Дэлхий дэлдийлгэж, дэнж хотойлгосон Монгол наадам

7-р сарын 17, 2012 12:39 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 576

УЛСЫН АРСЛАН

ПҮРЭВИЙН БҮРЭНТӨГС

Д.НАДМИД

 

Ноднин наадмаар сэтгүүлч, шог зохиолч Б.Ерэнтэй бид хоёр нэг дор суудал зэрэгцэн энэ төрийг ярилцан байхад тэр:

-За хө дараагийн аварга Бүрэнтөгс юм шүү гэлээ.

Би жаахан зөрүүдлэж бас Ерэнтэйн маргаан мэтгээнд муугүйг мэдэхийн учир үг өдөж:

-Хэн мэдлээ. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэв гэгчээр яагаач үгүй олигтой барилдаж сураагүй юм байх чинь билээ. Бүрэн төгсийн аварга, арслан болох хол байлгүй дээ гэсэн юм.

Тэгсэн мань эр нүдээ гурвалжлуулж богино хуруугаа гозолзуулан байж.

-Болно доо болно. Харж л байгаарай чи гэхгүй юү.

Иймэрхүү наргиа ч юм шиг төсөөлөл ч юм шиг яриа болоод өнгөрсөн юм. Тэгтэл дөнгөж өнгөрсөн жил аймгийн арслан болсон залуу бөх П.Бүрэнтөгс энэ жилийн наадмын торгон ногоон дэвжээн дээр торолгүй ес даван түрүүлж ховорхон амжилтын эзэн болдог байгаа. Энэ үед л Ерэнтэй золиг чинь бас л бөх гадарладаг юм байна шүү гэсэн бодол толгойд ороод ирлээ. Нээрээ ч бөх судлаач гэж нэрлүүлдэг цөөнхийн нэгэн тэр л дээ. Ерэнтэйн хэлснээр Увс аймгийн Давст сумын харьяат бөх П.Бүрэнтөгс улсын начин, харцага, заан, гарьд цолыг алгасан улсын арслан боллоо. Энэ жилийн наадмын баярламаар бас бахархмаар амжилт гэж болох. Монгол бөхийн түүхэнд бидний мэдэхээр дархан аварга Б.Түвдэн­дорж, аварга Ш.Батсуурь, улсын арслан С.ОргодолОргодол нар ийм амжилтын эзэн болж байсан юм гэдэг. Тэр түүхэн үйлийг П.Бүрэнтөгс давтав.

Бөх хүний од гийнэ гэж байдаг гэх. Энэ үг туйлын үнэн гэдгийг Бүрэнтөгсийн барилдаан батлав. Ёстой л од нь гийсэн байж. Тэр хоёрын даваанд нутаг нэгт Малчин сумын уугуул, аймгийн хурц арслан О.Гантулгатай оноолт таарахдаа нэлээд удсан. Аргагүй л байсан байх. Хоёул начны тааварт орж явсан шилдэг арслангууд юм чинь. Бараг л барьц сонголтод хүрч байж П.Бүрэнтөгс давсан. Тэгвэл гурвын даваанд нутгийн бөх, аварга О.Балжинням амлан давааг нь ахиулж өгсөн. Тэгтэл дөрвийн даваанд өнгөрсөн жилийн наадмын түрүү, энэ жилийн олон хүний тааварт түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан аварга С.Мөнхбаттай нугалаанд таарсан бол төдөлгүй аваргыг өвдөглүүлж шуугиан тарив. Үнэхээр од нь гийсэн нь эндээс тод харагдав. Тэгээд зургаагийн даваанд улсын начин Э.Энхбаттай тунаж барилдаад, долоогийн даваанд улсын гарьд М.Баяр­жавх­ланг, наймд өн­гөрсөн жи­лийн наадмын үзүүр бөх, улсын арс­лан Г.Эрхэм­баярыг тун хялбархан орхиж үзүүр түрүүнд улсын хүчтэй заан Д.Рагчаатай үлдсэн юм.

Тэгээд л за­суу­луудаа ха­дуурт өртсөн та­риа шиг хана­руу­лан гарч ирж цаг шахам хүч ухаанаа үзсэн. Давсан нь тү­рүүлж, улсын арс­лан болох учир маш ха­риуцлагатай барилдаан байсны улмаас хэн хэн нь тун цэнүүр байсан. Гэвч Рагчаа зааныг шуудагны барьцаа алдах агшинд П.Бүрэнтөгс чац илүүгээ ашиглан сурмагхан мордоод давж наадамчин олны уухайн дуугаар мялаалггав. Ингэж шинэ арслан төрөв. Угаас бөхийн удамт Увсынхан сүүлийн гурван жил дараалан улсын наадмын түрүүг авлаа. Залуу арслан П.Бүрэнтөгс олон багштай юм байна л даа. Миний нэг шавь гэж дархан аварга Х.Баянмөнх баярын нулимсаа арчиналээ.

Бас даян аварга А.Сүхбат сүүлийн хэдэн жил “уяа заслыг” нь тааруулсан дуулддаг юм. Үнэндээ Увс нуур дэвжээний бөх гэхээр Х.Баянмөнх, О.Балжинням нар багш нь байж таарах нь. “Олимп” сургуулийн бөх гэхээр А.Сүхбат аваргын бас л гарын шавь нь болчих юм. Хэрэв тэр начинд ч хүрээгүй бол минийх, минийх гэж булаалдаач уу үгүй юү мэдэхгүй.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *