МАН хоригийг дэмжвэл өршөөгдсөн хүмүүсийг “Буцаагаад ялла” гэсэнтэй адил

8-р сарын 19, 2015 9:16 am Нийтлэгч: Ангилал Намууд , Парламент , Улс төр , Халуун цэг Уншсан: 9106
20150818142627-11911133_1178382672192421_555226935_n

Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа

Өршөөлийн хууль олны анхаарлынтөвд байна. Ерөнхийлөгч хэсэгчилсэнхориг тавьчихлаа. Та хуульч хүнийхувьд юу гэж үзэж байна вэ?

-Өршөөлийн хууль нь өөрөө Эрүүгийн хуулийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Эрүүгийн хууль бусад хуулиас нэг том зарчмаараа ялгарч байдаг. Тэр нь Эрүүгийн хуулийн буцаж үйлчилдэггүй зарчим юм. Өөрөөр хэл­бэл, өнөөдөр хэрэгт хол­богд­сон эсвэл шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүс шинээр Эрүүгийн хууль юм уу, үүнтэй холбоотой хууль батлагдахад өөрт ашигтай хувилбарыг хэрэглэх эрхтэй байдаг.

Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хамгийн түгээмэл зарчим. Олон улсад ч энэ зарчмыг хэрэглэдэг. Бүр энгийнээр тайлбарлая. Өмнө нь таван жилийн ял авах хэрэг хийсэн хүн өнөөдөр шинэ баталсан Эрүүгийн хуулиар түү­нийг нь гэмт хэрэг биш гээд тооцчихвол шууд суллагдана. Эсвэл нэг жилийн ял авахаар өөрч­лөгд­сөн байвал тэр нь шууд буурах жишээтэй. Өршөөлийн хууль яг үүнтэй адил. Өнөөдөр ял шийтгэл эдэлж байгаа бүх хүнийг Өршөөлийн хуульд хамруулсан нь батлагдсан өдрөөсөө буюу энэ оны наймдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн одоо ял эдэлж байгаа, мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бүх хүн өршөөгдсөн гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгч 4.1, 7.1 -д хориг тавьчихаар Өр­шөөлийн хуульд бүхэлд нь хориг тавьснаас ямар ч ялгаагүй боллоо. Өөрөөр хэлбэл, буцаагаад ялла гэсэн­тэй адил. 4.1 гэдэг нь одоо ял эдэлж байгаа хүмүүсийг үлдсэн ялаас нь өршөөн хэлтрүүлэх тухай заалт, 7 дугаар зүйл нь бол одоо шүүх, прокурор, мөр­дөн байцаалтын ша­танд шалгагдаж байгаа хэр­гүүдийг өршөөх тухай заалт байхгүй юу. Энэ хоёрыг авчихаар Өршөөлийн хуулиас юу үлдэх юм. Хэрвээ хоригийг хүлээгээд авчихвал саяхан хууль батлагдахад баярлаж байсан олон мянган хүнд “Уучлаарай, төр нь та нарыг баярлуулан гомдоосон юм аа” гэж шоглоом хийсэн болно. Бүхэл бүтэн хууль тог­тоох дээд байгууллага өөрийн­хөө онцгой бүрэн эрхээр иргэдээ өршөөж нэг баярлуулчихаад дараа нь, худлаа худлаа гэж шог­лоом хийсэн юм гэж болох уу даа.  Нөгөө талаар саяхан батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль байна.  Энэ хууль Өршөөлийн хуультай нягт холбоотой. Хэрэв хориг энэ чигээрээ явбал өмнөх хуулиар нь өршөөгдсөн хүмүүсийг зальдаж хөрөнгийг нь илрүүлчихээд дараа нь шийтгэх нөхцөл бүрдэнэ.

Тэгэхээр өршөөлийн хуульд хориг тавьж болдогүй гэсэн үг үү?

-Хориг огт тавихгүй байна гэсэн үг биш. Тавих­даа зөөлрүүлж тавьж болно. Зөөлрүүлсэн тохиолдолд тухайн хүний эрхзүйн байдлыг нь дээрдүүлж байгаа тул ямар ч асуудалгүй. Нэмэлт өөрч­лөлт хийхэд ч дээрх байдлаар хандаж болно. Энэ нь Эрүүгийн хуулийн зарчим болоод хуулийг хэрэглэх талаасаа хамгийн зөв хувилбар. Харин хатууруулна гэдэг нь ямар ч ач холбогдолгүй зүйл. Учир нь тав хоног ч үйлчилсэн бай, таван жил ч үйлчилсэн бай хүнийг өршөөчихсөн хууль тогтоох байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр нэгэнт гарсан учраас сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтан тэдний өмгөөлөгч нар эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэх эрхтэй. Өөрөөр хэлбэл өршөөлийн хуулийн хүчин төгөлдөр байсан хугацаан дахь хувилбарыг хэрэглэнэ гэсэн үг л дээ.

Одоо энэ хуулийн хувь заяа хаашаа эргэхийг МАН л шийднэ гэсэн мэдээлэл нэлээд түгж байна. Энэ үнэнүү?

-Ялгаагүй. Дээр хэл­сэн. Буцаагаад ялла гэсэн үг. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө гэж баталсан бай­гаа. Тэгэхээр Өршөө­лийн хууль энэ сарын 11-нээс эхлэн хүчин төгөл­дөр болсон гэсэн үг . МАН-д Ц.Нямдорж, Д.Лүн­дээ­жанцан зэрэг сайн хуульчид бий. Эрүүгийн хуулийн ийм зарчмыг тэд мэдэхийн дээдээр мэднэ. Тэр хүмүүс ийм хоригийг арай ч хүлээж авахгүй байх. Хэрэв зөвшөөрвөл Эрүүгийн хууль болоод бүх хууль хийдэг зарчмыг улстөрийн шалтгаанаар умартсан хэрэг болно. Үндсэндээ УИХ-д байх чадамжгүй нам гэдгээ мэргэжлийн хуульчид, эрхзүйчдийн өмнө харуулж доог тохуу болно шүү дээ. Ийм туйлбаргүй шийдвэр арай гаргахгүй байх. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хууль буцаж хэрэглэх эсэх дээр асар том маргаан, үйл ойлголцол үүснэ.

Яагаад?

-Эрхзүйн байдлын хувьд энэ хүмүүсийн хувьд өршөөгдөөд тав хонож байгаа хүмүүс. Буцаах ямар ч боломжгүй. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг харахад заавал нэмэлт, өөрчлөлт маягаар шинээр оруулах юм байна лээ.  Нэгэнт өршөөчихсэн гэмт хэргийг буцааж болиулна гэж байна. Хуулиар өр­шөөгд­сөн хүмүүс буцаад өр­шөөлийнхөө хүрээнээс гарах гээд байна гэсэн үг. Нэмэлт, өөрчлөлтөөр хэзээ ч хүний эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл үүсгэж болохгүй. Жишээ нь, 2016 оны сонгуулиар цоо шинэ нам олонх боллоо гэж төсөөлье. Тэд “2009, 2015 оны Өршөөлийн хууль буруу байсан уч­раас нэмэлт өөрчлөлт оруул­на” гэж шийдэж болох уу. Тэгэхээр өмнө нь Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүсийн бүгдийнх нь ялыг эргээд сэргээх юм уу. Хоёр жилийн ялаас чөлөө­лөгдсөн байвал буцаж баривчилж авч ирээд шоронд хоёр жил нөхөн сууна гэсэн үг үү. Эрхзүйн ийм үр дагавар үүсгэдэг учраас нэмэлт өөрчлөлтөөр хүний эрх зүйн байдлыг дордуулж огт болдоггүй юм. Хоригийг тав хоногийн дотор тавьдаг бол нэмэлт өөрчлөлт оруулахад цаг хугацаа хамаагүй байдаг юм. Тийм балай жишиг рүү МАН-ын улстөрчид арай оруулахгүй биз дээ.

Гэхдээ л улс төрийн нөхцөл байдлаас харахад Ерөнхийлөгчийн хоригийг олон хүн дэмжиж байна билээ.МАН ч бас дэмжинэ гэдгээ илэрхийлчихсэн юм биш үү?

-Зүгээр таамаг л явж байгаа байх. Албан ёсны байр сууриа илэр­хий­лээгүй. Сүүнд халаад агсам тавьсан хүний үгэнд дөрлүүлээд явдаг улс төрийн хүчин биш л дээ, уг нь. Хэрвээ хоригийг хүлээж авах бол ард түмэн МАН бол Ц.Элбэгдоржийн үгээр явдаг, ижилхэн үнэт зүйлтэй, хэлмэгдүүлэлт дээр хамтардаг нам гэж хүлээж авах байлгүй. 2013 оны Ерөнхийлөгчийн сон­гуулийн сурталчилгаан дээрээ нэг эзэнгүй морь хөтөл­чихсөн байсан биз дээ. Тэр морины ч юм уу дүрд л орсон гэсэн үг болно биз дээ?

Монголд олон удаа­гийн Өршөөлийн хууль гар­сан байдаг. Ингэж хориг тавьж байсан тохиолдол бий юу?

-Байхгүй.

Өршөөлийн хуулийг ганц хүнд, тодруулбал Н.Энхбаяр гэдэг хүнд зориул­лаа гээд байгаа. Энэ хэр зэрэгүнэний ортой юм бэ?

-Энэ бол ганц Н.Энхбаяртай ч хамаарал­тай биш. Бүгдийг Н.Энхбаяр гэж харах хэрэггүй. Цаг­даа­гаас лавлагаа авахаар ял шийтгэгдсэн гэж бичигд­дэг бүх хүнд хамаа­ралтай асуудал шүү дээ. Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын цөөн хэдэн хүнд хууль боловс­руулах, хэрэгжүүлэх болохоор нүднийх нь үзүүрт нэг л хүн хараг­дах юм. Үүнийгээ больчих­моор байна. Хууль хий­вэл Н.Энхбаярт ашиг­тай болчих вий гэж хард­саар будилж яваад хэрэгт ороогдсон олон мян­ган хүний эрх аш­гийг хохироочих гээд байх юм. Төрийн эрх мэд­лийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтаны зүгээс хувийн хардлага, сэрд­лэг, төсөөллөөрөө бус­дыг турхирдаг, мөрдөн мөш­гихийг даалгадаг, хууль өөрчлөхийг шахдаг энэ байдлыг дарангуйлал гэж хэлнэ. Шууд утгаараа  хэлмэгдүүлэлт, мөрдөн мөшгилт. Олон улсын хүний эрхийн конвенц, түгээмэл тунхаглал, авлигын эсрэг конвенц, интерполын дүрэмд алинд нь ч “хэнийг ч улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж болохгүй” гэж заасан байгаа. Гэтэл улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж байгаа гэдгээ дэндүү ил тод томруунаар илэрхийлээд уналаа шүү дээ.

Ер нь шулуухан хэлэхэд төрийн ажил алба эрхэлж байгаа байцаагч, эмч, том жижиг дарга, төрийн өмчийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүс, нутгийн удирдлагын эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа, нийтийн аливаа албанд ажилаж байгаа хүмүүс, хил гаалиар бараа таваар нааш цааш нь зөөдөг хүмүүс гэх мэтчилэн асар олон хүнийг айдас хүйдсээс нь салгаж, нийгмийн шилжилтийн үед элдэв алдаа гаргасан, түүндээ гэмшиж яваа бүх хүнд энэ хууль үйлчилнэ. Хуулийн бай­гуул­лагад элдэв буруу санаа­гаар шургалж, танил тал, улс төрийн ашиг хон­жооны гар хөл болж нийг­мийг бузарлаж байгаа хир буртгаас нэг удаа сайтар цэвэрлэж өгнө.

Өршөөлийн хуулийн ач холбогдлыг товч үгээр тодорхойлбол?

-Шинэ нийгэмд шилжсэн энхэл донхолтой цаг үед санаатай санаанд­гүй алдаж эндсэн бүх хүндээ дахин төрөх боломж олгосон, улс төрөө цэвэршүүлж байгаа хууль. Энэ удаагийн УИХ-ын, энэ чуулганы хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болж үлдэнэ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *