Дүрвэгчид европоор дүүрч байна

8-р сарын 21, 2015 9:30 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 115
migranty

М.ХҮСЛЭН

Энэ онд Европт ирсэн дүрвэгчдийн тоо өмнө нь байгаагүйгээр нэмэгджээ. Сүүлийн гурван сард урьд өмнө нь ирж байгаагүй олон дүрвэгч цагаачид хөгшин тивийг зорьсон байна.

Европын Холбооны гишүүн орнуудад өнгөрсөн долдугаар сард  л гэхэд 107500  дүрвэгч иржээ. Германы албаныхны мэдээлснээр энэ жил зөвхөн тус улсад ирсэн дүрвэгчдийн тоо 750 мянгад хүрчээ. Өмнө нь Германы засаг захиргаанаас 450 мянган дүрвэгч ирсэн гэж мэдээлээд байсан аж. Тасрахгүй цуварч буй цагаачид сүүлийн үед Европын холбооны орнуудын эрх баригчдын толгойны өвчин болоод байна.

Өнгөрсөн сард Германы Гамбург хотод 5700 хүн цагаачлах хүсэлт гаргажээ. Түүнчлэн Баден-Вюртембергийн холбооны тойрогт л гэхэд 7000 мянган хүн өргөдлөө өгчээ. Цагаачдын олонх нь тэнгисээр Итали болон Грекийн эрэгт хүрч, түүнээс цааш Европын бусад орнууд руу дүрвэн гарч байгаа аж.

1992 онд Боснийн хямралын үеэр хамгийн олон буюу 480 мянган хүн дүрвэж байжээ. Түүнээс хойш энэ онд хамгийн олон дүрвэгч Европыг зориод буй.

НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антонио Гутьеррес Европын бусад орнуудыг ч цагаачдыг хүлээн авахыг уриалжээ. Мөн Штутгартын Цагаачалалын асуудал эрхэлсэн сайд Билкай Еней “Цагаачдыг оруулахын тулд надад өдөр болгон шинэ орон сууц барих хэрэгтэй байдаг” гэжээ.

Германы хотуудад дүрвэгч цагаачдыг орон байраар хангахын тулд олон зуун майхантай хотхон байгуулж, спорт заалуудыг орогнох байх болгож байна. Цагаачид ихээр ирэх болсноор Германд нийгмийн хурцадмал байдал бий болоод байгаа. Зарим бүс нутагт нутгийн иргэд болон цагаачдын хооронд зодоон болж, Германы зүүн хэсэгт олон нийт цагаачдыг эсэргүүцэж жагсаал хийжээ. Европын олон мянган хүмүүс өөрсдийн амьдарч байгаа хот сууринд цагаачид олноор ирэхэд дургүйцэж байгаа. Тэд хамгийн гол нь Европт исламын шашны нөлөө улам ихсэж буйд түгшиж сууна.

Германаас гадна Шведийг цагаачид маш ихээр зорьдог болжээ. Энэ онд гэхэд тус улсад 80 мянган дүрвэгч очсон байна. Европ руу дүрвэж буй цагаачдын ихэнх нь Сири улсаас ирж байгаа. Иргэний дайн гарснаас хойш тус улсын нийт хүн амын тэн хагас нь гэрээсээ дайжээ. Тэдний ихэнх нь Европыг зорьсон нь нууц биш.

2015 он гарснаас хойш Газрын дундад тэнгисээр Итали, Грекийн эрэгт 240 мянган дүрвэгч ирсэн байна. НҮБ-ын мэдээлснээр сүүлийн нэг долоо хоногт Грект 21 мянган цагаач иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *