Э.Эрдэнэжамъян: Ерөнхийлөгч ч, УИХ ч Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн

10-р сарын 9, 2015 10:16 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 163
10-9-1h

Ч.ЗОТОЛ

Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

Өршөөлийн хуулийг  УИХ баталж гаргасан ч Ерөнхийлөгчийн хориг, нэмэлт өөрчлөлт оруулах гэхчлэн бас л хүлээлт үүслээ. Энэ хуулийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг та юу гэж үзэж байна?

Эрүүгийн хуулиар гэм буруутай нь тогтоогдож ял эдэлж буй иргэдээ өршөөх асуудал  Монголд анх удаа тавигдаж буй юм биш. Төр үүссэн цагаас  бүх улс, бүх  нийгэмд энэ  хүмүүсээ яах вэ гэдэг асуудал үүсч ирсэн.Хүмүүнлэг, ардчилсан нийгэмд тэр хүмүүст нэгдүгээрт, ял шийтгэлийг нь эдлүүлэх ёстой, хоёрдугаарт хэрэв тэр хүмүүс гэм буруугаа ойлгосон, засарсан, хүмүүжсэн бол төр хайр ивээлээ үзүүлж, шинээр амьдрах, амьдралаа дахин эхлүүлэх боломж олгож байх ёстой гэсэн байр суурь баримтлах болсон. Энэ асуудалд төр шийтгэх талд онцгой эрхтэй байдаг шигээ мөн өршөөж нигүүлсэх онцгой эрхтэй. Шийтгэх эсвэл өршөөх эрхийг УИХ тогтоодог.

10-9-1Өөрөөр хэлбэл, юуг гэм буруутай гэж үзэх, гэм буруутай хүмүүст ямар ял шийтгэл оноохыг  УИХ тогтоож өгч байгаа юм. Дараа нь гэм буруутай нь тогтоогдоод ял эдэлж байгаа хүмүүсийг ямар шалтгаанаар, юуг нь үндэслэн хэрхэн өршөөх вэ гэдгийг мөн л УИХ дангаараа шийддэг. Энэ утгаараа өршөөл үзүүлэх нь УИХын онцгой бүрэн эрх гэж заасан байдаг. Өршөөл үзүүлэх гэдэг нь  гэмт хэргийг шинжээр нь, төрлөөр нь, эсвэл зүйл ангиар нь тусгай хууль гаргаж хэрэгжүүлдэг  арга юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид  мөн үүнтэй төстэй эрх байдаг нь уучлал үзүүлэх юм. Энэ эрхийг хэн ч булаацалдах ёсгүй, хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй. Төрийн тэргүүн, ард түмнээс сонгогдсоны хувьд хэн нэгэн хүн гэм буруугаа ойлголоо, миний хэргийг уучилж өгөөч гэж өргөдөл, хүсэлтээ өгсөн тохиолдолд түүнийг нь харгалзан үзэж, өөрийн онцгой бүрэн эрхийн дагуу уучлал үзүүлдэг. Үүнд нь УИХ ч, Дээд шүүх ч  нөлөөлөх эрхгүй. Түүнчлэн АТГ, Улсын прокурор ч нөлөөлөх  боломжгүй. Хэрэв ингэх юм бол Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхэд халдсан асуудал үүснэ. Хэдэн сарын өмнө Канадын иргэн Ж.Капла нарт уучлал үзүүлсэн асуудлаар ард түмэн нэлээд шүүмжлэлтэй хандсан. Түүн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, зөвлөхүүд тодорхой тайлбар өгсөн. Түүнтэй адил УИХ ч мөн адил онцгой бүрэн эрхтэй. Тэгвэл өнөөдөр Өршөөлийн хуулийн эргэн тойронд ямар асуудал үүсэв гэвэл, наймдугаар сард УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой гэмт хэргүүдийг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан. Хуульд хамрагдсан хүмүүс тэр өдрөөс эхлэн суллагдах ёстой байсан. Мөрдөн байцаалтанд байсан бол тэр нь хэрэгсэхгүй болсон байх учиртай. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьж байна гээд Эрүүгийн хуулийн зарчимд байж боломгүй эргэлзээтэй байдлыг улстөржүүлсэн байдлаар гаргаж тавилаа. Өнөөдөр үүнтэй холбоотой хүлээлт  үүсээд байна.

Өршөөлд хамрагдах байсан хүмүүсийн эрхийг зөрчиж байна гэж үзэж болох уу?

Наймдугаар сарын 8-нд Өршөөлийн хууль батлагдсанаар түүнд хамрагдсан бол суллагдах ёстой байсан хүмүүс өнөөдөр хоёр сар гаруй хугацаанд шоронд  сууж байна. Энэ  Эрүүгийн хуулийн зарчимд огт байж болохгүй, Үндсэн хууль болоод Олон улсын хүний эрхийн  гэрээ, конвенцийг зөрчсөн  асуудал руу УИХыг хөтлөөд оруулчихлаа. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд хуулийг буцааж хэрэглэх тухай зохицуулалт байдаг. Гэмт хэрэгт шалгагдаж байгаа, шүүхээр шүүгдэж буй, эсвэл шүүхээс ял авсан хүмүүс бусад хуультай харьцуулахад  онцлог ялгаа бий. Тухайн хүн өөрт нь   хөнгөн, эсвэл бага ял  оноосон, хэрэгсэхгүй болгосон хуулийн зохицуулалт байх юм бол түүнийг хэрэглэх эрх нь нээлттэй байдаг. Тэгэхээр өнөөдөр үүсээд байгаа асуудал үүний эсрэг үйлдэл болж байна. Өршөөгдсөн хүмүүст хориг тавина гэдэг эрхзүйн байдлыг нь дордуулж, буцаагаад ял шийтгэлтэй байдалд нь аваачиж байна гэсэн үг.

УИХ  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн. Ямар өөрчлөлт хийх нь бүрхэг байна?

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь  өршөөсөн байсан хүмүүсийг өршөөхөө болилоо, буцаалаа, бид буруу бодож байж, эргээд шорондоо сууцгаа гэсэнтэй агаар нэг юм. Ийм байж болохгүй. Жишээ нь, өнөөдөр 1991 оны Өршөөлийн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал яах вэ. Тухайлбал, тэр үед өршөөгдсөн байсан авлигын гэмт хэргийг өршөөхгүй гэвэл, албан тушаалын гэмт хэргийг өршөөхөө болилоо гэвэл яах вэ. Тэр үед өршөөгдсөн бүх хүнийг буцааж авчраад шоронд суулгах уу. Ялыг нь нөхөж  эдлүүлэх үү.

Өмнөх Өршөөлийн хуулиудаар авлига, албан тушаалын хэргийг огт өршөөж байгаагүй гэсэн  тайлбарууд ихээхэн сонсогдож байгаа. Энэ талаар?

Энэ бол улстөржсөн дүгнэлт. Өршөөлийн  хуулиар бүх гэмт хэргийг өршөөж байсан. Хэргийн шинж байдлаар, хүнд, хөнгөн, онц хүнд гэмт хэрэг гэж ангилаад хүнд гэмт хэргээс гурав, онц хүнд гэмт хэргээс нэг жил хасчхөнгөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож   өршөөж байсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэг  хүнд нь ч бий, хөнгөн нь  ч байна, онц хүнд нь ч байна. Энэ нь тэр хүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж байна шүү дээ. Тэгэхээр авлигын гэмт хэрэг үйлдсэн хүн хөнгөн гэсэн ангилалд орсон бол шууд хэрэгсэхгүй болгодог байсан байна. Хүнд зүйл ангид хамаарч байгаа бол эдлэх ялаас нь 3-5  жил хасдаг байсан байна. Онц хүндээр  гэмт хэрэг үйлдсэн бол өршөөдөггүй байж. Тэгэхээр өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөдөггүй байсан гэвэл үгүй. Дэлхийн нийтийн жишигт огт өршөөдөггүй гэмт хэргүүд гэж бий. Түүнд  хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, өөрөөр хэлбэл терроризм, улс үндэстэн дамжсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, түүнчлэн хүний амь биед онц ноцтойгоор халдсан рецедив гэмт хэргүүдийг өршөөдөггүй. Үүнийг ямар ч хуульч хэлэх байх. Харин улстөрчид  янз бүрээр хэлж ярьж, зарим нь улстөржсөн хоригоо зөв болгож тайлбарлахын тулд, эсвэл ард түмэнд авлигын эсрэг тэмцэж байгаа мэтээр ойлгуулах, өөрийгөө  авлигач биш гэж харагдуулахын тулд хуулийг буруу тайбарлаж байна. Гэтэл АНаас томилогдсон Х.Тэмүүжин сайдын үед өргөн баригдсан, одоо Хууль зүйн сайд Д.Дорлигжавын  өөрчлүүлж  өргөн бариад байгаа, Ерөнхийлөгчийн өөрийнх нь яриад буй хууль зүйн шинэтгэлийнх нь хөтөлбөрийн хүрээнд Их хурлын ажлын хэсэг Өршөөлийн хуулийг оруулж ирсэн. Эрүүгийн хууль өмнө нь ямар байсныг  харьцуулж үзье л дээ. Жишээ нь, 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авлаа гэдэг. Гэтэл тэр хүн нэг биш гурван удаа хулгай хийж, нийт  учруулсан хохирол нь 30 мянган төгрөг, хамгийн гол нь   давтан үйлдэл нь онц хүнд гэмт хэрэг гэсэн зүйл ангид хамаарч 10 жилийн ялаар шийтгүүлчихэж байна. Гэтэл хүнийг нэг удаагийн үйлдэлд нь нэг л   шийтгэх ёстой гэсэн олон улсын зарчим бий. Тэгвэл  бид тэрийг орхигдуулж давтан гэмт хэрэг үйлдсэн гэж ялладаг, хүмүүсийг айлган сүрдүүлэх байдлаар шийтгэдэг хоцрогдсон онолын хүрээнд ийм хуулиар яваад байж болохгүй гэж үзэж  Засгийн газар, Хууль зүйн яам, АНын дарга нар хууль бариад орж ирж байхад ажлын хэсэг нь өнөөх  хуучин тогтолцоогоороо хүнд гэмт хэргийг өршөөхгүй, хүндэвтрийг нь өршөөнө гэдэг нь  одоо баримталж буй төрийн бодлогоосоо гажиж байгаа хэрэг юм.

Өршөөлийн хуулийг улстөржүүлж буй гол шалтгаан нь МАХНын дарга Н.Энхбаярыг өршөөлд хамруулахгүй гэснээс үүдэлтэй гэх юм?

Тэгж ойлгуулах гээд байх шиг байна.   Гэтэл үнэн хэрэгтээ тэр хүнийг хэлмэгдүүлсэн, хэлмэгдүүлж ял шийтгэл ногдуулаад, улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлээд дуусгавар болсон шүү дээ. Түүгээр давтан хэрэг үүсгэх боломжгүй. Хүмүүсийн тархийг угааж, Өршөөлийн хуулиар талцуулж байгааг олон нийт ялгаж салгаж ойлгох байх. Би залуу хүний хувьд юу гэж харж байна вэ гэвэл, энэ УИХ хүний төлөө өөрсдийн бүрэн эрхийг хэрэгжүүлж чадах хүмүүс үү, үгүй юу. Хүний төлөө гээд хууль баталдаг, баталсан хуулийнхаа талд зогсч чадахгүй эндээс нэг шүүмжлэл ирэхээр больчихдог, тэндээс  нэг хүн загнахаар байр сууриасаа ухардаг хүмүүс төр барьж чадах уу, үгүй юу. Чадахгүй юм бол яах гэж хууль баталсан юм бэ. Жишээ нь, Монголын төр Оюутолгой, Тавантолгойгоо ард түмнийхээ талд шийдлээ гэхэд  гаднаас  нэг хүн  ирээд загнахаар  болих уу, баталсан хуулиа буцаах уу. Гаргасан шийдвэртээ эргэлздэг байх юм бол бусад хуулийг яаж батлаад байна вэ. Ийм асуулт зайлшгүй гарна. Хэн ч ингэж бодно, бодоод зогсохгүй асууна. Өршөөлийн  хууль МАХНын дарга  Н.Энхбаярт ямар ч ха­маагүй. Харин нийгмийн бүх л хүсэл, шаардлагад  нийцсэн хууль.

Тухайлбал?

-2012 оны сонгуульд АН ч, МАХН ч, бусад намууд ч манай Эрүүгийн хууль болохоо больчихлоо, хүнд хийсэн хэргээс нь давсан ял өгөөд байна. Тиймээс өөрчилье, хийсэн хэрэгт нь тохирсон ял өгдөг болъё, Монголын залуус дэндүү олноороо шоронд орж байна. Энэ байдлыг эргэж харъя гэдэг асуудлыг  мөрийн хөтөлбөртөө дэв­шүүлсэн. Тэгвэл мөрийн хөтөлбөртөө өөрчлөхөөр оруулсан Эрүүгийн хуулиа одоо болтол хэлэлцээгүй байна. Шүүмжлээд байсан хуулийнх нь балгаар 2012 оноос  хойш  гурван жил гаруй хугацаанд  монголчууд ял эдлээд ирлээ. Тэгвэл тэднийг нэг өдрийн өмнө ч болтугай суллачих хэрэгтэй. На­мууд сонгуулиар амласнаа хэрэгжүүлэх ёстой.

Ингэхэд Өршөөлийн хууль дээр ард түмэн талцаж байна уу, эсвэл?

Өнөөдөр улстөрчид өөрсдөө л шүүмжлэл хэлжхуулиа улстөржүүлээд  байгаа болохоос  хөдөө орон нутгаар явахад ард түмэн шүүмжилж  байгаа юм алга. Тэр маань алдсан юмсан, энэ маань эндсэн юм, ганц хоногийн өмнө ч болтугай сулуулчихсан гэж ярьж байгаа болохоос, тэнд байгаа залуусыг  шоронд нь суулгаад, хатаагаад  байх юм шүү, тэр 8-9 мянган хүнийг төрөөр тэжээлгээд, гэмт хэрэгт нь сургаад байя гэж байгаа  монгол хүн нэг ч алга. Тэгэхээр Өршөөлийн хууль хэдхэн улстөрчийн тоглоом болохоос ард түмнийг талцуулж байгаа асуудал биш гэдэг нь харагдаж байгаа юмДахиад хэлэхэд, УИХ Өршөөлийн хууль баталчихаад, түүнд хамрагдсан хүмүүсийг суллахгүй, шоронгоос гаргахгүй байгаа нь  УИХын тухай хууль, Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенцийг  зөрчсөн асар том зөрчил. Хууль журмынхаа дагуу явах юм бол Ерөнхийлөгчийн хориг тавьсан нь ч, хоригийг хүлээж авсан нь ч  Үндсэн хууль зөрчсөн явдал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *