Депутатуудын санал зөрүүтэй байна

1-р сарын 14, 2016 10:52 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 42
1-14-4х

М.ГАН

Шинэ Үндсэн хууль баталсны 24 жилийн ой өчигдөр тохиов. Энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Харин энэ жилийн ойд зориулсан олон үйл явдал Төрийн ордонд боллоо. Тухайлбал, УИХын дарга З.Энхболд үе, үеийн парламентын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр УИХын дарга З.ЭнхболдМонгол Улс сүүлийн 24 жилд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээг шинэтгэн өөрчлөх их үйлсдээ олон том сорилтыг даван туулж, олон бодитой амжилтад хүрч чадсан. Энэ бүхэнд байнгын ажиллагаатай парламентын оруулсан хувь нэмэр онцгой билээ. Монголын парламентат ёсны өв уламжлалыг хүүхэд залуус, хойч үедээ таниулж сурталчлах үүднээс Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн цомог нь Монголын парламентын түүхийн чухал толь болохын сацуу Төрийн ордны хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг байна гэдэгт итгэлтэй байнагэлээ. Үе үеийн парламентын дарга нар гэрэл зургийн цомгийг он дарааллын дагуу нээлээ.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болов. Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор И.ДашнямынМонгол Улсын төр эрх зүйн түүхбүтээлд энэ шагналыг хүртээж өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олголоо. Мөн Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ. Мөн Ардын Их Хурлын 23 депутатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хууль тогтоогчдын холбооны уулзалт ярилцлага болсон юм. Академич  С.Нарангэрэл уулзалтыг нээж, Үндсэн хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.Тэрээр өнгөрсөн онд 40 гаруй гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХын даргад өргөн барьсанд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Энэ төсөлд УИХын 76 гишүүнийг 99 болгох санал орсонд ихэд дургүйцэж байлаа. 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахдаа гишүүдийн тоог 76 гээд хүн амын тоотой харьцуулахад хамгийн дээд цэгт нь тулгасан учраас нэмэх шаардлагагүй гэж үзэж байлаа. Бас Эх хууль гэж нэрлэнэ гэснийг үг, үсгээр оролдож болохгүй гэж С.Нарангэрэл академич шүүмжиллээ. Харин 2016 онд бүрдэх шинэ парламент Үндсэн хууль тогтоогчдыг оролцуулсан өргөтгөсөн хуралдаан хийж цаашдын бодлого чиглэлээ тодорхой болгох шаардлагатай гэсэн юм.

Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачлагчдын нэг, Ардын Их Хурлын депутат, УИХын гишүүн Н.Батбаяр шинэ цаг айсуй, шинэ нөхцөл байдалд шинэ хууль хэрэгтэйг онцолж байлаа. ТэрээрХуучин зүйлийг нурааж байж шинэ зүйл босгодог. 2016 он бол түүхэн цаг хугацаа. Энэ үед эвтэй, хүчтэй, өөртөө итгэлтэй байх ёстой. Иймд бүгдээрээ энэ төслийг хэлэлцээд, бүлээн усаар угаагаад өө сэвгүй зүйл гаргацгаая. Та бүхэн бүгдээрээ цуглаж энэ асуудлыг ярих хэрэгтэй байна. Үүнийг ярихын тулд хувийн ажлаа хойш тавьж төрийн бодлогод идэвхтэй оролцоорой. Бид дөрвөн жилийн өмнө ярьж тохирсон. Үндсэн хуулийн 25 жилийн ойгоор шинэ хуультай болно гэж. Тэгвэл 25 жилийн ой ирэх жил болно. Тэгэхээр хуулийг энэ жил өөрчилж батлах учиртайгэв. Үндсэн хууль тогтоогчдын байр суурь харилцан адилгүй байлаа. Дийлэнх нь өөрчлөх шаардлага байхгүй гэж үздэг бол зарим нэг зүйлийг өөрчилж болно гэж үзэх депутатууд байлаа.

Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.МоондойЗарим орны Үндсэн хуулийн нэмэлтсэдвээр илтгэл тавив. Тэрээр Үндсэн хуульд нэмэлт хийдэг ёс зүй, зарчим, уян, хатуу Үндсэн хуулийн талаар болон АНУын Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Францад хоёр парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн зөвлөл нь Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийдэг байна. Мөн аль ч парламент бүрэн эрхийн хугацааны сүүлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцдэггүй. Япон Улс 1947 оноос хойш өөрчлөлт оруулаагүй зэрэг мэдээллийг хүргэлээ.

Үндсэн хууль батлалцсан 430 депутатаас одоо 280 нь амьд сэрүүн байдаг аж. Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд болсон. Үндсэн хууль тогтоогчдын Холбооны уулзалтад 180 гаруй депутат оролцсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *