Дөчин гишүүний гарын үсэгтэй төсөл хаа хүрэх вэ?

11-р сарын 6, 2015 11:20 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 49
11-6-2

Ч.ЗОТОЛ

Тавантолгойн  гэрээтэй холбоотой  тогтоолын төсөлд 40 гишүүн гарын үсэг зурсан. Хэзээ мөдгүй өргөн барих гэж байгаагаа  мэдэгдсэнээс хойш хоёр хоног “дуншиж”  байна. Эрхэм гишүүд энэ удаа 1072 ширхэг хувьцааг саналын эрхтэй байлгах ёстой гэсэн заалтыг оруулаад байгаа.  Ингэснээр Тавантолгойг ард түмний мэдэлд байлгаж, тэдний талд шийднэ  гэсэн  товчхон атлаа тодорхой зорилго тавьснаа хэлж буй.

Мөн Тавантолгойн  ордын 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани,  Монголд  шинээр баригдах төмөр замын 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам компани”  эзэмших нь зүйтэй. Гэрээнд гуравдагч хөршийн бодлогыг баримтална  гэсэн заалтуудыг тус, тус хуульчлаад байгаа.  Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хэлэхдээ 40 гишүүний гарын үсэг зурсан төсөл Засгийн газар өмнө нь Тавантолгойн 98 хувийг гадаадын компанид өгөхөөр дур мэдэн хийх гэж байсан гэрээтэй адилгүй болохыг онцолсон.

Хэрэв энэ төсөл өргөн баригдаж, Засгийн газар, УИХ-аас  олонхийн дэмжлэг авбал   Монгол Улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийж анх нээсэн, 100 жилийн нөөц бүхий, Монголын гурван сая иргэн  хувьцаа эзэмшиж буй Тавантолгойн  ордыг  улстөрчдийн дур зорго, хувийн тоглолтоос ангид  байлгаж чадах юм. Ерөөс хэн нэг гарын үсэг зурах эрх бүхий этгээд, дур зоргоороо авирладаг сайд, дарга,  эсвэл нэг Засгийн газар гарч ирээд  дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ хийчихэж болохгүй. Ард түмнээсээ асууна гэсэн үг юм. Монгол Улсын  Үндсэн хууль дахь  газрын хэвлий доорх байгалийн баялаг ард түмний өмч, төрийн мэдэлд байна гэсэн  заалт жинхэнэ утгаараа хэрэгжих юм. Тавантолгойгоо Оюутолгойн араас алдахгүй гэсэн баталгаа юм. Монголын төр ард түмнээ, улс орноо боддог бол түүний төлөө хууль, тогтоомж гаргах учиртай. Харин төрд байгаа хулгайч нарын гар, хөлийг давхар давхар “гавлаж” 40 гишүүн гарын  үсгээ тодоос тод зурсан Тавантолгойг аварч, ард түмний мэдэлд байлгах гэсэн “Ард түмний” гэж нэрлэж болох тогтоолын  дээрх төсөл хаа хүрэх бол. Хэрхэхийг хэдхэн өдрийн дараа харах л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *