Дээд шүүх 25 газрын маргаан шийдвэрлэжээ

4-р сарын 24, 2018 7:15 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 44
5-2-750x400

С.САРУУЛ

Улсын Дээд шүүх энэ оны нэгдүгээр улирлын байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 1127 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 734 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь эрүүгийн, 64.4 хувь нь иргэний,  18.1 хувь нь захиргааны хэрэг байна.

Нэг шүүгчид 39.8 хэрэг ногдож байна

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим  223 хэрэг хүлээн авч, 128 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 29 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шүүгчийн захирамжаар буцааж, 24 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ. Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан  18 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7.1 хэрэг хэлэлцсэн бөгөөд Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 199 хэргээс нэг шүүгчид 39.8 хэрэг ногдож байна. Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 128 хэргийн 50 хувь буюу 64 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 20.3 хувь буюу 26 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 29.7 хувь буюу 38 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.  Хүчингүй болгосон 38 хэргийн 73.7 хувь буюу 28 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 5.3 хувь буюу хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, 21 хувь буюу найман хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.   Энэ нь өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 94-өөр буюу 73  хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 61-ээр буюу 91 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 18.7-оор буюу 88.6 хувиар тус тус өссөн байна.

Иргэний хэрэг: Нэг шүүгчид 93 хэрэг ногдож байна

Харин Иргэний хэргийн танхим  656 хэрэг хүлээн авч, 473 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, долоон  хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, зургаан хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, хоёр хэргийн харьяаллыг тогтоосон байна. Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан  24 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 20 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 656 хэргээс нэг шүүгчид 93 хэрэг ногдож байна.

Захиргааны хэргийн танхим  248 хэрэг хүлээн авч, 133 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 18 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан есөн  хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 11 хүсэлтийг шийдвэрлэж, 34 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ. Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 16 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8.3 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 208 хэргээс нэг шүүгчид 29.7 хэрэг ногдож байна.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 133 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 44, Газрын маргаан 25, Ашигт малтмалын маргаан 15, Татварын маргаан 12, Эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 10, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 4, бусад маргаан 23 байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *