Дээрээ суудалгүй өвөрхангайнхан доороо “Гүйдэлтэй” байна

11-р сарын 7, 2012 2:50 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 258

М.ЦЭЦЭГ

 

“Дээрээ суудлаа олох­гүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг үг бий. Энэ зовлон Өвөрхангай аймгийн улстөрчдөд тулгарчээ. Улстөрчид ч төдийгүй парламентад төлөөлөлгүй аймгийн иргэд бухимдалтай байгаа юм. Гишүүнгүй аймагт зовлон их бий. Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн нуруун дээр хамаг ачаа нь овоорч байгаа. Түүний ачаанаас үүрэлцэх, орон нутагт тулсан асуудлыг шийдэхэд тус дэм бо­лох өвөрхангайхныг тө­лөөл­сөн УИХ-ын гишүүн  парламентад алга байна. Зарим улстөрчийн явцуу эрх ашгаас болж бүхэл бүтэн аймаг хохирч байгаа хэрэг гэж энэ нутгийнхан үзэж буй юм билээ. Ийм л эгзэгтэй үед тус аймгийн иргэд дараагийн сонгуульд оролцох гэж байна. УИХ-ын сонгуулийн үр дүн орон нутгийн сонгуульд яах аргагүй нөлөөлж болзошгүй дүр зурагтай байгаа гэнэ.

Тэнд сонгуулийн сурталчилгаа өчигдөр албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид гараанаас гарлаа. Айм­гийн хэмжээнд нийт 1084 хүн нэр дэвшжээ. Зөвхөн аймгийн Иргэдийн хуралд 99 хүн гурван субъектээс өрсөлдөнө. Ардчилсан нам 41, Ардын нам 41, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 17 хүн дэвшүүлсэн байна. Тус аймгийн Иргэдийн хурал нийт 41 төлөөлөгчтэй байх юм.

Өвөрхангайн Ардчил­сан намын дарга Ц.Хи­шигсүрэн намынхаа жаг­саалтыг тэргүүлж байна. Энэ даргатай нам сонгуульд орвол яасан ч амжилт гаргахгүй  гэж намын жирийн гишүүд нь ярьдаг юм билээ. Мөн экс гишүүн Г.Батхүүгийн тойрон хүрээлэгчид, хамаатан садан нь олноороо нэр дэвшсэн нь ялагдалд хүргэж болзошгүй гэсэн айдас байгаа гэнэ. Учир нь Г.Батхүүг гишүүн болно гэхэд өврийн хангайнхан яаж өрвөлзсөн билээ. Хотод ирж Төрийн ордны гадна жагсаж, УИХ-ын гишүүдийг ажилд нь оруулахгүй бухимдлаа илэрхийлсэн. Аймагтаа  хүртэл жагсаж уриа лоозон барьсаар, Г.Батхүү, Д.Зо­ригт хоёрыг нутгийнхаа хилээр алхуулахгүй гэж орилж байхав. УИХ-ын гишүүд хүртэл буйдантай жагсч түүхэнд байгаагүй тэмцэл өрнүүлэн хууль зөрчсөн. УИХ-ын сонгуулийн өмнө аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар намынхаа хоёр нэр дэвшигчийн талаар таагүй мэдээлэл цацсанаар ялагдаж, нам нь хагарсан юм. Аймгийн Ардчилсан нам нэр хүндээ ийн алдсан. Саяхан болсон буйдантай, буйдангүй жагсаал мөн л нэрмээс болсон нь Ард­чилсан намыг сандар­гажээ. Аймгийн Ардчил­сан намын дарга нь Г.Батхүү, Д.Зоригт хоёрт “Нэг хэсэгтээ битгий ирээ­рэй, ирвэл бид ялагдана, байдал тун мууд­на” гэж хэлсэн сурагтай. Мөн суртал­чилгааны сэтгүүлдээ тэр хоёрын ганц үг байтугай сүүдрийг ч тавиагүй гэсэн шүү. Зөвхөн УИХ-ын дар­га З.Энхболдын мэнд­чилгээг нийтэлсэн аж. Өмнө нь бол Ардчилсан намын орон нутгийн сон­гуулийн сэтгүүлд гур­вуулаа зураг хөргөө тавиулдаг байж.

Ардчилсан намын өрсөлдөгч нь Ардын нам. Өвөрхангайн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Д.Тогтохсүрэн орон нутгийн сонгуульд намаа авч орно. Тэрээр нутагтаа нэртэй улстөрч, аймгийн сайн удирдагч гэсэн үнэлгээтэй гэнэ. Ийм хүн МАН-ыг удирдаж орох нь. Тэрээр өнгөрсөн дөрвөн жил аймгаа удирдсан, хийсэн ажилтай, хэлэх зүйлтэй учир нүүр бардам сонгуулийн зурхайгаас хөдөллөө. Гэхдээ Өвөрхангайн улстөрчид хаваржин, зунжин, намаржин шүүх, цагдаагаар явсан. Түүн дотор Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн нэр явж байсан. Түүнийг өнгөрсөн хаваржин АТГ байцааж эцэст нь юу ч олоогүй. Д.Тогтохсүрэн ямар ч гэмт хэрэг үйлдээгүйг нотолсон. Энэ нь бас л өрсөлдөгчдийнх нь увайгүй арга байсан нь илэрхий болсон. Байхгүй хэргийг бий болгож түүнийг гүтгэсэн, нэр хүндэд нь зориуд халдсан нь Д.Тогтохсүрэн даргын улс төрийн рейтингийг өсгөсөн гэдэг юм билээ. Түүний сонгуулийн багт аймгийн ИТХ-ын дарга, сумын Засаг дарга нар гээд нутагтаа гайгүй сайн үнэлгээтэй эрхмүүд багтжээ. Ийнхүү Өвөрхангайд ардчилал суудлаа алдаж магадгүйд хүрч нэлээд айдастай гүйлдэж байгаа гэсэн.  УИХ-ын дарга З.Энхболд хүртэл нутгийнхаа ардчиллын төлөө санаа зовж суугаа гэнэ. Ийнхүү дээрээ суудлаа олоогүй учир доод шатны сонгуульд аль, аль нам нь нэлээд ач холбогдол өгч байгаа аж.

Хоёр нам ингэж талхилцаж байхад улс төрийн гуравдагч хүчин тус аймагт гол өрсөлдөгчөөр тодроод байна. Тэр нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Эвслийг Б.Цаямаа удирдаж сонгуульд оролцоно. Тэрээр аймгийн МАХН-ын мянгатын дарга юм байна. Хоёр намын эвсэл аймагт өрсөлдөж байгаа бол зарим суманд МАХН дангаараа оролцож байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *