Дөрөв дэх удаагийн цахим газар өмчлөл эхэллээ

8-р сарын 26, 2015 9:54 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 199
8-26-7х

Х.МОНГОЛХАТАН

Нийслэлийн хэмжээнд цахим хэлбэрээр газар өмчлөх дөрөв дэх удаагийн ажил өчигдрийн 12.00 цагт эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа хонх цохиж газар өмчлөлийн цахим системийг нээсэн юм.

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэн 10 гаруй жилийн хугацаанд 100 гаруй мянган иргэн газраа өмчлөн авчээ. Энэ нь ойролцоогоор нэг жилд 9000 орчим иргэн газар өмчилж авсан гэсэн үг. Харин өнгөрсөн жилээс НИТХ-ын 39 дүгээр тогтоолоор нийслэлд 15309 га бүхий 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар цахим хэлбэрээр газар олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс 19 байршилд гурван удаа цахим өмчлөлийн ажлыг зохион байгуулахад 642339 иргэн хүсэлт ирүүлснээс 36428 иргэн сонгогдож газраа өмчлөн авчээ. Энэ удаад БЗД-т дөрөв, ХУД-т хоёр, СХД-т 16, нийт 22 байршилд 28963 иргэнд газар өмчлүүлэх юм байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргад Н.Батаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Н.Батаа: ЕСДҮГЭЭР САРЫН 9-НЫ 12 ЦАГААС ӨМНӨ АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

Энэ удаагийн цахим газар өмчлөлийн талаар мэдээлэл өгөөч?

-Нийслэлийн хэмжээнд дөрөв дэх удаагийн цахим газар өмчлөл эхэллээ. Есдүгээр сарын 9-ны 12:00 цагаас өмнө иргэд амжиж бүртгүүлээрэй. Энэ удаагийн зарлагдсан 22 байршилд 90 хоногийн хугацаанд цахимаар газар өмчлүүлэх ажиллагаа зохион байгуулна. Сонгогдсон иргэд иргэний үнэмлэхтэйгээ өргөдөл хүлээн авах цэгт очиж өргөдлөө батал­гаажуулаад,  өмчлүүлэх шийдвэр гарах үйл ажиллагаа үргэлжлээд явна. Газрыг өмчлөн авснаар иргэдийн захиран зарцуулах бүрэн эрх  үүснэ. Иргэдийн өмчлөлд шууд шилжүүлэн өгнө.

Газар өмчлөх иргэдэд ямар шаардлага тавих вэ?

-Цахимаар газар өмчлөх үйл ажиллагаанд оролцох иргэдэд үндсэн гурван шаардлага  тавигддаг. Нэгдүгээрт, нийслэлд байнга оршин суух бүртгэлтэй нийслэлийн иргэн байх ёстой. Гэхдээ 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэлд оршин суух бүртгэл нь албан ёсоор баталгаажсан байх. Энэ хугацаанаас хойш төрсөн бага насны хүүхдүүд газар өмчлөх боломжтой. Ингэхдээ эдгээр хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч буюу эцэг эх нь 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэлд бүртгүүлсэн, нийслэлийн иргэн байх шаардлага тавигдана. Хоёрдугаарт, урд өмнө нь газар өмчлөөгүй байх ёстой. Улсаас иргэдэд нэг удаа 0.07 га хүртэл газар үнэгүй өмчлүүлдэг. Гуравдугаарт, нийслэлийн иргэд Улаанбаатар хотод газар өмчлөөгүй гэсэн тодорхойлолтыг аван, орон нутагт газар өмчлөх хүсэлт гаргадаг. Ийм тодорхойлолт авсан иргэдийн цахим газар өмчлөлд оролцох эрхийг хязгаарлана.

Газар өмчлөх эрхээ хүчингүй болгосон иргэд энэ удаагийн цахим газар өмчлөлд оролцох боломжтойюу?

-Хамтран өмчлөлөөс нэрээ хасуулсан иргэд оролцох боломжтой. Хасуулаагүй иргэд оролцох боломжгүй.

Цахимаар олгогдсон газруудад дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ хэзээ тавигдах вэ?

-Зарим байршлын зам харилцаа шийдэгдээгүй, усан болон цахилгаан хангамж байхгүй байгаа. Гэхдээ Улаанбаатар хотод боломжит газрын нөөцийн судалгаа хийгдэж батлагдсан. Үүний дагуу иргэдэд цахим систем ашиглан газар хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Эдгээр байршлын зам харилцаа, инженерийн байгууламжийн холбогдох судалгаа, төлөвлөлт нь хийгдэж батлагдсан. Юуны түрүүнд зам харилцаа, цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр НИТХ дээр яригдсан, үе шаттай ажлууд хийгдэнэ.

Цахимаар газар өмчлөх үйл ажиллагаанд оролцох иргэдэд анхааруулах зүйл байна уу?

-Өмнөх гурван удаагийн цахим газар өмчлөлийн үйл явцаас харахад, иргэд өргөдлийг  дутуу бөглөдөг. Ингэснээр олон тооны иргэний өргөдөл хүчингүй болдог. Анхааруулж хэлэхэд үйлдлийг бүрэн гүйцэд хийж, илгээх ёстой. Байршил сонгон, хүсэлтийн маягт бөглөөд, илгээх хэрэгтэй. Үүний дараа иргэний гар утас болон и-мэйл хаягт нууц дугаар очно. Дараа нь 141410 гэсэн тусгай дугаарт нууц дугаар илгээн нууц үгээ авна. Нууц дугаар, нууц үгийг ашиглан өргөдлөө баталгаажуулна. Гурваас дөрвөн үе шаттай энэ үйлдлийг бүрэн гүйцэд хийж өргөдлөө илгээгээрэй. Мөн иргэд байршлыг зөв сонгосны үндсэн дээр өргөдөл илгээнэ үү. Зарим иргэн “Би энэ байршилд газар өмчлөх хүсэлгүй байна. Андуурчихаж. Тиймээс энэ газрыг өмчилж авахгүй” гэдэг.

Мөн бүртгэлийн хугацаанд анхаарах ёстой. Өнөөдөр/08.25/ өдрийн 12 цагаас эхлэн хуанлийн 15 хоногт багтан өргөдлөө гаргах ёстой. Энэ хугацаа өнгөрмөгц цахим систем хаагдана.

Бүртгүүлсэн иргэд сонгогдсоноо хэрхэн мэдэх билээ?

-Тухайн иргэний гар утас болон и-мэйл хаягт мэдээлэл ирнэ. Сонгогдсон иргэд ажлын 10 хоногт багтаж “Өргөдөл хүлээн авах цэг”-т өргөдлөө гаргаж өгөх үүрэгтэй.  Өргөдлийн хамт наториатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбарыг  авчирна. Бусад бичиг баримтыг манай албан хаагч нар бүрдүүлж, хүндрэл чирэгдэлгүйгээр үйлчилнэ.

Улаанбаатар хотын Ulaanbaatar.mn болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын umch.ub.gov.mn гэсэн сайтад хандан системд нэвтрэх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *