Дэлхийн босоо бөх Д.СУМЪЯА

12-р сарын 19, 2017 9:01 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 37
12-19-6

Д.НАДМИД

ОХУ-ын Санкт-Петрбургт болсон “Мастерс” тэмцээн өндөрлөлөө. Жин тус бүрт дэлхийн чансааг тэргүүлж байгаа 16 жүдоч урилгаар оролцдог болохоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс илүү өрсөлдөөн дунд болдог юм “Мастерс” тэмцээн. Долоо дахь удаагийн энэ тэмцээнд манай улсаас 14 жүдоч хүч үзэж хоёр алт, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр хоёрт жагслаа. Дөрвөн медаль авсан амжилт тэмцээний зөвхөн эхний өдрийнх байв. Тэмцээний дараагийн өдөр барилдсан манай жүдочид медалийн тоог нэмж чадаагүй ажээ.

“Мастерс”-д түрүүлсэн тамирчин чансааны 1800 оноо авахаас гадна 6000 ам.долларын шагналтай. Уг шагналыг эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан ОУХМ Г.Хэрлэн нар гардан авч Санкт-Петрбургийн тэнгэрт Монгол төрийн дууллаа эгшиглүүлэв. “Мастерс” тэмцээн долоон удаа болоход дөрөвт нь түрүүлсэн ганц бөх бол манай Д.Сумъяа боллоо. Түүний араас Францын алдарт жүдоч Тедди Ринер, Японы алдарт бөх Микү Таширо нар гурав түрүүлсэн амжилтаараа нэхэж явна.

“Аюултай Монгол” гэдэг хочоороо дэлхийн, олон улсын тавцанд танил болсон гавьяат тамирчин С.Мияарагчаа Солонгосынй Сүвонд болсон анхны тэмцээнээс эхлээд мөн хоёр удаа түрүүлсэн байдаг юм. Энэ удаа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг бусдаас онцлов. Тэрээр саяын тэмцээнд өрсөлдөгч бүрээ цэвэр орхиж финалд шалгараад алтан медалийн төлөө барилдаанд олимп, дэлхийн олон удаагийн аварга Японы алдарт бөх Ёшида Цукасатай дэвжээнд гараад илүүрхэн нэмэлт цагт торгуулиар ялсан юм. Өмнө нь дэлхийн аваргаар түүнтэй таарахдаа бүтэн 13 минут барилдаж базари үнэлгээгээр буулган авсан амжилтаа ийнхүү ахиулсан нь энэ жинд босоо бөх гэдгээ дахин харуулж чадлаа.

Жүдогийн түүхээс үзэхэд эмэгтэй 57 кг-ын жинд олимп, дэлхийн аваргаас эхлээд тив, олон улсын аль ч тэмцээнд сүүлийн 20-иод жил япон жүдочид л аваргалж ирсэн байдаг. Тэгвэл одоо Д.Сумъяагийн үе эхэлж гэж хэлж болноо доо. Тэр сүүлийн хоёр жилд жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа. Тэргүүлэх тэргүүлэхдээ бүр хол яваа юм. Зөвхөн энэ жил гэхэд ДАШТ, Абу-Дабигийн “Их дуулга”, “Мастерс” гээд хэд хэдэн томоохон тэмцээнд Д.Сумъяа аваргалсан. Харин Японы Токиогийн “Их дуулга”-д очоогүй өнжсөн. Очсон бол бас л түрүүлэх байсан болов уу. Японы алдартай бөхийг сөхрүүлдэг ганц хүн Д.Сумъяа л юм чинь дээ. Тиймээс түүнийг дэлхийн босоо бөх гэж нэрлэдэг боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *