Дэлхийн түүхэн дэх нөлөө бүхий эмэгтэйчүүд

3-р сарын 8, 2018 10:53 am Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 74
3-8-9-550x300

Х.ОЮУНБОЛД

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баяр. Копенгаген хотод 1910 онд II Интернационал анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг хуралдуулж олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг  бий болгожээ. Харин энэ  өдрийг  орон даяар тэмдэглэх санааг Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткинийг анх гаргасан гэж үздэг ажээ. АНУ-ын нэртэй ток шоу хөтлөгч Опра Винфри “ Хатан хаан шиг бод.  Хатан хаад бүтэлгүйтэхээс айдаггүй.Бүтэлгүйтэл бол эмэгтэй хүнийг сүр жавхлант төгс байдал руу хөтлөх нэг алхам юм. Энэ нь эмэгтэй хүний  шинж чанарыг илэрхийлдэг” гэжээ.  Ингээд дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэйчүүдийг танилцуулъя.

Мэрилин Монро

АНУ-ын кино ертөнцийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хүн бол Мэрилин Монро. Тэрээр “Алдагдсан сэтгэл” “Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай”, “Долоо дахь жилийн хууралт” зэрэг кинонд тоглосон юм.  Харамсалтай нь Мэрилин Монро 1962 оны  наймдугаар сард 36 настайдаа нас барсан билээ.

Анна Франк

Дэлхийн II дайны үед Германы фашистууд еврей үндэстнийг хоморголон баривчилж байсан гашуун түүх бий. Энэ талаар олон түүх, ном бичиж үлдээсэн байдгийн нэг нь “Анна Франкийн өдрийн тэмдэглэл” юм. Гэвч энэ номыг бичиж үлдээсэн Анна охин фашистуудад баригдан хоригдож байгаад 15 настайдаа Берген Белсен дэх хорих лагерийг чөлөөлөхөөс өмнө  нас барсан аж. Энэ ном нь түүнд дэлхийн II дайны үеийн тухай өгүүлсэн анхны хүн гэсэн нэрийг авчирсан билээ.

 Эмили Дэвисон

Тэрээр Их Британи дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч цэргийн зүтгэлтэн байв. Эмили Дэвисон 1913 оны зургадугаар сарын 4-ний өдөр эзэн хаан V Жоржийн явах замыг хааж мориных нь өмнө зогссон гэдэг. Үүний улмаас олсон шархаа даалгүй Англи эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Эмили Дэвисон  дөрвөн хоногийн дараа нас баржээ.

 Тереза ээж

Дэлхий дахинд Тереза ээж гэж алдаршсан тэрээр дох, уяман, сүрьеэ өвчинд нэрвэгдсэн хүмүүст тусалж байсан нь  хүмүүнлэгийн тусламжийн бэлэг тэмдэг болгосон юм.  Тереза ээж Калькут хотод “Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч” бүлгэмийг үүсгэн байгуулсан.  Тэрээр амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл энэ буяны ажлаа хийсээр байв. Түүнийг хүн төрөлхтний төлөө байгуулсан гавьяаных нь төлөө олон удаа шагнаж байжээ. Тухайлбал,1979 онд түүнд Нобелийн Энхтайвны шагналыг олгосон юм. Мөн түүнийг 2003 онд Калькутта хотын гэгээн Тереза гэж нэрлэжээ.

Эрхарт Амелия

АНУ-ын нисэх хүчний түүхэнд нэрээ мөнхөлж үлдээсэн анхны эмэгтэй нисгэгч. Тэрээр 1928 онд  ганцаарчилсан нислэг хийж Атлантын далайг туулсан юм.  Мөн Эрхарт Амелия 1922 оны аравдугаар сард 4267 метрийн өндөрт ниссэнээр түүний нислэгийн анхны амжилтыг тогтоосон. Харин дараа жил нь Олон улсын нисэхийн холбооны нисгэгчийн үнэмлэх хүлээн авсан 17 дахь эмэгтэй нисгэгч болжээ. 1935 онд дэлхийг тойрсон аялал хийхээр төлөвлөж байсан ч түүнээс хойш хоёр жилийн дараа “Номхон далай” дээгүүр нисч яваад сураггүй болсон байна.

 Роза Паркс

Түүнийг  хүний эрхийн төлөө тэмцэгч анхны эмэгтэй гэж АНУ-ын  Конгресс хүлээн зөвшөөрсөн байдаг.  Роза Паркс нийтийн унаанд суудлаа цагаан зорчигчид тавьж өгөхөөс татгалзжээ. Энэ үйлдэл нь Монтгомерид болон өөр бусад газарт арьс өнгөөр ялгаварлах үзлийг таслан зогсоохыг эрмэлзсэн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм. Түүнд хүндэтгэл үзүүлж Калифорни болон Охайо мужид түүний төрсөн өдөр буюу хоёрдугаар сарын 4, баривчлагдсан өдөр болох  арванхоёрдугаар сарын 1-нийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Уэльсийн гүнж Диана

Түүнийг олон хүн ард түмний гүнжид тооцдог. Тэрээр XX зууны хамгийн нөлөө бүхий хүний нэг юм. Диана гүнж  ханхүү Карлосын анхны эхнэр байсан.  Үүнээс гадна тэрээр олон буяны байгууллагын гишүүн байжээ. Диана гүнж нь  2002 онд “Би Би Си” компаниас явуулсан санал асуулгаар  түүхэн дэх Их Британийн нөлөө бүхий 100 эрхэмийн эхний гуравт орж байсан юм. Диана гүнж машины ослоор нас барсан нь  дэлхий  дахины анхаарлыг татаж, нэлээд  шуугиан тарьсан билээ.

Флоренс Найтингейл

Флоренс  Найтингейл  нийгмийн томоохон шинэчлэгч. Дэлхий дахинд орчин үеийн сувилахуйн ухааны суурийг тавьснаар алдаршсан. Мөн энэ салбарт эмэгтэйчүүд  ажиллах боломжийг олгосон гэж танигдсан юм. Түүний энэ ажил нь “Улаан загалмай”-г үндэслэгч Анри Дюнаныг  хүмүүнлэгийн байгууллагыг үүсгэн байгуулахад нөлөөлжээ.  Флоренс Найтингейл шархадсан цэргүүд дээр шөнө очдог байсан тул  түүнийг дэнлүүний хатагтай гэж нэрлэх болсон байна.

Индира Ганди

Индира Ганди нь Энэтхэгийн түүхэнд Ерөнхий сайдаар сонгогдсон цорын ганц эмэгтэй юм. Тэрээр Энэтхэгийн  хөрш Пакистантай 1971 онд хийсэн дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ дайны үр дүнд Бангладеш улс болж тусгаар тогтносон байна. Индира Ганди нь Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн охин бөгөөд 1984 онд  Амритсарын ариун сүмийг нураасан шалтгаанаар сик шашинтай бие хамгаалагч нар нь түүний амь насанд халдаж хөнөөсөн юм. Харин  Их Британийн “ВВС” мэдээллийн байгууллагаас явуулсан санал асуулгаар түүнийг “Мянганы онцлох эмэгтэй”-гээр шалгаруулсан байна.

Опра Винфри

Тэрээр телевизийн  “Опра Уинфри шоу” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ олны танил болсон. Түүнээс гадна АНУ-ын түүхэн дэх  Африк гаралтай өнгөт арьстан  хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг юм. Мөн  Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний медалиар шагнасан.  “Харвард” дээд сургуулийн хүндэт доктор цолыг хүртсэн байна.

 Мариа Кюри

Түүнийг хүн төрөлхтөн нөхөр  Пьер  Кюригийн хамт радио идэвхт шинэ элементийг нээсэн гэдгээр нь мэддэг.  Мөн тэрээр анхны Нобелийн шагнал хүртсэн эмэгтэй. Энэ шагналыг хоёр өөр шинжлэх ухаанаар  хоёр удаа авсан эрдэмтэн гэдэг. Мөн Мариа Кюри Парисын Сорбонны  их сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ.

 Коко Шанель

Алдартай загвар зохион бүтээгч түүнийг “Time” сэтгүүл XX зууны хамгийн нөлөөтэй 100 хүний нэгээр тодруулсан цорын ганц загвар зохион бүтээгч.  Тэрээр 1957 онд “Нейман Маркус”-ын нэрэмжит шагналыг бүх цаг үеийн загвар болсон бүтээлээрээ хүртсэн байна.

 Малала Юсуфзай

Малала Юсуфзай нь Нобелийн Энхтайвны шагналыг хүртсэн хамгийн залуу шагналтан. Түүнийг сургуульдаа явах замд нь талибанчууд буудсаны улмаас толгойдоо шарх авсан юм. Тэрээр эдгэрснийхээ дараа эмэгтэйчүүдийн эрх чөлөө болон тэдэнд боловсрол олгохын төлөө тэмцэгч болж хувирсан билээ.

 Зюнко Табей

 

Японы иргэн Зюнко Табей нь дэлхийн хамгийн өндөр  “Эверест” уулын оргилд хамгийн анх гарсан эмэгтэй уулчин. Тэрээр 1975 онд энэ уулын оргилд гарсан байна. Мөн 1992 онд дэлхийн долоон өндөр уулын оргилд гарсан анхны эмэгтэй болжээ.

 Ангела Меркель

 

Эрдэмтэн, судлаач, одоо Германы канцлерийн албан тушаалыг хашдаг. Тэрээр дэлхийд алдартай улстөрчдийн нэг гэж тооцогддог. Түүний олон жил  хийсэн ажлыг үнэлж  АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний медаль, Саудын Арабын Абдуллаз аль Саудын одон болон Португалийн хунтайж Энрикегийн одонгоор шагнасан байна. Тэрээр одоо эвслийн Засгийн газраа байгуулахаар болоод байгаа билээ.

 Кай Коттей

 

Зохиолч, жүжигчин, далайчин Кай Коте 1988 онд  дэлхийг тойрсон  ганцаарчилсан аяллаа зогсолтгүйгээр хийсэн анхны эмэгтэй далайчин болж түүхэнд нэрээ мөнхөлсөн  юм.

 Шерил Кара Сэндберг

“Фэйсбүүк” компанийн ажиллагааг хариуцсан захирал, дэлхийн онлайн худалдааны сүлжээ болон “Google” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.   Ойролцоогоор тэрбум ам.долларын хөрөнгөтэй түүнийг “Time” сэтгүүлээс 2012 оны хамгийн нөлөөтэй 100 хүний нэгээр тодруулжээ.

 Ж. К Роулинг

Их Британийн нэрт зохиолч  Ж.К Роулингийн илбийн ертөнцийн тухай цуврал “ Харри Портер” номыг  бичсэнээр дэлхий дахинд танигдсан.   “Time” сэтгүүлээс түүнийг 2007 оны шилдэг хүнээр шалгаруулсан байна.

 Беназир Бхутто

Беназир Бхутто нь мусульман шашинтай орны Ерөнхий сайдаар сонгогдсон анхны эмэгтэй юм.  Тэрээр 1988 онд Пакистанд болсон сонгуульд ялснаар Ерөнхий сайд болсон.  Түүнчлэн Беназир Бхутто  цэргийн цус урсгасан эргэлтийн улмаас сүйдсэн орныг авч явах чадал, тэсвэртэй улстөрч болохоо харуулсан ажээ.

 Амелиа Бойнтон Робинсон

Тэрээр АНУ-д 1965 онд Сельма, Алабама мужид өрнөсөн цуст ням гаригийн жагсаалд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний удирдагч байв. Тэрээр Мартин Лютер Кингийн нэрэмжит эрх чөлөөний медалийг 1990 онд хүртжээ.

 Хиллари Клинтон

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан тэрээр тус улсын түүхэн дэх цорын ганц төрийн алба хашсан анхны эмэгтэй улстөрч юм.  Хиллари Клинтон сайн өмгөөлөгч төдийгүй хийсэн ажлаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

Тэрээр АНУ-д 1965 онд Сельма, Алабама мужид өрнөсөн цуст ням гаригийн жагсаалд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний удирдагч байв. Тэрээр Мартин Лютер Кингийн нэрэмжит эрх чөлөөний медалийг 1990 онд хүртсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *