Дэлхийд танигдсан Монголын хоёр дахь хүн

6-р сарын 8, 2018 9:39 am Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 21
6-8-6a1

Ц.МЯГМАРБАЯР

Дорнын их яруу найрагч, Говийн догшин хутагт, нэрт соён гэгээрүүлэгч Данзан­равжаагийн амьд­рал, тэмцэл, уран бүтээл шашины их, гүн ухааныг Монголд төдийгүй дэл­хийд таниулах нь аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг бие даасан брэндинг билээ. Данзанравжаа бол дэлхийд танигдсан Монголын хоёр дахь хүн. Гадныхан дэлхийн улс гүрнийг байлдан дагуулсан Чингис хаанаар Монголыг мэддэг бол Ноён Хутагт Данзанравжаагийн агуу их соён гэгээрлээр Монгол Улс танигдах болсон. Монголын Равжаа судла­лаар дамжуулан дэлхий Монголыг сонсдог болжээ. Равжааг судлах гадаад, дотоодын эрдэмтэд олон болж өргөжижээ. Дорнынхон эрдэнийн ноён Хутагт хэмээн хүндэтгэдэг бол монголчуудын ихэс дээдэс нь Догшин хутагт, ард түмэн нь Эгшиглэнт ноён хутагт  гэдэг. Эгшиглэнт гэдэг нь явсан газар бүртээ Хутагт дуу хуур, найр, бүжиг наадмаар олон түмнээ цэнгүүлдэг соёлоор сэтгэлийн жаргал эдлүүлдэг байсанд оршино. Догшин хутагт гэдэг нь Гэгээнтэн догшин дүрд орж чаддагаар нь нэрлэжээ. Тэрээр Чойжин буудаг байснаас гадна сахиус шүтээнүүдэд нь хувирч чаддагт оршино. Тиймдээ ч түүний хэрэг­лэж байсан хүний гавлын ясан аяга догшин дүрийг нь илүү тодотгодог аж. Энэ жил их Хутагтын мэлмий гийсний 215 жилийн ой тохиож байна. Монголчууд Манжийн эсрэг үзэл хүчтэй босч ирсэн XIX зуун, Говийн хутагтын сэнтий олон жил эзэнгүй байсан үе. Тухайн үед Хутагтаар то­дор­сон ядуу хүүг хорлочихно гэж нууцалж байгаад найман настайд нь тодруулсан түүхтэй гэдэг. Тэр үед монголчууд соёл урлаг, эрдэм мэдлэгт өндөр ач холбогдол өгч байсан оюунлаг ард түмэн байсныг  Говийн хутагтын туулсан амьдрал, соён гэгээрүүлэх их үйлсээр нь өнөөдөр дэлхийн соён гэгээрүүлэгч хэмээн үзэж буй. Монголын их яруу найрагч Ц.Гайтав “Зургаагийн нэг нь дуганд олбогтой,Зуугийн нэг нь дутуу бичигтэй монгол­чууд” хэмээн шү­лэг­лэсэн мөрөөс ч тодорхой. Хутагт Энэтхэг, Төвд, Хөх хот, Утайгүмбэн, Бээжин зэрэг дорно дахины  орнуудад аялдаг байсны зэрэгцээ шашин, соён гэгээрүүлэх агуулгатай маш олон бүтээл туурвижээ.

Түүнчлэн Хутагт “Оюу толгой”, “Тавантолгой”, “Хармагтайн” ордын нэрийг өгч энэ газруудад хожмын өдөр хүн, эрдэнэ хоёроор дүүрнэ хэмээж байжээ. Энэ тухай Дорноговь аймгийн Данзанравжаа музейн тайлбарлагч, Равжаа судлаач О.Чинлүү ярьсан юм.

Тиймээс манай Говийн хутагтыг дорнынхон хүндэтгэн Ренбүүчи цол хүртээсэн хэмээдэг.Нэгэн удаа Далай ламд болон Цамба бурханд зориулж Цамын гондой хэмээх ном бичжээ. Гэтэл Далай лам уншаад ихэд магтаж “Энэ Ар халхад газар даахгүй эрдэмтэн хутагт байна. Тэр хүний бичсэн номыг уншихад ямар агуу юм бэ” хэмээн магтжээ. Монголчууд хүнийг мал, эд хөрөнгөөр нь газар даахгүй баян гэдэг байсан бол харин  Хутагтыг Далай багш газар даахгүй эрдэмтэн хэмээдэг. Тэгээд Далай лам манай Хутагтад төгс гэгээрсэн хүн гэж мял, хаш бурхан багш Төвдийн амбан захирагч нарын бэлэглэж байсан эд зүйлс одоо Дорноговь аймгийн төвд байрлах Данзан­равжаагийн гэр музейд хадгалагдаж хойчийн  бидэнд үзмэр болж байна. Мял бурханг төгс гэгээрсэн хүнд олгодог. Говийн ноён хутагт Данзанравжааг Манж хятадууд ямагт өөрийн дайснаа гэж үздэг байсан. Манжийн Монгол журмын газраас  /Гадаад Монголын хэрэг хариуцсан газар/ манай хутагтад  Бодьсадва бурханг өгөхдөө бадарч буй гарынх нь гурван хурууг тасдаад бадамлянхуа цэцгийн суурины нь оронд хүний дотор эрхтэнээр дүүргэж, хүрээлүүлж өгсөн байдаг. Бодсадва бол шашны их хөлгөн судрын үндсэн шүтээн, жинхэнэ Бодьсадва гэдэг. Гэтэл энэ нь чи бидний өөдөөс түрүүчийн адил сөрвөл хуруу гараа тасдуулна шүү хэмээн занаж, анхааруулж байсан утгыг илэрхийлжээ. Гэвч Хутагт, би та нарын эсрэг зэвсэг барин тэмцэхгүй оюуныхаа хүч чадлаар тэмцэж газар нутгаа авна хэмээсэн гэдэг. Хоёр зууны тэртээд Равжаа хутагт хүмүүний амьдралын мөн чанар буян, нүглийн үйл хийгээд төгс гэгээрлийн тухай гайхамшигтай уран яруугаар дүрслэн илэр­хийлж байсан нь “Саран хөхөөний  намтар” жүжигт гардаг. Тухайлбал, хэрээ хүртэл эрлэгт данстай байдаг юм. Тиймээ хэрээ хүр­тэл шүү. Чи ямар нэ­гэн муу зүйл хийсэн бол үйлийн үрийнхээ төлөөсийг заавал төлөх болно гэж. Бусдын сайн сайхны төлөө чи чин сэтгэлээсээ буян үйлдэе гэсэн амирлангуй сэтгэл бол заавал чамаас тусламж гуйхыг нь хүлээгээд, тэгсэн тохиол­долд биеллээ олдог аваа, өгөөний дэнс биш.Чи үнэхээр буяны мөрөөр замнахыг хүсвэл хүн байтугай амьтдын төлөө өөрийгөө золиосолж болдогийг Монголын анхны дуулалт жүжигт харуулдаг. Түүний  “Саран хөхөө” театр, эдэлж хэрэглэж байсан ном, судар, уран бүтээл, бүхий л эд өлгийн зүйлийг орон нутгийн  музейд байр­луу­л­сан нь  олон хүнийг алмайруулсаар. Музейн тайлбарлагч өг­лөөний 07:00 цагаас үдшийн 23:00 цаг хүртэл ямар ч завсарлагагүй хөтөч хийдэг гэж байв. Бидний адил Равжааг үзэх гэсэн дотоод, гадаадын жуулчид музейд багтахгүй шахам зочилдог аж. Жуулчдын улиралд дугаарлалт үүсдэг гэж  музейн ажилчид ярьж байв. Манай улсын аймаг, сум бүр түүх, домог болсон газар нутаг, байгалийн өвөрмөц тогтоцтой. Энэ бүхэн аялал жуулчлалын брэндинг юм. Гагцхүү үүнийг тэр нутгийн ард түмэн л хийж чадах билээ. Өөр хэн ч ирж тэнд аялал жуулчлал хөгжүүлэхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *