Дээд хуулийг босоо бичигт хичээнгүйлэв

6-р сарын 26, 2018 10:06 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 29
6-26-3

С.УЯНГА

МАХН-аас санаачлан эрдэмтэдтэй хамтран боловсруулсан БНМУ-ын Дээд хуулийн төслийг 21 аймаг, есөн дүүрэгт хэлэлцүүлээд хоёр жил болж байна. Тэгвэл өчигдөр Дээд хуулийн төслийг босоо Монгол бичигт буулгасан эхийг эрдэмтэн мэргэд, төр, нийгмийн зүтгэлтнүүд заллаа. Монгол бичигт хөрвүүлэх ажлыг Эртний Монголын гүн ухаан суд­лалын төв болон Монгол хэл бичгийн ухааны эрдэмтэд  хийжээ. Мөн энэ үеэр Дээд хуулийн төслийн хүрээнд Төрийн сүлдийг шинэчлэх уралдааныг зарлаж буйгаа МАХН-ын удирдлагууд мэдэгдлээ.

МАХН-ын он жилийн түүхэн товчооныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн энэ арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тус намын дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нараас гадна Монголын ногоон нам, ИЗНН, МҮАН-ын дарга нар болон Ардын уран зохиолч Т.Галсан болон төр, нийгмийн зүтгэлтэн эрдэмтэн судлаачид оролцлоо.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: ДЭЭД ХУУЛИЙГ 100 ГАРУЙ МЯНГАН ХҮН ДЭМЖСЭН

-Өнөөдрийн нийг­мийн хүнд хэцүү тулгамдсан асуудлыг ганц, хоёр хүн юм уу аль нэг нам, байгууллагыг муулснаар гарц олдохгүйг сүүлийн 26 жилд харлаа. Тиймээс бидний амьдралд саад болж буй хүчин зүйлийн талаар эрдэмтэн мэргэдтэйгээ ярилцаж байгаад хамгийн зөв гарц бол өнөөдрийнхөө гаж тогтолцоог засья. Ард түмнээ дээрээ залсан, хүндэтгэсэн, төрийн хамгаалалтдаа авч байгалийн баялгаа ард түмний өмч болгож хяналт  дор нь үйл ажиллагаа явуулдаг болох ёстой юм байна гэж үзсэн. Ингэхдээ энэ тогтолцоог засахын тулд Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч эрдэмтэн мэргэдтэй хамтарч Дээд хуулийн төслийг боловсруулснаа нийт иргэдээр хэлэлцүүлээд хоёр жил болж байна. Иргэд байгалийн баялгийг ард түмэнд өгье, боловсрол, эрүүл мэндийг үнэгүй болгож Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар, шүүх байгууллага, хүний эрхийн үндэсний хороогоо сонгож төр, засаг ард түмний мэдэлд бүрэн шилжиж, албан тушаалтнууд олон нийтийн хараа хяналтад байх тогтолцоог тусгасан Дээд хуулийг уухайлан дэмжиж байна. 21 аймаг, сум, есөн дүүргийн иргэдтэй уулзах үеэр одоогийн байдлаар 100 гаруй мянган хүн Дээд хуулийг дэмжиж овог, нэр, аймаг сум, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаараа өгч баталгаажуулжээ. Бид энэ төслөө бусад намтайгаа хамтарч улам эрчимжүүлж энэ ондоо багтаж нэг сая дэмжигчийн гарын үсэг цуглуулах ажлыг үргэлжлүүлж  байна. Иргэд олноор дэмжиж, Дээд хууль маань Монголын түүх уламжлалыг багтааж байх ёстой гэдэг үүднээс эрдэмтэн, докторуудын санаачлагын босоо монгол бичигт буулгаж, эх хувийг залж байна. Мөн олон мянган иргэний санаа бодлыг хүндэтгэж Дээд хуулийн зайлшгүй нэг хэсэг болон бүрэлдэх төрийн сүлдний уралдааныг зарлаж байна.

Ардын уран зохиолч Т.Галсан: МОНГОЛ ҮНДЭСТЭН СЭРГЭН МАНДАХ ИХ ҮЙЛ ХЭРГИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН ЗҮТГЭЕ

-БНМУ  гэж нэрнээс нь эхлээд их зүйл бодсон зөв гаргалгаа болсон байна. Мөн сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэл, засвар, засал гэж юу болохыг мэдэхгүйгээр их ярих болсон нь хардлага төрүүлж байна. Засал гэвэл хөнгөхөн засал чимэглэл. Засвар гэвэл нэг ханыг нь нураагаад өөр зүйл хийх. Шинэчлэл гэвэл заримыг нь авч үлдээд бусдыг нь өөрчлөх. Өөрчлөлт гэвэл үндсээр нь өөрчлөх юм. Төрийн бодлогод үгийн үнэ цэнийг мэдэхгүй, зөв хэрэглэхгүйгээр оршин тогтоход хэцүү болжээ. БНМУ-ын Дээд хуулийг үдийн нартай тэнгэрээс их газар руу бууж байгаа нарны цацраг шиг тэнгэрийн Монголбичигт хичээнгүйлжээ.  Хичээнгүйлнэ гэдэг бол алдаа мадаггүй, төгс төгөлдрийн илэрхийлэл юм. Бал даргын энэхүү бичигт Монголын 70 жилийн бичиг тогтоол, соёл байгаа. Эзэн Чингис албан ёсоор төрийн бичиг гэж тунхаглахаас өмнө сонгодог бичгийн Монгол хэлийг дэлхийд батламжилсан. Нууц товчоо болон түүнээс өмнөх үеийн агуу их дурсгалуудыг бичиж хадгалж бидэнд өвлүүлсэн Монгол бичигт Монгол хүний тархи, зүрх, түүх, анх цагийн үнэн өнөөдрийн энх цагийн амьдрал, хойшдын мөнх цагийн хувь заяа байгаа юм. Монгол бичгийг сэргээсэн цагт Монгол үндэстэн сэргэн мандах их үйл хэргийн төлөө бүгдээрээ хамтран зүтгэе. Эвтэй байсан цагт бүх зүйл бүтнэ.

Эртний Монголын гүн ухаан судлаач, эдийн засгийн ухааны доктор Тө.Баярхүү: ДЭЭД ХУУЛИЙГ ТӨРИЙН ХЭРГИЙГ ЭРХЭЛЖ БАЙСАН БОСОО МОНГОЛ БИЧИГТ БУУЛГАСАН

-Агуу Модунь хааны захиж үлдээсэн газар бол улсын үндэс буюу аливаа ард түмэн улс орны оршихуйн үндэс нь газар байдаг гэсэн зарчим энэ хуулийн төсөлд маш сайн туссан. Мөн Чингис хааны захиж үлдээсэн Алд бие маань алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай буюу төр амьдрахуй, өвлөгдөхүй нь өөрөө ард түмний ахуй амьдрал байдаг юм гэдгийг маш сайн тусгаж өгсөн учраас өвөг дээдэстээ таниулж хүндэтгэхийн үүднээс бидний хэсэг нөхөд санаачилж Дээд хуулийг төрийн хэргийг эрхэлж байсан босоо Монгол бичигт буулгасан юм. Энэ ажилд олон эрдэмтэн, мэргэд гар бие оролцож сэтгэл зүрхээ шингээсэн.

Гавьяат хуульч Ц.Шаравдорж: ТӨРИЙН СҮЛДИЙГ ШИНЭЧЛЭН, УТГА САНАА, БЭЛГЭДЭЛ ТӨГС ХИЙХ ШААРДЛАГА ТУЛГАРСАН

-Өнөөгийн төрийн сүлдэнд нь иргэд шүүмжлэлтэй ханддаг.  Ур хийцийн хувьд муу, морь эзэнгүй байгаа нь төр эзгүйрч цаг самуурахын бэлгэдэл (эзнээ булгиж хаячихаад, эмээлийнхээ гөлмийг дэрвүүлээд хадуурч одсон морь гэлтэй), зүүн зүг рүү буюу нар буруу давхиж байдаг. Уг нь бидний монголчууд аливаа зүйлд нар зөв явахыг эрхэмлэж бэлэгшээдэг ард түмэн. Энэ мэт олон шалтгааны улмаас Бүгд Найрамдах Монгол Улсын төрийн сүлдийг шинэчлэн, утга санаа, бэлгэдэл төгс хийх шаардлага тулгарсан болохыг харуулж байна гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *