Дуучин Б.Хатанбаатарын төлөө халуун сэтгэлээр нэгдэцгээе

4-р сарын 1, 2013 3:41 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 349
"Хүн хүнээ хайрлах өр нинжин сэтгэл манай ард түмэнд бий" гэсэн ерөөлөөр энэ өдрийн хэвлэлийн хурал эхэлсэн юм.

Ч.Гантулга

“Хүн хүнээ хайрлах өр нинжин сэтгэл манай ард түмэнд бий” гэсэн ерөөлөөр энэ өдрийн хэвлэлийн хурал эхэлсэн юм. Монголын рок попын ертөнцөд нэгэн шинэ хуудсыг нээсэн, хип хопын ууган хамтлагийн нэг бол “Ice Top” хамтлаг билээ. Хамтлагийн гишүүн Б.Хатанбаатар аюулт өвчин тусч, одоо эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж. Артерийн судас дагасан нойр булчирхайн хорт хавдар гэсэн албан ёсны онош гарсан гэнэ. Энэхүү өвчнийг манайд эмчилвэл 10-20 хувийн эдгэрэх найдвартай гэсэн байна. Харин эрүүл мэндийн технологи өндөр хөгжсөн Японд эдгэрэх найдвар 90 хувь, үнийн хувьд харьцангуй өндөр гэсэн аж. Миний Монголын ард түмэн ухаантай, өвдөж зовсон нэгэндээ халуун сэтгэлээр туслах, харамгүй сэтгэл хангалттай байгаа гэж хуралд оролцсон урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Ш.Гүрбазар онцолсон. Монголын урлагийн төлөө цохилох зүрхтэй, энэ хүүг хөл дээр нь босгох чин сэтгэл бидэнд байна гэж урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат хэлсэн юм. Хүн хүнээ хайрлах эрхэм сэтгэлээр Монголын урлагийн одод нэгдэж, эмчилгээний зардалд нь бага ч болтугай хандив үзүүлэх харамгүй сэтгэлээр “Халуун сэтгэл” хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. Таны авсан нэг тасалбар түүнд амьдрал бэлэглэх сэтгэлийн хандив болох аж. Тоглолт энэ сарын 6, 7, 8, 9-нд дөрвөн өдөр үргэлжлэх гэнэ. Эхний өдөр рок попын одод Т.Ариунаа, Б.Сарантуяа тэргүүтэй уран бүтээлчид нэгдэх бол дараагийн өдөр Монголын зохиолын дууны алдартнууд үзэгч түмэнтэйгээ уулзах нь ээ. Наймны өдөр хошин урлагийн “Х-ТҮЦ”, “Шинэ үе”, “Мөрөөдлийн театр” зэрэг хошин урлагийн акулууд тоглолтоо хүргэх бол “Халуун сэтгэл” хандивын тоглолтын сүүлийн өдөр уран бүтээлийн үнэнч андууд болох “Ice Top”, “Дижитал” зэрэг хип хопчдын нэгдсэн тоглолт болох юм байна.

 Мөн халуун сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл Голомт банкны 1805030800, Хаан банкны 5034146252, Хадгаламж банкны 10290019662 дансаар чин сэтгэлийн хандив өргөж, 151015 дугаар луу мессеж илгээх  боломжтой аж.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *