Э.Бат-Үүл: Хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалж тэмцэхэд би бэлэн

1-р сарын 27, 2016 11:11 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 45
1-27-4

Х.МОНГОЛХАТАН

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай  хамтранУлаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ ШангриЛа зочид буудалд зохион байгуулсан билээ.

Өнгөрсөн жил 800 оролцогчтой байсан тус уулзалтад энэ жил бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхнээс бүрдсэн 1000 гаруй оролцогч ирсэн юм. Чуулга уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.БатҮүлийн хэлсэн үгийг хүргэж байна.

 

ӨНӨӨДӨР УЛААНБААТАР ХОТ ДАНСАНДАА 149 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ БАЙНА

Сүүлийн үед ажилгүйдэл ядуурал ихсээд байна. Уул уурхайгаас 50 мянган хүн ажилгүй болчихлоо. Тиймээс нийслэл төсвийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, татварын баазаа алдахгүй байх ёстой. Үүний тулд хотод бизнес сайн байж, хүмүүс ажилтай байх нь  амин чухал эрх ашиг. Өнгөрсөн жил бид хотын төсвөөс 260 гаруй тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийж, бусад нь 2014 оны бүтээн байгуулалт үргэлжилсэн. Үр дүнд нь бид өнөөдөр дансандаа 149 тэрбум төгрөгийн орлоготой байна. Харамсалтай нь дансаа төрд  бариулчихаад хүнд байдалтай сууна.      

Төр, хувийн хэвшлийн харилцаа дэндүү тэгш бус байна. Хувийн хэвшил ажлаа хийгээд гүйцэтгэлээ дуусгаад, нэхэмжлэхээ өгсөн байхад мөнгөө авч чадахгүй байна. Гэтэл тэд цаанаа банкнаас зээл авчихсан, хүү нь нэмэгдэж, маш том алдагдал хүлээдэг. Төр засаг хэзээ ч энэ хохирлыг хариуцдаггүйХарамсалтай нь манай хувийн хэвшлийнхний амиа бодсон, бэртэгчин, аймхай, хэл ам хийж чаддаггүйг нь бас далимдуулдаг. Нэг хэл ам хийвэл ахиад ажил олдохгүй гэж айдагтай нь холбоотой. Уг нь зүй ёсоор шүүхэд хандвал хүү, торгуулиа авч болно шүү дээ. Шүүх дээр очсон ч бүтдэггүй гэх юм.

Тиймээс нийслэл хувийн хэвшилтэй тэгш эрхтэй гэрээ хийнэ. Хувийн хэвшлийнхэн ажлаа гүйцэтгэсэн байхад мөнгийг нь олгох асуудал хоцрох юм бол алданги хүүг нь хот хариуцна, төлнө. Шүүх хүндрэлтэй байдаг юм бол энэ жилээс гэрээгээ Нийслэлийн худалдааны танхимын дэргэдэх Арбитрт бүртгүүлнэ. Тэгвэл хувийн хэвшлийнхэн тэгш эрхтэй шүүхийн үйл ажиллагаа, үйлчилгээг авах боломжтой болно. Арбитрыг өөрсдөө сонгоно. Манайх 1958 оны Арбитрын конвенцэд нэгдсэн орон. Тиймээс Арбитрт гарсан маргааныг олон улсын Арбитрт давж заалдах эрхтэй. Ингэж хувийн хэвшилтэй хамтран ажиллах харилцааг тэгш шударга болгоно.

 

НОГООН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛД ЗОРИУЛАХ 100 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЭХ ҮҮСВЭР БАЙНА

Шударга ажиллавал Улаанбаатар хотын хөгжилд хөрөнгө оруулалтыг татах бүрэн бололцоотой юм. Ер нь нутаг нутгийн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагынхан Улаанбаатар хоттой хамтран ажиллах итгэл нь нэмэгдсэн. Энэ итгэлийг хувийн хэвшлийнхнээс олж авахыг хүсч байна.

Дээд түвшинд, ялангуяа яамны төвшинд ажлыг хариуцлагагүй хийдэг тухай олон жишээ хэлж болно. Учир нь засаг захиргаа тэр дундаа улстөрчид өөрийнхөө нэг мөнгөөр эрсдэл хийдэггүй учраас хэзээ ч хариуцлагатай байдаггүй. Тиймээс ийм хариуцлагагүй хүмүүст хуулийн өмнө хариуцлага хүлээдэг болгож аж ахуйн нэгжүүдэд учруулж буй хохирлыг хариуцуулдаг болгох нь чухал.

Хэрэв сайн үр ашигтай, ногоон хөгжлийн төсөл байвал Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас 100 тэрбум ам.долларын эх үүсвэрийг санал болгосон. Тэд хамгийн гол нь хувийн хэвшилтэйгээ түншилж ир гэсэн болзол тавьж байгаа. Өөрийнхөө мөнгөөр, бизнесээрээ эрсдэл хүлээж ажилладаг учир хариуцлагаа хүлээх чадвар хувийн хэвшилд байдаг. Харин төр захиргаанд эрх мэдэл байдаг. Энэ хоёрыг хослуулж ирэх шаардлагыг олон улсын санхүүгийн зах зээл шаардаж байна.

Тиймээс хувийн хэвшилтэй түншлэх хөгжлийн корпораци байгуулсан. Тэр хөгжлийн корпорациуд олон улсын санхүүгийн зах зээлд байгаа ийм төслүүдийг хэрэгжүүлнэ.

 

ПОПУЛИСТ УЛСТӨРЧИД ЭНЭ БҮХЭНД НЭГ Ч ХАРИУЦЛАГА ҮҮРЭХГҮЙ БАЙНА

Нийслэлийн засаг даргын хувьд хэлье. Ер нь хувийн хэвшил рүү төрийн зүгээс халдах, засаг захиргааны зүгээс халдах, бизнесийг нь булаах, хүч хэрэглэх, зарим нэг төрийн институтыг ажиллуулах явдал улам бүр хэрээс хэтэрлээ

Популист улстөрчид энэ бүхэнд нэг ч хариуцлага үүрэхгүй байна. Тэд нэг ч ажлын байр бий болгодоггүй. Төрийн эрх мэдлээрээ бизнес булаацалдаж байгаа хүмүүс ичмээр юм. Гэр хорооллын 86 хувь нь ядууралд нэрвэгдэж байна. Захуудаар явж үзэхэд тал нь түрээсээ дийлэхгүй, талбайгаа орхиод явж байна. Төр бизнес рүү оролцсоны гай энэ. 1990-2010 оны хооронд төр ямар ч бизнес рүү ордоггүй байсан. Энэ хугацаанд бидэнд ямар ч эх үүсвэр байгаагүй. Хувийнхан л энэ бүгдийг, өнөөдрийн хөгжлийн авчирсан.

Монгол Улс хөгжил нь өсч яваа орон учир дэлхийн эдийн засгийн хямралыг сөрж зогсох бүрэн боломж байсан. Том төслүүдээ явуулаад, дээр нь 200 мянган гэр хорооллын айлуудаа газраар нь барьцаалж зээл өгөөд бүтээн байгуулалт хийлгэсэн бол манай эдийн засаг 2040 он хүртэл ямар ч асуудалгүй өсөлтийн эдийн засаг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийм ч учраас Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, олон улсын байгууллагууд нааштай хандаад байна. Яагаад гэвэл манайх хөрөнгө шингээх чадвартай, дараа нь төлөх маш том активтай улс юм.

Тэгэхээр хувийн хэвшлийн та бүхэн битгий айгаачээ. Нийслэл танхимаа байгуулж зохион байгуулалтад орлоо. Бизнес хийдэггүй хүмүүс төрд очоод бусдынхаа бизнесийг булаацалдаж төсөл хөтөлбөрийг нь зогсоодог явдлын эсрэг тэмцээчээ

Нийслэлийн Засаг дарга надад нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах хуулиар оногдсон үүрэг байдаг юм. Та нарын эрх ашгийг хамгаалж тэмцэхэд би бүрэн бэлэн байна. Айгаад байвал миний ард ороод нуугдчих.      

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *