Э.Бат-Үүл: Нэг удаа 250 мянгаар торгосон гэнэ. Энэ одоо юу вэ?

9-р сарын 19, 2012 10:22 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 231

Д.МЯГМАР

 

Нийслэлийн иргэд өвөлдөө амны хаалт зүүж, дулааны улиралд барилгын каск өмсч явахгүй бол болохгүй нь. Зөвшөөрөлгүй барилгын ажлын балгаар 2007 оноос өнөөдрийг хүртэл 108 хүн барьж буй барилгын орчимд амиа алджээ. Хамгийн сүүлд гэхэд “Тэнгис”-т кино үзэх гэж явсан оюутан Ч-гийн толгой дээр барилгын төмөр шон унаж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

 

-Зөвшөөрөлгүй барил­гын эргэн тойронд нас барсан хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж бай­на. Иргэдийг эрүүл, аюул­гүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахын тулд хотын даргын хувьд ямар арга хэмжээ авав?

-Нийслэлд гарсан ос­лын талаар Засаг даргын зөвлөлийн хурлыг зарлаж сая асуудлыг хэлэлцлээ.  Санаатайгаар барилгын осол гаргаж хүний амийг хөнөөсөн хэргийн талаар нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал та бүхэнд мэдээлэл өгсөн байх. Түүнийг эрх хэмжээ­нийхээ хүрээнд ажилла­хыг даалгасан.  Нийслэ­лийн мэргэжлийн хянал­тын газрын дарга хэлэх үггүй сууна. Энэ сарын 17-ны өдрийн 15.20 цагт “Тэнгис” кино театрын дэргэд барьж буй барилга дээрээс  төмөр унаж ха­шаа­ны дэргэдүүр явж бай­сан хүний толгойг цохиж амь насыг нь хөнөөсөн харуусам хэрэг гарлаа. “Эко констракшн” ком­па­нийн барьж буй барил­гын найман давхраас бэ­хэлгээний төмөр унасан байна лээ. Чингэлтэй дүүр­гийн прокуророос энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүс­гэсэн гэсэн.

-Зөвшөөрөлгүй барил­гуу­дын ажлыг зогсоох талаар захирамж гаргасан санагдана. Хэрэгжээгүй юу?

-Энэ сарын 7-нд зөв­шөө­рөлгүйгээр эхэлсэн барилгуудын ажлыг зог­соох тухай 557 дугаар захирамж гаргасан, би. Дөрвөн заалттай.  Нэг­дүгээрт, нийслэлд дур зор­гоороо, зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудын ажлыг зогсоох үүрэг, даал­гаврыг НМХГ-ын даргад өгсөн. Хоёрдугаарт, зөв­шөөрөлгүй барьж байгаа барилгын ус, дулаан, ца­хилгааныг таслаж, тоног, төхөөрөмж нь ажиллах боломжгүй болго гэсэн. Нөхцөл байдал ямар бай­гааг та харж байгаа байх. Гуравдугаарт, барилгын компаниудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажил­лагааг шалгаж ирэх сарын 10-нд Засаг даргад мэ­дээ­лэх үүрэг өгсөн. Саяхан болсон “Аюулгүй Улаан­баатар” зөвлөгөөний үеэр би зориуд  анхааруулж хэлсэн.

-Яагаад өнөөдрийг хүр­тэл хотын даргын гар­гасан захирамжийг тэд биелүүлсэнгүй вэ?

-Харамсалтай нь тэд үүргээ биелүүлсэнгүй. Дарга нар нь ажилла­сан­гүй. Захирамж гарсан өд­рөөс хойш дээрх хоёр шийд­вэрийг хэрэгжүүлэх бүрэн боломж байсан.

-Хотын даргын өгсөн үүргийг тэд зориуд бие­лүүл­сэнгүй юу. Тэд ха­риуц­лаггүй ажилласнаар ийм осол, хэрэг гарлаа гэж хэлж болох уу?

-Үнэхээр хариуцлаг­гүй ажилласан, тэд. Жи­шээ нь, зөвшөөрөлгүй барьж буй 79 барилгын 53 нь акт хүлээж авч, гарын үсгээ зурсан байхад ажил­луулаад л байж. Хачин байгаа биз.

-Цахилгааныг нь тас­ла­сан хэдэн барилга бай­гаа вэ?

-77 барилгын компа­ниас ердөө 14 барилгын цахилгааныг тасалсан бай­на.

-Ямар учраас ийм цөө­хөн байгаа юм бол?

-”Улаанбаатар цахил­гаан түгээх сүлжээ” ком­панийн нөхдөөс ямар уч­раас зөвшөөрөлгүй барил­гуудын цахилгааныг тас­лаагүйг асуухад хариу хэлэх хүн алга.

НМХГ-ынхан шалтаг, шалтгаан тоочиж, хэрэг явдлаас булзаж байна. Зөвлөлийн хурал дээр НМХГ-ын дарга нар аж­лаа хийгээгүй гэдгээ хү­лээн зөвшөөрсөн.  Энэ осол хөдөлмөрийн аюул­гүй ажиллагаа алдсан, хайхрамжгүйгээс болсон хэрэг биш шүү. Удаа дараа давтагдаж байгаа хэрэг. Ингэхдээ зөвшөөрөлгүй барилга дээр осол давтан гарч байна. Зөвшөөрөлгүй барилга барьж буй нөхөд энэ үйлдэл болон эс үйлд­лээ өөхшүүлсэн, зохион байгуулалттай хэрэг болох нь харагдлаа. Энэ ослыг  зориуд, зохион байгуу­лалт­тай хийсэн гэмт хэрэг гэж хэлж болно. НЦГ-ын даргад үүрэг өгч хууль бус барилгын ажилтай хол­боотой нөхдөд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуу­ла­хаар болсон. Ингэхгүй бол сүүлийн үед нийслэлд хү­ний амь нас хохирчихоод байхад барилга дээр зүгээр л нэг осол гарсан юм шиг асуудалд энгийн хандаж байна. Ингэхгүй. Дахин хэлэхэд, нийслэлд албан тушаалтнуудын зохион байгуулалттай, бизнесийн зарим хүний оролцоотой, гэмт хэргийн шинжтэй осол гарсаар байна. Дээрх ажлын биелэлтийг хянаж чадаагүй, хариуцлага алд­сан Засаг даргын дэд бү­тэц, барилгын асуудал хариуцсан орлогч Н.Ган­төмөрт сануулах арга хэм­жээ авна.

-Нийслэлийн мэргэж­лийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн яа­гаад зөвлөлийн хуралд ирээгүй вэ. Ажлаа хийж байгаа юм уу?

-Тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Засаг даргын хувьд би гаргасан. Гэтэл илт хууль зөрчсөн бузар, булай үйлдэл хий­гээд энүүгээр, тэрүүгээр аргалаад яваад байх юм, тэр. Та биш, би өөрөө хү­сэл­тээрээ ажлаа өгч бай­гаа гэж яриад явж буй хүнд би юу хэлэх вэ. Энд ажлын хариуцлага, хүний амь насны асуудал яригдаж байна. Алдар хүнд, албан тушаал хамаа алга.

Энэ ажилд Д.Тэрбиш­дагва сайд хөндлөнгөөс оролцоод байх юм. АТГ-ын Хяналт, дүн шинжилгээ­ний газрын хэлтсийн дарга Эрдэнэбатыг түүний оронд тавих хүсэлтийг би МХЕГ-ын дарга Р.Сод­хүүд хүргүүлсэн. Долоо хонож байхад хариу алга. Гэтэл Шадар сайд тэр хү­ний  танилцуулгыг аваад явсан гэнэ. Д.Тэрбишдаг­вад энэ томилгоо ер ха­маа­гүй. Би МХЕГ-ын дар­гатай зөвшилцөөд НМХГ-ын даргыг томи­лох ёстой байдаг.

Барилга барих зөв­шөөр­лийг мэр­гэж­лийн хя­налт өгдөг юм. Зөвшөөрөл­гүй 79 дотор энэ барилгын компанийн нэр ямар уч­раас багтаагүйг асуулаа. НМХГ нэрийг нь гаргаж жаг­саалтад оруу­лаагүй л байна.   

-”Тэнгис” кино теат­рын урд талд тэд анх усан оргилуур барина гэж зөв­шөөрөл авсан байх аа?

-Дуу хөгжимтэй, мун­даг усан оргилуур барина гэж газрын зөвшөөрөл авсан байдаг. “Тэнгис” кинотеатрын урд барилгын эзэд нь анх 16х24 хэмжээтэй газар авсан. Сүүлд зөвшөөрлөө өөрчлөөд 30х24 хэмжээтэй болгосон. Өнөөх усан ор­гилуурыг хаа байсан Чин­гэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутагт зөөгөөд орон нутгийн хөрөнгөөр бариулсан байдаг юм. Өм­чийн харилцааны газартай гэрээ хийгээд л хувийн хөрөнгөөр хийх ажлыг ингэж л аргалж улаан цайм хуйвалдаад байна. Ийм даварсан нөхдийг НМХГ нэг удаа 250 мянган төгрөгөөр торгосон гэнэ. Энэ одоо юу вэ. Хуульд мэдэгдэл өгнө, дүгнэлт гаргана, акт үйлдэнэ гэж заасан байгаа. Барилгын ажлыг зогсоох арга хэм­жээ авах ёстой. Гэмт хэр­гийн шинжтэй бол хууль бус барилгыг буулгах ёс­той. Тэднийг ямар ч туршилт, судалгаа хий гэж хэлээгүй.  

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *