“Долоон түмэн настай Довон хар бөх” догшин туулийг хайллаа

1-р сарын 11, 2016 9:43 am Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг, спорт Уншсан: 121
1-11-11

Н.ДАЯН

Богд хааны ордон музейн “Хаан туульсын өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч А.Балдандорж “Долоон түмэн настай Довон хар бөх” догшин туулийг бүрэн эхээр нь хайллаа. Туульсыг догшин болон зөөлөн гэж ангилдаг юм байна. Эртний монголчууд тууль хайлж өөрсдийн төдийгүй хотол олны ажил үйлс, хувь заяаны заслыг хийдэг байжээ.

“Долоон түмэн настай Довон хар бөх” догшин туулийг хайлснаар гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг домтой. Түүнийг тасралтгүй хайлахад бараг 24 цаг болдог аж. Туульч А.Балдандорж уг туулийг бага үдийн 11:00 цагаас эхлэн үдшийн бүрий тасартал хайлсан байна. Тууль хайлахын өмнө “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж, туулийн бүлэг бүрийн завсраар ардын бий биелгээ, морин хуурын татлага, цуур, хөөмэйн үзүүлбэр үзүүлжээ.

Тууль хайлах ёслолыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Монголчууд эрт дээр үеэс их туульчийг урин залж ажил үйлс, амьдрал, нүүдэл суудал, тэр жилийн дүн нуруугаа даатгаж тууль хайлуулдаг уламжлалтай ард түмэн.

Өнөөдөр бид энд Монголын ард түмний соёлын өв уламжлалыг сэргээх зорилгоор хоёр дахь жилдээ их хөлгөн тууль хайлах арга хэмжээнд оролцож байна. Туульс гэдэг үнэхээрийн агуу зүйл.

Энэ арга хэмжээг дэмжиж байгаа БСШУЯ, Монголын язгуур урлагийн төлөө санаа тавьж, сэтгэл гаргаж байдаг эрдэмтэн мэргэд, судлаачид, ард түмнийхээ соёлын өвийг тээгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *