Дуутай, хууртай нутгийн сонгууль будлиантай, бантантай болж магадгүй

11-р сарын 2, 2012 12:15 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 222

Сонгууль-2012

Б.ОНОН

 Дундговийнхон хэзээ­нээс сүртэй намчирхаж сүйд болж байгаагүй ард түмэн. Говийн хүний  уужуу ухаанаараа сон­гуульд ч хандаж ирсэн гэдэг. УИХ-д Ж.Наран­цац­ралт агсан, Р.Раш на­рыг сонгож байснаас нь харж болно. Энэ төрийн тү­шээд тайвуу уужуу, тулх­тай цөлх зантайгаараа адилхан. Харин сүүлийн хэдэн жилд сүрхий нам­чир­хаж, талцаж эхлээд байгаа гэх.

Өнгөрсөн зун болсон УИХ-ын сонгуулиар нэлээд донсолгоо, эргэлзээтэй сонголт хийж, эрхэм гишүүнээ сонгосон гэдэг. Эртнээс тахилгатай Хараат уулыг сүйтгэж буй Хятадын уурхай, тэр хавиар нутагладаг малчин олны зовлон зүдгүүр өнгөрсөн сонгуулиар ярьж байсангүй. Сонгогч хийгээд сонгуулагчид тиймэрхүү бараан бус найр наадам болсоор зуныг барж байлаа. Харин одоо дундговьчуудын өмнө тун чухал сонголт хийх цаг ирсэн бололтой. Эрхэм гишүүний хийгээгүйг ИТХ-д сонгогдсон нөхдөөр нөхүүлэх гэнэ. Аймгийн хөгжил, алт шороотой холбоотой маргаан, будлиан энэ аймагт их байгаа нь нууц биш.

Удахгүй болох аймгийн ИТХ-ын 35 мандатын төлөө  АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”, МАН, мөн бие даагчид гэсэн дөрвөн субьектээс нийт 84 нэр дэвшигч өрсөлдөх нь.

Энэ аймгийн АН-ын хувьд хэд хэдэн суманд Засаг барьж байгаа. Хэдийгээр 2008 оны УИХ-ын сонгуульд МАН-ын Р.Раш, Х.Наранхүү нарыг сонгосон ч Орон нутгийн сонгуулиар хэдэн суманд АН-ыг гаргасан нь Дундговийнхны нөгөө л цөлх занг дээдэлдэг, өөрөөр хэлбэл намд бус хүнд саналаа өгдөгтэй холбоотой биз. АН-аас УИХ-д гишүүнтэй. Харин сонгуулийн бэлтгэл ажил ид явагдаж буй энэ үед Дундговийн АН-ынхан дотроо бужигнаантай, хөнжилдөө хөлөө жийл­цээд завгүй байна. Уг нь аймгийн АН-ын хорооны хуралдаанаар 30 хүнээ нэр дэвшүүлж. Сонгуулийн хороо бүртгэх ажлын үеэр намын дүрмийнхээ дагуу Зөвлөлдөх зөвлөл нь хуралдаж, дээрх 30 хүнээс хоёрыг нь сольж орхисон байна. Албан ёсны тамга тэмдэгтэй Зөвлөлдөх зөвлөлийн шийдвэрийг аймгийн Сонгуулийн хороо хүлээж аваад дээрх хоёр нөхрийг нь хасч орхисон байна. Харин хасуулсан хоёр шүүхэд хандсанаар өдгөө Сон­гуулийн хороо, АН-тай хамт хариуцагчаар татагд­чихаад байгаа аж.

Үүнээс гадна АН-ынхны нэр дэвшүүлсэн нэг эрхэм хүн амины хэргээр ял эдэлж гарч ирээд, ялгүйд тооцох хугацаа нь болоогүй байжээ. Сонгуулийн хороо хуулийн дагуу нэр дэвшигчийн жагсаалтаас хасах гэж байгаа аж.

АН-ын жагсаалтын эхэнд Намын хорооны дарга С.Од-Эрдэнэ бичигдэж, түүний араас А.Хатантөмөр, А.Нансалмаа, М.Энхбат, М.Анхбаяр нар нэрээ бичүүлжээ.

МАН энэ аймагт Засаг барьж байгаа. Энэ бол тэдний хувьд том хөзөр. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд аймагтаа хийсэн зүйлээр маруухан. Томоохон уул уурхайн компаниудын халаасанд орчихсон гэдэг хоч энэ сонгуулийн хожилд нь саад болох оноо юм. Жагсаалтаа жишиг ёсоор Намын хорооны дарга С.Сүхбаатар тэр­гүүлж буй. Түүний дараа Б.Гантогтох, Н.Мэнд­сайхан, Б.Болд, Д.Ганбат нарын хүмүүс жагсч байна. Жагсаалтын хоёроос хойшхи дөрвөн хүний тухайд тун таагүй яриа Дундговьд ярьж байна. Тэд бизнесмэнүүд бөгөөд тус бүр 25 сая төгрөгөөр дээгүүр эрэмбэлэгдэх “боломж”-ийг худалдаж авсан гэцгээж байна. Үнэн худлыг бүү мэд. Сонгуулийн хар PR байж болох ч олны яриа оргүй гэдэг үг бас бий. Аймгийн ИТХ-д МАН-аас 35 нэр дэвшигчийг өрсөл­дүүлэхээр бүртгүүлжээ.

Улс төрийн гуравдагч хүчин гэдгээ нэгэнт хүлээн зөвшөөрүүлсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Дунд­говьд 15 нэр дэвшигчийг сойгоод байна. МАХН-ын өсч байгаа нэр хүнд, нэр дэвшигчдийн тулх энэ аймгийн ИТХ-д эвслийн бүлэг байгуулагдах хэмжээнд суудал авах боломжийг бий болгож байгаа.

Харин бие даагч дөрвөн эрхэм орон нутгийн эрхийн төлөө сонгуульд өрсөлдөнө. Ё.Эрдэнэбат, Ц.Шагдарсүрэн, Ч.Ганболд, Т.Баярсайхан нарын нутаг усандаа нэртэй, зүстэй дөрвөн эр бие дааж хүчээ үзэхээр зориг шулууджээ. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, бас нэр хүнд нь өсч яваа гурван намтай өрсөлдөнө гэдэг баргийн хүний зориглох шийд биш.

Ийн дуутай, хууртай нутгийн сонгуулийн бэлтгэл будлиантай, бантантайхан хангагдаж байна. Энэ чигээрээ болохыг ч үгүйсгэхгүй.

Учир нь дээрх намуудын доторх, гаднах будлианаас гадна Говь-Угтаал, Цагаандэлгэр сумаас нэр дэвшсэн сургуулийн захирал, цэцрлэгийн эрхлэгч нар хуулийн дагуу албанаасаа чөлөөлөгдсөн ч ажлаа хийж байна гэсэн гомдол аймгийн Сонгуулийн хороонд иржээ. Цагдаа­гийн байгууллага энэ “хэрэг”-ийг шалгаж байгаа гэнэ.

УИХ-ын сонгуулиар 28 мянга гаруй сонгогчтой байсан Дундговь аймагт Орон нутгийн сонгуульд 29 мянга гаруй сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ. 400-аад сонгогч нэмэгдсэн байна. Энэ удаагийн сонгуулиар ихэд дэлгэрээд байгаа “царцааны нүүдэл” Дундговийг ч бас тойрсонгүй бололтой.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *