Э.Лхагва-Очир: Дэлхийн тайзнаа монгол гэж зарлуулахдаа омогшдог

11-р сарын 22, 2013 11:49 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 862
Монголын цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг Соёлын тэргүүний ажилтан Э.Лхагва-Очирыг дугаарын зочноор урилаа.

Ч.ГАНТУЛГА

Монголын цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг Соёлын тэргүүний ажилтан Э.Лхагва-Очирыг дугаарын зочноор урилаа. 

-Уран нугараач гэхээр эмэгтэй хүн санаанд ордог. Манайд таниас гадна эрэгтэй нугараач олон бий юу?

-Монгол циркийн урлагаар дэлхийн ямар ч улстай өрсөлдөхөөр уран бүтээлчидтэй. Харин эрэгтэй нугараач цөөхөн шүү. Зөвхөн манайд төдийгүй дэлхийд бараг байхгүй. Одоогоор уран бүтээл хийдэг нь гуравхан гэж ойлгож болно. Харин анхлан сурч байгаа долоо, найман настангууд бий. 

-Эрэгтэй хүүхэд багадаа цагдаа юм уу цэрэг болно гэж мөрөөддөг шүү дээ. Таны хувьд юу мөрөөддөг байв. Нугараач болно гэж төсөөлж байв уу?

-Циркийн урлагт дуртай хүүхэд байлаа. Циркийн үзүүлбэрийг харж дагаж, дууриаж хийдэг байсан. Тэгэхээр багын минь хүсэл, сонирхол гэж ойлгож болно. Харин энэ хүслийг минь биелүүлж өгсөн хүнийг талийгаач ахыгаа гэж хайрлаж, хүндэлж явдаг. Анх есөн настай байхад хуучин циркийн багш н.Жаргалсайханд шавь оруулсан юм. Жил гаруй акробатаар хичээллэсэн. Нэг өдөр багш маань “Чиний бие уян хатан юм. Нугаралтаар хичээллээд үз” гэж зөвлөсөн. Ингэж анх уран нугараач болох гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш 17 жил өнгөрсөн байна.

-17 жил гэдэг нугараач хүний хувьд хэр хугацаа вэ. Энэ хооронд олон орноор аялж, эх орноо сурталчилсан байх даа?

-Нугараач бүхэн өөр, өөрийн онцлогтой. Хэдэн жил, яаж хичээллэх нь сэтгэл санаа, эрүүл мэндийн байдлаас хамаардаг. Би Европын орнуудаар аялан тоглосон. Белги, Австри, Хятад, Орос зэрэг орноор явж тэнцвэрийн үзүүлбэрээ үзүүлдэг. Бараг таван жил аялан тоглолоо.

-Энэ хугацаанд эх орондоо ирээгүй гэж үү. Санасан сэтгэлээр дүүрэн онгоцноос буусан байх даа. Өөрөө ер нь хэр эх оронч хүн бэ?

-Аялан тоглолтын дундуур хоёр удаа л ирсэн. Нутагтаа ирэх ямар сайхан гээч. Тэр мэдрэмжийг эх орноосоо олон жил хол явсан хүн л ойлгох байх. Нутгийн минь үнэр, салхи, хөрс нь хүртэл дэндүү зөөлөн санагддаг. Би өөрийгөө эх орондоо үнэнч гэж тодорхойлдог. Миний Монгол шиг уудам газар нутагтай, цэлмэг тэнгэртэй, найрсаг ард түмэнтэй улс хаана ч байдаггүй юм. Дэлхийн тайзнаа гараад Монгол гэж зарлуулахдаа өөрийн эрхгүй омогшдог.

-Мэдээж дэлхийн олон орны нугараачтай өрсөлдөж байсан байх. Тэр дундаас монгол нугараачийн ялгарах, омогших гол онцлог нь юу байдаг вэ?

-Би гоцлол үзүүлбэр үзүүлдэг. Тоглолтынхоо найруулгыг монгол ахуйгаар хийдэг. Алтан ургийн хөх толбот үрс, Чингисийн удам гэдгээ тодотгохыг хичээдэг. Үзүүлбэрээ үзүүлсний дараа үзэгчид “Үнэхээр Чингис гэж, Чингисийн монгол гэж ямар үндэстэн байдгийг чиний үзүүлбэрээс мэдэрлээ. Морин дэл дээр давхиж яваа юм шиг сэтгэгдэл төрж, нурууны үс босч байна” хэмээн урам өгдөг.

-Гадаадын театруудаас ирж тоглооч гэсэн хүсэлт хэр ирдэг вэ. Хэрвээ хүсэлтийг нь хүлээж авлаа гэхэд ямар шаардлага тавьдаг вэ?

-Дэлхийн олон театраас манай нүүр царай болооч, гоцлооч гэсэн санал байнга ирдэг. Уран нугараач бүхэн дахин давтагдашгүй онцлогтой байдаг юм. Миний үзүүлбэрийн  үзэгчдэд хэлэх гэсэн санаа, техник өвөрмөц байж магадгүй. Гэхдээ санал болгоныг хүлээж авах боломжгүй. Учир нь олон жилийн гэрээ хийдэг учраас эх орондоо ирэх боломж олдохгүй шүү дээ. Аль нэг оронд тоглоход тухайн орон миний тэнд амьдрах бүх зардлыг даадаг.

-Нууц биш бол нэг гэрээг хэдэн төгрөгөөр хийдэг вэ?

-Гэрээг ажиллах жил, үзүүлбэрээсээ хамаараад харилцан адилгүй хийдэг. Нөхцөл байдлыг нь харна, судална, ярилцана. Мэдээж боломжийн цалин амласан тохиолдолд тэр улсад очиж ажилладаг. Монголын цалинтай зүйрлэхгүй л дээ.

-Тэгвэл аль нэг улсаас өндөр цалин амлавал тэр улсын иргэн болж ажиллах уу?

-Хэзээ ч үгүй.  Мөнгө, нэр алдрын төлөө эх орноосоо явахгүй. Магадгүй Монголд төрөөгүй бол би ийм авъяастай төрөхгүй ч байсан юм бил үү. Монголын минь агаар ус, газар шороо, буян заяа надад нугарах чадварыг заяасан гэж боддог. Тиймээс миний эх орон ямар ч нэр алдар, мөнгөнөөс илүү үнэтэй.

-Дэлхийн олон орноор аялан тоглосны хувьд Монголын циркийн урлагийг хэрхэн дүгнэх вэ. Ололтой болон дутмаг  тал нь юу байна?

-Техник дутмаг санагддаг. Нугараачдын үзүүлбэрээрээ хэлэх гэсэн санааг тодотгож өгөхөд гэрэл, дуу шум чухал байдаг. Манай циркчдийн техник маш муу. Харин ур чадварын хувьд гайхалтай шүү дээ. Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Ур чадварын хувьд өөлөх зүйл байхгүй.

 -Эмэгтэй нугараачид бие бялдарын хувьд тэгш, сайхан харагддаг. Харин эрэгтэй нугараачид биеэ хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Нугараач хүн  зүгээр л уян хатан байхад хангалттай юм шиг харагддаг ч үнэндээ хүчний урлаг шүү дээ. Бид тэнцвэрээ олох, гар дээрээ тогтох, хүчээ хувиарлах гээд хүч шаардсан бэлтгэлийг цаг тутамд хийдэг. Нэг үзүүлбэр гаргахын тулд хэдэн жилийн бэлтгэл, сургуулилт шаарддаг. Долоо хоногийн таван өдөрт нь дор хаяж дөрвөн цагийн бэлтгэл хийж байна.

-Нугараач хүнд сэтгэлзүй хэр чухал вэ. Хааяа тайзан дээр гарахдаа айх, сандрах тохиолдол гардаг уу?

-Хүний сэтгэл үргэлж нэг янзаараа байдаггүй болохоор тиймэрхүү зүйлтэй тулгаралгүй яахав. Хааяа бэлтгэл дутуу бол сандарна. Амьдралын олон шалтгаанаас болоод уурлах, бухимдах тохиолдол гардаг. Гэхдээ үзэгчдийн өмнө гарахдаа тайвширч, биеэ дээд зэргээр бэлдэхийг чухалчилдаг. Бидэнд тайзан дээр алдах эрх байхгүй шүү дээ.

-17 жилийн хөдөлмөрөө дүгнүүлж тоглолт хийх гэж байгаа гэсэн. Энэ тухай дэлгэрүүлээд ярилцлагаа өндөрлөх үү?

-Ирэх сарын 1-нд тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Монголд шинээр хөгжиж буй этник урсгалыг шингээсэн, драмчилсан тоглолт хийнэ. Энэ урсгалаар тоглолт хийх анхны уран нугараач  би болж байгаа юм билээ. Тоглолтод Бөртэ чоно, Гуа маралын түүхийг өгүүлнэ. Зохиолыг нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан эгч бичсэн. 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *