Долларын ирээдүй

11-р сарын 9, 2017 8:15 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 7
мйэ

Эдийн засагч Х.БАТСУУРЬ

Доллар бол дэлхийн валют. Евро, Британийн фунт стерлинг, Японы иен, Хятадын юань мөн адил дэлхийд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын худалдаа, санхүүгийн харилцааанд хэрэглэгдэх мөнгөн тэмдэгтүүд юм.  Гэхдээ Америк доллар бол онцгой, долларыг дэлхийн хамгийн хүчтэй, нөлөөтэй мөнгөн тэмдэгт болгосон хүчин зүйл нь  дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг армитай, хамгийн их алтны нөөцтэй, хамгийн хүчирхэг эдийн засагтай Америк улс өөрөө юм. Доллар яаж дэлхийн ноёлох валют болсон бэ гэдгийг ярьвал улс төрийн өнцгөөс тайлбарлах түүхэн үйл явдал, процесс  яригдана. Харин чухам юу долларыг дэлхийн хамгийн нөлөө бүхий валют болгож байна вэ гэдгийг ярьвал өнөөдрийн нөхцөлд илүү сонирхолтой, ач холбогдолтой сэдэв юм. Өнөөдөр дэлхийн улс орнуудын гадаад валютын нөөцийн 64 хувь доллараар хадгалсан нөөц байгаа. Евро бол дэлхийн хоёр дахь хүчирхэг валют, гэтэл олон улсын валютын нөөцийн дөнгөж 20 хувь еврогоор байдаг нь долларыг хэр нөлөөтэй валют болохыг харуулж буй юм.  Чухам юу долларыг ийм үнэ цэнэтэй байлгаж байна вэ.  Мэдээж, доллар бол ОУВС-гаас гаргадаг албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн “чөлөөтэй хөрвөдөг, олон улсын валютын сагс”-нд ордог таван мөнгөн тэмдэгтийн нэг, хамгийн нөлөөтэй нь учраас.  Нөгөө талаас доллар нь петродоллар учраас, өөрөөр хэлбэл манай гаригийн хамгийн чухал түүхий эдийн нэг болох газрын тос зөвхөн доллараар арилжаалагддаг, доллараар үнэлэгддэг. Алт болон бусад үнэт металл, түүхий эдүүд ч мөн доллараар арилжаалагддаг, тийм ч учраас дэлхийн нийт худалдааны эргэлтийн 43, өр зээлийн 39 хувь нь доллараар хийгддэг.  Эндээс харахад доллар бол дэлхийн хамгийн их эрэлтэт, хамгийн нөлөө бүхий валют гэдэг нь тодорхой.  Гэхдээ долларын энэ давамгай байдал цаашид хэр удаан үргэлжлэх бол?

Олон улсын эдийн засаг, банк санхүүгийн орчинд өрнөж буй үйл явдлыг харахад  яваандаа долларын байр суурь сулрах шинжтэй байна. Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд доллартай тодорхой төвшинд өрсөлддөг еврогоос гадна 2016 оноос ОУВС-гийн сагсанд орсон юанийн нөлөө ихэссээр байгаа нь хамгийн их анхаарал татаж буй юм.  Хятад улс олон улстай хийх гадаад худалдаандаа юанийг голдуу ашиглах болсон нь байх ёстой зүйл гэж үзвэл, Их Британи, Монгол зэрэг улс юаниар үнэлсэн бонд гарган арилжаалж эхэлсэн нь  нэлээд анхаарал татсан, долларын давуу байдлыг арилгаж юанийг дэлхийн хамгийн хүчирхэг, эрэлтэт валют болгох гэсэн Бээжингийн стратеги бодлогын үр дүн гэж үзэж болно. Монголын Засгийн газар 2015 оны  зургадугаар сард гурван жилийн хугацаатай нэг тэрбум юанийн ($161 сая) бонд гаргасан нь Британийн дараа юаниар бонд гаргасан хоёр дахь улс болсон юм.

Долларын байр суурийг сулруулахад ихээхэн нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь дэлхийн бусад улс орны долларын нөлөөнөөс гарах оролдлогууд юм. Тухайлбал, Орос улс Хятадтай хийх гадаад худалдаагаа зөвхөн рубль, болон юаниар хийх болсон, мөн юаньд суурилсан бонд гаргахаар ажиллаж буй төдийгүй гадаад валютын нөөцийн бүтэцдээ юань, евро гээд доллараас бусад валютын эзлэх жинг нэмэгдүүлэх бодлогыг барьж буй юм.  Венесуэл улс петродоллараас салсан, өөрөөр хэлбэл газрын тосыг зөвхөн доллараар арилжаалахаа больсон. Мөн АНУ-ын ойрхи дорнод Арабын ертөнц  дахь гол түнш болох Саудын Арабыг оруулаад Катар, Бахрайн, Кувейт гээд газрын тос экспортлогч гол улс “gulfo” нэртэй нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох замаар долларын хамаарлаас гарах санаачилгаа орхиогүй төдийгүй хэрэгжүүлэх тохиромжтой цаг мөчийг хүлээсээр  байгаа нь долларт өгөх томоохон цохилт болж буй юм.

Энэ бүгдээс Орос, Хятад хоёрын банк, санхүү, мөнгөний  тал дээр баримталж буй ижил төс бүхий, нэгэн зүгт чиглэсэн мэт стратеги, бодлого нь онцгой анхаарал татаж буй юм.  Евразийн хамгийн хүчирхэг энэ хоёр улс сүүлийн жилүүдэд их хэмжээний алт худалдан авах, алтны олборлолтоо ихэсгэх замаар алтны нөөцөө үлэмжээр нэмэгдүүлж, алтыг биетээр нь өөрийн банкиндаа байршуулж байгаа аж. Дэлхийн хамгийн том газрын тосны импортлагчийн хувьд газрын тосны арилжааг зөвхөн юаниар, тэр дундаа алтаар баталгаажсан юаниар хийх, дэлхийн хамгийн том алт олборлогчийн хувьд алтны арилжааг Шанхайн биржээр  дамжуулан хийх бодлого баримталж байгаа хятадуудад ямар нэгэн баталгаа байдаггүй долларыг шахан зайлуулж юанийг дэлхийн гол валют болгох  нөөц, бололцоо нь улам бүр нэмэгдсээр байгаа юм.  Гэхдээ энэ нь маргааш, нөгөөдөр хэрэгжих ажиллагаа биш л дээ, харин 15-20 жилийн дараа гэхэд байдал өөр болох нь тодорхой.

Эцэст нь хэлэхэд сүүлийн жилүүдэд ихэд хүчийг аваад байгаа, хорихыг оролдсон ч зогсоох боломжгүй болсон гэгдэж байгаа криптокөрренси буюу цахим мөнгө долларын байр суурьт сөргөөр нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл болж буй юм.  Гүйлгээнд оролцогч талууд гүйлгээг уламжлалт арга болох төв банкиар дамжуулахгүй харин өөр хоорондоо шууд хийдэг болсон нь цахим мөнгөний гол онцлог бөгөөд энэ нь технологийн дэвшилд тулгуурласан цоо шинэ санаачилга амжилттай хэрэгжсэн үр дүн юм. Цахим мөнгө нь өнөөгийн төв банкинд төвлөрсөн удирдлагатай банк, санхүүгийн системийг задалж өгөх бүтэц бөгөөд төвлөрсөн удирдлага, хяналтыг задалж өгнө гэдэг нь өнөөгийн доллар суурьтай олон улсын мөнгөний системд хамгийн их эрсдэл учруулна гэсэн үг юм. Цахим мөнгө нь цаашид өргөжин тэлж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн арилжааны хэрэгсэл болж чадвал мөнгө хэвлэх, мөнгөний бодлогоороо дэлхийн эдийн засгийг хянаж, удирдаж байдаг төв банкнуудын үүрэг ролийг сулруулах, үгүй хийх үр дагавартай байх болно.

Тиймээ, долларын ирээдүй бүрхэг байна.  Магадгүй, Хятадын юань долларын байрь суурийг эзлэх нь цаг хугацааны асуудал байж болно. Баргийн юманд хөдөлдөггүй, хойрго, манай Засгийн газар өмнөд хөршийн юанийг олон улсын зах зээл дээр дэмжих тал дээр бусдаас илүү санаачилгатай ажиллаж тэргүүн эгнээнд яваа аж. Алсыг харсан бодлого уу, аргагүйдсэн үйлдэл үү, эсвэл айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг нь юм уу, эсвэл …

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *