биелүүлсэн азтай бүсгүй. Тиймээс тийм ч амархан энэ мэргэжлээ орхиж чадахгүй байх.

-Чуулгад орсон үеэ дурсаач. Тэр үеийн Э.Номин, одоогийн Э.Номингийн хооронд хэр ялгаа гарсан бэ?

-Анх бүжгийн урлагт дурлаж, бие сэтгэлээ зориулна гэж амласан дэврүүн хүсэл мөрөөдөл минь одоо ч хэвээрээ байна. Харин ур чадварын хувьд дээшилсэн байх. Анх 2005 онд дөнгөж сургуулиа төгссөн, юугаа ч мэдэхгүй, жаахан охин энэ чуулгын хаалгаар алхсан. Ах, эгч нараасаа үлгэр дууриал авч, ийм мундаг болохсон гэж мөрөөдөж, зорьж явсан. Бүжигчин хүн насаараа суралцдаг. Би одоо сурсаар байна. Ирээдүйд ч сурсаар байх болно.

-Шантрах тохиолдол гарч байв уу?

-Бүжиг ганцхан цагт сурчихдаг, амархан урлаг биш. Олон жилийн хүч, хөдөлмөр шаарддаг. Анх чуулгат орчихоод бүжгээ гүйцэж сурч чадахгүй, арга барилаа олохгүй сандардаг байлаа. Олон цагийн бэлтгэл, сургуулилт, шөрмөс татах, хөл өвдөх зэрэг хааяа уйлмаар, шантармаар үе зөндөө байсан.

-Тэр үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байв?

-“Хүсэл, мөрөөдөл, зорилгоосоо амархан ухарч болохгүй шүү” гэж өөртөө байнга хэлдэг байсан. “Санаж явбал бүтнэ” гэдэг шүү дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам дадлагжиж, туршлага суудаг юм билээ. Би ардын бүжгээр дагнадаг. Энэ урлагт сэтгэл зүрхээ тушаасан.

-Ардын урлагийн хамгийн сайхан нь юу вэ?

-Ардын бүжгийн хөдөлгөөн, техник нь монгол бүсгүй цайныхаа дээжийг өргөж, үрээ бүүвэйлэх зэрэг өдөр тутмын  ахуйгаас бүрддэг. Нарийн ур ухаан, мэдрэмж шаарддаг. Манай орон шиг түүхийн баялагтай, ардын урлагтай улс байхгүй. Би дэлхийд байхгүй Монгол ардын бүжгээр мэргэшсэндээ баярлаж, омогшиж явдаг. Өөр улсад очоод ардын урлагаа сурталчлаад явж байхад Монгол хүн болж төрснөөрөө өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм. Анх ардын бүжгийг зүгээр л сонирхсон, дараа нь дурласан, одоо бол бүжиггүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй.

-Бүжиглэчихээд тайзнаас буухдаа юу мэдэрдэг вэ?

-Олон цагийн хөлс, хөдөлмөр шавхсан бэлтгэлийн дараа тайзан дээр гарахдаа бүхнийг мартах шиг болдог. Нөгөө өвдөлт, ядаргаа алга болчихдог юм. Өөрийн эрхгүй бие хөнгөрөөд хааяа яаж тайзан дээр гарсан, яаж бүжиглэснээ ч санадаггүй. Хөшиг хаагдсан ч үзэгчдийн халуун алга ташилт, уухайн дуу цуурайтсаар байх тэр үе уран бүтээлч бүхний хамгийн сайхан мөч. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан, торгон мэдрэмжийг мэдэрдэг.

-Мөрөөдлийн дүр байдаг уу?

-Бага байхаасаа “Нарны домог” жүжгийн нарны дүрийг бүтээхсэн гэж хүсдэг байлаа. Саяхан энэ дүр дээр ажилласан. Гэхдээ залуу уран бүтээлчийн хувьд цаашдаа намайг эвдсэн олон дүрд бүжиглэхсэн гэж мөрөөддөг.

-Бүжгийг тэвчээрийн урлаг гэдэг. Та хэр тэвчээртэй вэ?

-Зөвхөн гар, хөлөө хөдөлгөөд бүжиглэчихдэг юм биш. Оюун ухаан, эд эс, үсний ширхэг хүртэл бүжиглэдэг. Тэгж бүжгээ мэдэрвэл жинхэнэ бүтээл болж, сэтгэлийн таашаалыг мэдэрнэ шүү дээ. Бүжгийн урлаг уран бүтээлчийг сэтгэлийн хадтай болгодог юм шиг. Аливаад хүлээцтэй, хариуцлагатай хандах хүмүүжлийг суулгадаг.

-Бас залуу насны урлаг байхаа?

-Залуу нас, гоо сайхан, эрч хүчийг минь ашигладаг урлаг гэж ойлгож болно. Гэхдээ бүжигчний мэргэжлийг сонгосон хүн бүхэн үүнийг мэддэг. Залуу нас мөнх биш. Хүссэн хүсээгүй цаг нь болохоор тайзнаасаа бууна. Харин тэр үед хармасхааргүй, сэтгэл зүрхээ энэ урлагт зориулж чадсан байх нь чухал.

-Урлаг уран бүтээлчээс сайхан байхыг шаарддаг. Гоо сайхандаа хэр зав гаргаж байна?

-Өдөр бүхэн гоо сайханд орох зав байдаггүй. Хааяа амрахаараа иллэг хийлгэдэг. Арьсаа чийглэг, цэвэрхэн байлгахыг боддог. Үргэлж хөдөлгөөн, бэлтгэлтэй байдаг учраас таргална гэж айдаггүй. Манай бүсгүйчүүд турахын тулд баталгаагүй эм уух нь элбэг болж. Охидууддаа хандаад хэлэхэд турах, сайхан харагдах хамгийн оновчтой, зөв арга бол хөдөлгөөнтэй байх шүү.

 -Бүсгүй хүн ямар үед хамгийн үзэсгэлэнтэй харагддаг бол?

-Эмэгтэй хүн бүхэн ээж болсон үедээ л хамгийн сайхан харагддаг юм шиг. Намба сууж, улам сайхан болдог шүү дээ. Хорвоогийн бүх ээжүүд дэндүү үзэсгэлэнтэй.

-Таны хувьд хэзээ ээж болохоор төлөвлөж байна?

-Заяаны ханьтайгаа учрахаараа аз жаргалтай, сайхан амьдралыг эхлүүлэлгүй яахав.

-Эрчүүдэд ямар шалгуур тавьдаг вэ?

-Заавал баян тансаг, мөнгөтэй бай гэхгүй ээ. Хайрыг мөнгөөр хэмжиж болохгүй шүү дээ. Хамгийн чухал нь намайг чин сэтгэлээсээ хайрладаг, ойлгодог байгаасаа. Амьдралаа аваад явах ухаантай, ноён нуруутай, сайхан Монгол залууг л заяаны ханиараа сонгоно доо.

-“Хайртай бол хартай” гэдэг үгтэй санал нийлэх үү?

-Хар хэтрэхээрээ өвчин болдог. Олон сайхан хос хий хоосон хардалтаас үүдэн салж байна. Үүний уршгаар ямар ч гэм зэмгүй, хөөрхөн үрс өнчирч байгаа нь харамсалтай.  Хайртыгаа хардаж биш харамлаж явах нь чухал болов уу.