Э.Бат-Үүл: Барилгуудыг нураая гэтэл Ардын намынхан НИТХ-ыг гацаачихлаа

9-р сарын 14, 2012 9:55 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 223

Д.МЯГМАР

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаан өчигдөр өглөө эрт эхэлсэн ч МАН-ын бүлгийнхэн 14 хоногийн завсарлага авлаа. Иргэдийн төлөөлөгчид олон нийтийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлаа шийдэж чадалгүй нуруугаа харуулаад гарцгаасан. Энэ талаар Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарын байр суурийг хүргэж байна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй завсарлагын дараа уулзлаа.

– Ардын намын бүлэг завсарлага авах бүрт асуудал шийдэж чадахгүй, хугацаа алдах болоод байна. Хурлын дэгээ өөрчилж 14 хоногийг багасгах боломж бий юу?

-Бидний алдсан хоногоор Улаанбаатарт босч байгаа хууль бус барилгын давхар нэмэгдэж байна. Хууль зөрчигчид шөнөөр сохор номин шиг ажиллаж, өдөр нь нуугдчих юм. Хариуц­лага алдсан НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий байцаагч Р.Содхүүд хүргүүлээд долоо хонов. Таг чиг. Бид хууль зөрчсөн ажлыг бага дээр нь буулгаж, нурааж чаддаг жишгийг тогтооно. Дээр нь хууль бусаар газар эзэмшиж байгаа нөхдийн ажлыг хийлгэхгүй.  Нийслэлийн иргэдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлээд буй хууль бус барилгуудын ажлыг зогсоох гэхээр МАН-ын бүлэг завсарлага авч гацаа үүсгэлээ. 14 хоногийн дараа хууль бус барилгаа 14 давхарласан байх вий.

Өмнөх НИТХ-ын үед хэдхэн дарга үг хэлж, хотын дарга иргэдийн өмнөөс асуудлыг шийддэг байсан. Тиймдээ тэр хурлыг хэн ч сонирхдоггүй, сонсдоггүй байж. Харин одооны НИТХ-ынхан иргэдтэйгээ нийлж асуудлаа шийдэж, тэдний хүсэл, сонирхлын төлөө ажиллаж байгаа учраас юун УИХ-ын чуулган бэ. Түүнийг тоож сонсдог иргэн алга. Бид олон нийтийн анхааралд орчихоод нийтийн эрх ашгийн төлөө асуудлыг шийдэж чаддаггүй гэсэн ойлголт төрүүлж яагаад ч болохгүй. Бид бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр энд ирсэн. Ардын намын бүлэг бидний ажилд саад учруулж яагаад ч болохгүй. Зориуд хэлэхэд, өмнө нь нийслэлийнхэн хэрхэн төсвийн тодотгол хийж, хэн юу сэдэж байгааг иргэд огт мэддэггүй байсан. Өнөөдөр нийслэлчүүд маань амьсгаа нь давхцаад сууж байгаа. Ардын намын бүлэг завсарлага авснаас болж нийслэлд зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын ажлыг зогсоож чадахгүйд хүрлээ. Энэ зохисгүй байдлыг Засаг даргын хувьд зөвшөөрөхгүй. Ирц бүрдчихээд байна. 14 хоногийн дараа тэд хамаг ажлаа дуусгасан байна.

-Энэ асуудлыг шийдэх бүрэн эрх танд байгаа юм биш үү?

-Байхгүй. Тэд санаатайгаар энэ асуудлыг мушгин гуйвуулж байна. Хуулиараа МХЕГ-ын улсын ерөнхий байцаагч энэ барилгыг зогсоо, буулга гэж шийддэг. Шүүхийн шийдвэрийнхэн тэр тушаал, зааврыг гүйцэтгэдэг юм. Надад газрыг албадан чөлөөлөх эрх бий. Барилгыг буулгах эрхгүй. Барилгын тухай хуулиар энэ эрхийг МХЕГ-т өгчихсөн байдаг шүү. Бид НИТХ-аар барилгын ажлыг хэрхэн зохицуулах хэм хэмжээг тогтоосон шийдвэр гаргах гэж байтал ингээд л гацчихлаа. Би хууль сахиж ажиллах эрх зүйн орчноо бүрдүүлэх гэж НИТХ-ын чуулганыг хуралдуулсан.     

 

Д.Амарбаясгалан: Засаг дарга мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэхийг шаардсан

-Ямар учраас чуулганаас завсарлага хүсэв. Та бүхнийг улстөржиж НИТХ-ын ажлыг гацааж байна хэмээн мээр Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар хэллээ?

-Бид АН-ынхын сэдсэн, хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажилд садаа болоогүй. Харин ч ажил хийх боломжийг нь олгосон. Ажилдаа ороод гурван сар болж байгаа Засаг дарга Э.Бат-Үүл амлалтаа хэрэгжүүлсэнгүй. Засаг дарга мөрийн хөтөлбөр, төсвөө батлуулж ажиллах хууль бий. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар үүнийг зохицуулдаг. Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг боловсруулж НИТХ-ын ээлжит чуулганаар яаралтай хэлэлцүүлэх шаардлагыг бид тавьсан. Мөрийн хөтөлбөрөө батлуулаагүй Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдрийг хүртэл МАН-ынхны 2011 онд батлуулсан мөрийн хөтөлбөрийг дагаад ажиллаж байна. Бидний батлуулсан төсвийг зарцуулан, бидний хийж, хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжүүлэхээс цааш хэтэрсэнгүй. Тиймээс бид нийслэлийн иргэдийн эрх ашгийн үүднээс хотын даргад шаардлага хүргүүллээ.

-Нийслэлд хууль зөрчин барьж байгаа 79 барилгын асуудлыг та бүхэн шийдүүлэлгүй гацаа үүсгэж байгаа юм биш үү?

-Биднийг барилгажилт, газрын асуудлаас болж завсарлага авсан гэж Засаг дарга ойлгоод байх шиг. Бид энэ ажлыг огт хаагаагүй. Нийслэлд барилга барихыг хориглосон 1300 га газрын судалгааг бид гаргасан. Үүгээр ажлаа хязгаарлахгүй, харин ч энэ талаар хийж байгаа ажлыг 100 хувь дэмжиж ирсэн. Энэ газрын хэмжээг тэлж 2000 га-д хүргэх боломж байгаа. Зайсан, Хүүхдийн парк, Баян Монгол хороолол орчим гээд ид барилгажиж буй газар дээрх хоригт багтаагүй. Бид дээрх газрыг хориглох бүс болгон нэмж оруулна. Хотын шинэ удирдлагууд гарч ирээд өөрийн тархиар ямар ч ажил сэдэж, хийж, хэрэгжүүлээгүй. Засгийн газар, УИХ дээр ирэх оны төсвөө хэлэлцэж байхад хотын удирдлагууд өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Энэ эрчээрээ ажиллавал Э.Бат-Үүл дарга мөрийн хөтөлбөр ч үгүй, ирэх онд зарцуулах төсөвгүй хоцрох гээд байна. Энэ гэмээ ойлгохгүй биднийг хэт улстөржүүлж байгаа нь онцгүй санагдлаа. Ардын намынхан ажил хийж байсан туршлагатай, ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас хот хэрхэн ажиллах ёс, дүрмийг мэдээд, санаа зовж, тэдэнд хийх ажлыг нь сануулж байна.

-Засаг дарга та бүхнээс болж хууль бус барилга өдөр хоногоор давхар нэмнэ гэж санаа нь зовж байна. Түүнд ажиллах боломж олгохгүй юм уу?

-Засаг дарга хууль бус барилгын ажилд хориг тавих эрхтэй. НМХГ болон бусад мэргэжлийн байгууллагаар дамжуулан барилгын ажлыг зогсоох, шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй байх бүрэн бололцоотой. Бид завсарлага авлаа гээд барилгын ажлыг зогсооход ямар ч хамаагүй.  

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *